Ганхуяг.Д 2009.05.13 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөлд улсын хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын батлагдсан нөөцийг 100 хувь төрийн өмч байхаар заажээ. Үндсэн хууль ёсоор бол Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг нь эл хуулийн төсөлд биеллээ олсон байна.

Өөрөөр хэлбэл хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч нь ашигт малтмалыг эрэх, хайх болон уг ордын нөөцийг ашиглах эрх болохоос биш, ордын нөөцийн эзэн биш, төр бол Үндсэн хууль ёсоор энэ эх орны баялагаа эзэмшигч юм гэсэн утгыг тодруулсан байна.
Энэ хууль батлагдсанаар Олон улсын хөрөнгийн бирж дээр компаниуд хайгуулын лицэнзээ барьцаалан мөнгө босгож байгаа нь монгол улсын баялгийг барьцаалдаг энэ байдал үгүй болох юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4. дүгээр заалтын “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд, уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” гэснийг “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын батлагдсан нөөцийг 100 хувь төрийн өмч гэж үзнэ. Ийм ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал, төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд, харин төрийн зүгээс ил, тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уг ордыг ашиглахад шаардагдах хөрөнгийн үүсвэр хомс, эрсдэлтэй, эсхүл хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзвэл, хэдэн ч хувийг уг ордыг ашиглах сонирхолтой хувийн өмчит дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас, ордыг ашиглаж эхэлсэн жилээс холбогдох хуульд заасан бүх төрлийн татварыг төлж эхлэх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлаж хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэж нээлттэй, хязгаарлагдмал тендерийн аргаар шалгаруулж болно” гэж өөрчилсүгэй.

5.4.1 “5.4. дүгээр заалтын тендерийн босго үнийг тухайн ордын ашигт малтмалын батлагдсан нөөц, уг нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ, цэнэ уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлаж хийсэн эдийн засгийн тооцоог үндэслэн тогтооно. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээг хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагаар баталгаажуулна.” гэж нэмсүгэй.

5.4.2. “Энэ ордыг ашиглахтай холбогдуулж төр, засгийн зүгээс энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээг хувийн өмчит хуулийн этгээдтэй байгуулна” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5. дугаар заалтын “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” гэснийг “Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөц нь батлагдсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр уг баялгийн эзнийхээ хувьд 34 хүртэлх хувьтай тэнцэх хувь, эсхүл хувьцааг төр эзэмшиж болно. Энэ хувийн хэмжээг уг ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй тохирохдоо ашигт малтмалын төрөл, батлагдсан нөөц, тэр нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ, цэнэ уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэн хэлэлцээрийг хийж тогтооно. Энэ хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана” гэж өөрчилсүгэй.

5.5.1 “Хэрэв энэ хуулийн 5.5.-д заасан төрийн эзэмших хувийг ашиглалтын лиценз эзэмшигчтэй хэлэлцээрийн аргаар тохироход хүндрэл үүсч, улмаар лиценз ашиглагчийн зүгээс энэ хувьтай холбогдуулан, тавьж буй нөхцөл нь Монгол улсад хэт их хохиролтой байх, эсхүл цаашид хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд төр, засаг баялгийн эзнийхээ хувьд ордын ашиглалтын лиценз эзэмшигчтэй зөвшилцөл хийж, олон улсын жишгийг харгалзан тодорхой хувь, хэмжээний давуу эрхийг лиценз эзэмшигчдэд олгох байдлаар, ордыг ашиглаж эхэлсэн жилээс бүх төрлийн татварыг төлөх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоог үндэслэн нээлттэй, хязгаарлагдмал уралдаант тендерийн аргаар ордыг ашиглагчийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас тодруулах эрхтэй. Олгох давуу эрхийн хувь хэмжээг тухай ордыг илрүүлэхэд хийсэн эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардал, түүнчлэн уг зардлыг хэлэцээрт оролцогч талуудын эрх ашгийн зохистой байдал зэргийг харгалзан нэмэгдүүлэн тогтоож болно. Энэхүү хэлэлцээрийн явц, гарч буй үр дүнгийн талаархи мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана. Хайгуулын эрсдэл, хайгуулд гаргасан нийт зардлын хэмжээг тогтоохдоо энэ хуулийн 33.2, 33.3-д заасныг мөрдөхөөс гадна, хараат бус хөндлөнгийн аудитаар баталгаажуулна” гэж нэмсүгэй.

