Х.Баттулга: Зуух ашиглаж хэдэн жил явах вэ?
2015.09.15

Х.Баттулга: Зуух ашиглаж хэдэн жил явах вэ?

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил,  2015 оны ажлын төлөвлөгөөг сонслоо.

Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирлын танилцуулгаар бол  2014 онд сайжруулсан зуух төслийн хүрээнд нийт 21735 зуухыг иргэдэд нийлүүлжээ. Мөн “Шарын гол энерго” ХХК, “Баялаг эрдэнэ цом” ХХК-тай гэрээ байгуулснаар тэдгээр нь нийт 329,1 тонн түлш нийлүүлсэн аж. Тээвэр, борлуулалтын ажилд 16.3 сая төгрөг олгосон. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний хангамжийг сайжруулах төслүүдийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын захиалгаар хэрэгжүүлсэн Дэнжийн мянгын 1-р ээлжийн ажлын үлдэгдэл санхүүжилт 128,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Хүрд” ХК, Батлан хамгаалах яамны захиалгаар хэрэгжүүлсэн 2013 оны гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт 91,98 сая төгрөг /гүйцэтгэгч “Жаргал констракшн” ХХК, олгосон байна. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар БГД-ийн 113-р сургуулийн гадна дулаан, Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн дотор халаалтын ажилд 100,5 сая төгрөг /гүйцэтгэгч “Яруу ус” ХХК, “Зууны сод хийц” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хэрэгжүүлсэн СБД, БЗД, ЧД-ийн 11 байрлалд АТП-ийн ачаалал хөнгөлөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажилд 954 сая төгрөг /гүйцэтгэгч 11 ААН/-ийн санхүүжилт тус тус олгожээ. Агаарын чанарын хяналт шинжилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нийт 415,6 сая төгрөгийн багаж авахад санхүүжилт олгосон бол Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох ажлыг 327,5 сая төгрөгөөр, Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тооллогын ажлын санхүүжилтэд 322 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Тус сангийн 2015 оны нийт төсөв 16.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 4.2 тэрбум нь өмнөх оны гэрээт ажлуудын үлдэгдэл санхүүжилт байгаа аж. Цэвэр агаарын сан 2015 оны хоёр, гуравдугаар сард Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтад хамрагдахад зөрчил гараагүй.  Тус сан 2015 оны төсвийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна гэв.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баттулга “Агаарын бохирдол жил тутамд багасч чадаж байгаа юм уу. Баянхонгор аймагт агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй гарч байгаа нь юунаас шалтгаалж байна, бусад улс орнууд утааг яаж бууруулсан талаар туршлага байна уу” гэлээ.

Холбогдох албаны хүний тайлбараар бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх хоёр жилээс буурсан үзүүлэлтэй байгаа аж. Зөвхөн тоосжилт 26 хувьтай байгаа нь үр дүн бага ч болов гарч байна гэж үзэх үндэстэй гэнэ. Харин Баянхонгор, Даланзадгад, Сайншандад агаарын бохирдол өндөр үзүүлэлтэй байгаа нь байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалж байгаа аж. Цаашид урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй юм байна.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн С.Оюун “Агаарын бохирдол зуны цагт гайгүй мэт боловч өвлийн улиралд хүндэрдэг. Хэзээ нэгэн цагт орон сууцжуулна, хийн түлшний хэрэглээтэй болгоно гээд суугаад байж болохгүй. Бага багаар асуудлыг шийдээд явах нь зөв. 2012 оныг өнөөдөртэй харьцуулахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан. Энэ нь ямар ямар үзүүлэлтээр буурсан шалтгааныг ажлын хэсэг тодорхой гарган танилцуулах хэрэгтэй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Эдийн засаг гайгүй үед Цэвэр агаарын санд 30 тэрбум төгрөг хуримтлагддаг байсан. Өнөөдөр энэ тоо буурсан. Шинэ Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг хойш тавьсан. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо 10-15 жилийн төлөвлөгөө гаргаж, гишүүдээс гаргасан саналыг нэгтгэн Ерөнхий сайдад хүргүүлэх ёстой. Агаарын бохирдлыг бууруулах хороо эдгээр санал, шийдэлд тулгуурлан хэлэлцүүлэг явуулж санал бодлоо солилцох хэрэгтэй” гэсэн юм.  

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Агаарын бохирдлыг бууруулахад зуух эхний шат. Дараа нь газын хэрэглээг нэвтрүүлэхэд импортоор авах асуудал гарч ирнэ. Хүн харахад маш их зүйл хийсэн харагдаад байгаа ч энэ нь өөрөө үр дүн муутай ажил. Бусад улс орон утаанаас салахдаа орон сууцжуулах болон газын хэрэглээг ашигласан байдаг. Одоо энэ утаа бууруулах зуухыг ашиглаж цаашид хэдэн жил явах юм. Үүнийг үндсэндээ буруу шийдэл гэж харж байна” гэсэн юм.

Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр дэд хороо хуралдаанаа өндөрлүүллээ.