АН-ын чуулган Архангайд болов
2015.09.14

АН-ын чуулган Архангайд болов

Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалт Архангай аймгийн Их тамир сумын “Тайхар чулуу” жуулчны баазад энэ сарын 11,12-нд болов. Чуулганд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Чуулганд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ХАХНХ- ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, АН-ын улс төрийн бодлогыг хариуцсан нарийн бичгийн дарга Г.Батхүү, Сангийн сайд Б.Болор, Эрчим хүчний сайд Д.Зоригт УИХ- ын гишүүн Д.Ганбат, Д.Ганхуяг, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, ҮЗХ-ны гишүүд, аймгийн удирдлагууд, анхан шатны намын дарга нар, гишүүд төлөөлөгчид оролцлоо. “Монгол хүн- 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтууд, үндэсний хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн шинэчлэл, шийдлийн бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд оролцож үг хэлсэн. Тэрээр “...Манай нам сүүлийн гурван жилд гадагшаа ярих битгий хэл дотроо ч ярих завгүй ажилласан. Бид өмнө сонгогчдоо улс орноо ингэж хөгжүүлнэ гэж амлалт авдаг байсан бол одоо бодит бүтээн байгуулалтуудыг харуулж амлалт авах боллоо.

“Монгол хүн-2020” хөтөлбөр цаашаа найм, 12 жилээр үргэлжлэх юм. Тиймээс биднийг энэ эрх барих хугацаанд хийсэн ажлыг ард түмэн үргэлжүүлэх хүсэлтэй байгаа тул биднийг ирэх сонгуульд сонгох нь дамжиггүй” гэв. Чуулганы үеэр УИХ-ын дарга, АН-ын З.Энхболд “Монгол хүн 2020- Өнөөдөр, маргааш...” сэдвээр, АН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Ардчиллын үнэ цэнэ, түүхэн сургамж” сэдвээр илтгэл тавьсан. Мөн аймгуудын АН-ын дарга нар аймагтаа өрнөж буй бүтээн байгуулалт, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн талаар танилцуулав. Түүнчлэн “ Монгол Хүн-2020” мөрийн хөтөлбөрийн хүрээнд салбар хуралдаануудыг зохион байгуулж, ололт амжилт, алдаа дутагдлаа зөвлөмж болгон гаргалаа.