Мэндчилгээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.09.18

Мэндчилгээ

"Ой модны салбарын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан үзэсгэлэнт Монгол эх орны минь ногоон хүрэм хэмээгдэх ой мод, ус, ан амьтан,байгалиа хамгаалах, өсгөн үржүүлэх ариун үйлсэд өөрийн хүчин чармайлт, ухамсарт амьдрал, бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж яваа бүх ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчид болон ойн салбарт ажиллаж байсан үе үеийн алдартан, ахмад буурлууд та бүхэнд ойн байгууллагын түүхт 91 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж мэндчилье.

2015 онд Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар зоримог эрчимтэй ажиллаж богино хугацаанд бүх төрлийн үйлдвэрлэл хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ-аар батлуулснаас гадна Засгийн газрын тогтоол гаргаж дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулсан нь ялангуяа ой, модны салбарын үйлдвэрлэл эрхлэгч нарт томоохон боломжийг нээж, үндэсний үйлдвэрлэл хөгжин дэвжихэд ихээхэн дэмжлэг болж өгсөнд тус салбарын хамт олон талархалтай байна.

Манай холбоо, холбогдох яам газартай хамтран ой модныхоо багахан нөөц баялгаа хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд ОХУ-аас бөөрөнхий мод импортлох асуудлыг бодит ажил хэрэг болгохын тулд чармайн ажиллаж байна. Түүнчлэн Германы ойн аж ахуйн зөвлөл, түүний холбоодтой ажил төрлийн харилцаа холбоо тогтоож, манай салбарын үйлдвэрлэл эрхлэгчид мэргэжлээ дээшлүүлэх, туршлагаас нь суралцах, шинэ техник технологи нэвтрүүлэх өргөн боломж нээгдэх ирээдүй ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай ойн нөөцөөс дөнгөж хоёр дахин л илүү Герман улс ойгоосоо жилд 117 тэрбум еврогийн орлого олдог. Энэ нь манай улс ойгоосоо ямар их орлого олох боломж байгааг харуулж байна. Тиймээс манай холбоо Засгийн газартай хамтран Ой, модны үйлдвэрлэлийн чиглэлээр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, валют хэмнэж, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглэгчдээ хангахыг зорьж, улмаар экспортоос тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгох чиглэлд анхаарч ажиллах болно.     

Цаашид орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг чадавхижуулах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, 2016 оныг тэдэнтэй хамтран ажиллах он болгохоор төлөвлөж байна. Дэлхийн дулаарал үргэлжилж, уур амьсгал эрс өөрчлөгдөн үүнээс хамааралтайгаар ойн хомсдол доройтол улам бүр нэмэгдэж, ойн сангийн талбай жил ирэх тусам хумигдаж, ой бүхий нутгаас эх авдаг гол мөрний усны түвшин багасаж буй нь энэ салбарынхны төдийгүй монгол түмний сэтгэлийг зовоосон хурц асуудал болж байна. Тиймээс эх болсон байгаль дэлхийгээ хамтдаа хамгаалах нь эх оронч хүн бүрийн ариун үүрэг гэсэн сэтгэлээр манай холбоо тэргүүн эгнээнд зүтгэх болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛЫН ОЙЧИД, МОДНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ДАВААСҮРЭН