5.5.2 “Энэ хуулийн 5.5-д заасан хувийг уг ордод төрийн зүгээс уг ордыг хамтран ашиглахад шаардагдах хөрөнгийн үүсвэр хомс, эрсдэлтэй, эсхүл хөрөнгө оруулах шаардлагагүй гэж үзвэл уг хувийг эзэмших сонирхолтой эзэмших хувийн өмчит хуулийн этгээдийг ордыг ашиглаж эхэлсэн жилээс холбогдох хуульд заасан бүх төрлийн татварыг төлж эхлэх нөхцөлтэйгээр, улсын эдийн засгийн аюулгүй байдал, уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэгт тулгуурлан хийсэн эдийн засгийн тооцоонд үндэслэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас нээлттэй, хязгаарлагдмал тендерийн аргаар шалгаруулж болно” гэж өөрчилсүгэй.

5.5.3 Энэ хуулийн 5.5.1, 5.5.2-д заасан тендерийн босго үнийг тухайн ордын ашигт малтмалын батлагдсан нөөц, тэр нөөцийн тухайн үеийн зах зээлийн үнэ, цэнэ уурхайг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт зэрэгт суурилсан засгийн тооцоог үндэслэн тогтооно. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээг хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагаар баталгаажуулсан байна.” гэж өөрчилсүгэй.

5.5.4 “Энэ ордыг ашиглахтай холбогдуулж төр, засгийн зүгээс энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээг хувийн өмчит хуулийн этгээдтэй байгуулна” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зїйл. Энэ хуулийн “5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.” гэснийг 5.6.1 гэж, “ 5.6 Энэ хуулийн 2.2-д заасныг баримтлан стратегийн ордын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч нь ордыг ашиглахтай холбогдуулж энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээг төр, засагтай байгуулахаас өмнө, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс үнэт цаасаар дамжуулан хөрөнгө босгохыг Монгол улсын төр, засаг дэмжихгүй бөгөөд, хэрэв энэ заалтыг үл ойшоон лиценз эзэмшигч нь олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгон, энэ нь цаашид уг үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагаанаас хамааран хувьцаа эзэмшигчидээ хохироовол, тэр хохирлыг Монголын төр, засаг хариуцахгүй. Харин хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан өдрөөс монгол улсад бүртгэлтэй уг хөрөнгө оруулагч олон улсын зах зээл дээрээс үнэт цаасаар дамжуулан хөрөнгө босгох үйл ажиллагааг явуулж болно. Энэ босгосон хөрөнгийн хэмжээ, түүнчлэн орлого, ашиг хувиарлах асуудлыг Монгол улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж өөрчилсүгэй.


4 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “29.1.10 ашигт малтмалыг олборлон экспортлогч нь ашигт малтмалын хагас боловсруулсан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэн, дотооддоо бэлдэц болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдвэрийг төр, засгийн зүгээс гаргасан тохиолдолд, уг үйлдвэрлэгчид зах зээлийн нөхцлөөр олборлож буй хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ тэргүүн ээлжинд нийлүүлэх үүргийг хүлээнэ. Төр, засаг ашигт малтмалаар бэлдэц, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөрөнгө оруулагчийн олон улсын зах зээл дээрхи өрсөлдөх чадварыг зохистой түвшинд байлгах зорилтын үүднээс шаардлагатай холбогдох дэмжлэгийг үзүүлж болно.” гэж нэмсүгэй.

5 дугаар зүйл. Энэ хуулийн “29.3.-ийн........ тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэснийг “29.3. .........тэнцэх бол 30 хүртэл жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэж өөрчилсүгэй.
6 дугаар зүйл. Энэ хуулийг 2009 оны… дугаар сарын …-ны єдрєєс дагаж мєрдєнє.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.