Чөлөөт бөхийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.09.17

Чөлөөт бөхийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид АНУ- ын Лас Вегас хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, уржигдар эх орондоо ирсэн.

Манай улсын тамирчид нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авч, шагналт байруудад шалгарч, олимпийн зургаан эрх авсан юм. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба өчигдөр чөлөөт бөхийн тамирчдын гаргасан амжйлтыг үнэлж, хүндэггэл үзүүлэв. Тэрээр “Монгол Улсын спортын түүхэнд, тэр тусмаа чөлөөт бөхийн түүхэнд маш тод томруун амжилт боллоо. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын гаргасан амжилтаар бахархаж байна. С.Батцэцэг маань дэлхийн хошой аварга болж бахдам сайхан амжилтыг гаргалаа” хэмээн онцолсон.

Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг дэлхийн хошой аварга болохдоо таван удаа барилджээ. Барилдаандаа нийт 8.16 минут зарцуулсан нь хамгийн богино хугацаанд өрсөлдөгчөө ялсан дэлхийн хэмжээний хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “Лас Вегаст болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Риогийн олимпийг өнгөлөх тамирчид тодорч, өндөр амжилт гаргалаа” хэмээн дүгнэж байна.

Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг “Барилдаан бүрийн өмнө маш сайн төлөвлөж гарсан. Бүх барилдаан тооцоолсноор болж, амжилт гаргасандаа баяртай байна. Бэлтгэл сургуулилт сайтай явсан” гэв.

Ирэх онд манай тамирчдыг Казахстан Турк, Монголд болох олимпийн эрх авах гурван тэмцээн хүлээж байгаа юм.