Үндэстнийг брэндчилэх нь Монголыг гадаадад сурталчлах хөшүүрэг юм
Монголыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хэлэлцүүлэг
2015.09.23

Үндэстнийг брэндчилэх нь Монголыг гадаадад сурталчлах хөшүүрэг юм

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй бодлогын цуврал хэлэлцүүлгийн сүүлийнх энэ сарын 21-ны өдөр Гадаад хэргийн яаманд боллоо.

Хэлэлцүүлгийн “Үндэстнийг брэндчилэх нь: Монгол Улсын бизнес аялал жуулчлалын салбар” гэсэн хоёр хэсэгт оролцогчид илтгэл тавьж, санал бодлоо солилцсон юм. 

 Салбар, салбарын төлөөлөл оролцсон энэхүү хэлэлцүүлгийг нээж Гадаад хэргийн сайд Ч.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Манай яам “Гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөр”, “Гадаад сурталчилгааны хөтөлбөр” гэсэн хоёр том хөтөлбөртэй ажиллаж байна.

Энэ хоёр хөтөлбөрийг энэ ондоо багтаад УИХ-аар хэлэлцүүлж батлуулах ёстой. Урдчилсан хөтөлбөрүүдээ гаргаад өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын байнгын хороонд танилцуулсан. Өнөөдөр үндэстнийг брэндчилэх, гадаад сурталчилгаа, гадаад эдийн засгийг нэмэгдүүлэх талаар хоорондоо холбоотой сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.

Монгол Улсын гадаад бодлогыг эдийн засагжуулах гэж олон жил ярьж байгаа. Гэхдээ энэ ажлыг хуульзүйн үндэстэй байлгаж, хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшил, судлаачид, олон нийт, төрийн байгууллага ямар үүрэгтэй оролцох талаар маш сайн бодлого боловсруулах ёстой. Гадаад бодлого онцлогтой. Улс төрийн гадаад бодлого, эдийн засгийн гадаад бодлого, соёлын гадаад бодлого гэсэн гурван тулгуур бодлогыг цогцоор нь явуулах үүднээс би сайдын ажил авсныхаа дараа хоёр газрыг шинээр байгуулсан.

Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Гадаад сурталчилгааны газар юм. Соёл, спорт, урлагаа ашиглаад тухайн улс үндэстэн өөрийгөө дэлхийд сурталчлах ёстой. Тиймээс Монгол Улсын нүүр царай болсон үндэстний брэнд байх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм” хэмээн онцоллоо.

Дараа нь Үндэстнийг брэндчилэх сэдвээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Б.Нандин-Эрдэнэ илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ брэнд гэх үгийн тайлбар, олон улсын хэллэг, хэрэглээг тайлбарлахын зэрэгцээ манайд ямар байдлаар хэрэглэх нь зохистой, яаж олон улсад өөрийн брэндээ хүлээн зөвшөөрүүлэх талаар сонирхолтой мэдээллүүд өгч байв.

“Бусад улс орон тодорхой үндэстний талаарх хандлага, ойлголтын цогцыг тухайн улс үндэстний брэнд гэнэ. Үндэстний брэнд бүтээхдээ Хэрэгжүүлэгч агентлаг байгуулах- Судалгааны үе шат-Брэндийн бүрдэл хэсгийг тодорхойлох-Төлөвлөгөө боловсруулах-Хэрэгжүүлэлт болон хяналт гэсэн үе шаттай ажиллах хэрэгтэй.

Харин үүнийг Төрийн байгууллага/Аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжил, ГХОГ/, Хувийн хэвшил/МХАҮТ, Худалдааны брэндүүд/, Иргэд/олон нийтийн байгууллага/ гэсэн бүрэлдэхүүнтэй баг бүтээх ёстой.

Гэхдээ Үндэстнийг брэндчилэх  хөтөлбөр хэрэгжүүлсэн эсэхээс үл хамааран улс орон бүрт брэнд бүтээгдсээр байдаг. Брэнд бүтээх нь сурталчилгааны кампанит ажил биш, харин урт хугацаанд бүтээгдэж ганцхан алдаагаар сүйрдэг ажил. Үндэстний брэндийг бүтээх нь бизнесийн брэндийг бүтээхээс хэцүү үйл явцтай. Тиймээс бид юу гэж бодох нь чухал биш. Тэд биднийг юу гэж ойлгох нь чухал учир үүнийг маш сайн анхаарч ажиллах ёстой” гэсэн юм.

Үндэстний брэндийг бүтээх нь бизнесийн брэндийг бүтээхээс хэцүү үйл явцтай.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Г.Нарантунгалаг судалгааны багийнхаа хамтаар брэндтэй холбоотой чухал судалгаа хийсэн бөгөөд монголчуудын үнэт зүйл юу болох, түүнийгээ гадаад ертөнцөд хэрхэн сурталчлах, яаж үндэстний брэнд болгох талаар сонирхолтой илтгэл тавьсан юм.

Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан П.Цэцгээ хүний хөгжил, чадамж, боломжийг дээшлүүлэхэд хүн рүү чиглэсэн бодлого байх ёстойг онцоллоо. “Хүн урт удаан, эрүүл саруул, мэдлэг боловсролтой, бүтээлч амьдрах сонголтыг өргөжүүлэх үйл явцыг хүний хөгжил гэнэ. Хүний хөгжил бол нэг талдаа чадавх, нөгөө талдаа боломж гэсэн хоёр салшгүй хэсгээс бүрддэг.

Тиймээс хүний урт удаан, эрүүл саруул, бүтээлч амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд 30 жил болж байна. 2014 оны дэлхийн хүний хөгжлийн индексээр 187 орноос Монгол Улс 103-т жагсаж байна. Бүс нутгийн болон үндэсний хүний хөгжлийн индекс гаргадаг.

140-өөд орон 750 гаруй хүний хөгжлийн илтгэл гаргасан байдаг. Энэ хөгжлийн илтгэлүүд дээрээ улс орнуудын тулгамдаж буй асуудал, боломж, зорилтоо гаргаж тавихаар тухайн улсын брэнд мэдлэгийг түгээх илтгэл гэж хүлээж авдаг. Монгол Улс анх 1997 онд хүний хөгжлийн илтгэлээ гаргасан байдаг” гэв.

Түүний дараа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль улс төрийн бодлогын талаар санал бодлоо хуваалцсан бол МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монголын бизнесийн зөвлөлийг төлөөлж А.Баярмаа нар үндэстнийг брэндчилэхэд юу анхаарах, ямар боломж байгаа талаар илтгэл тавьсан юм.

БОНХАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад энэхүү хэлэлцүүлэгт хэрэгтэй олон санааг хуваалцсан бөгөөд түүний хөтөлбөрийн бодлогоо хэрхэн гаргах, санхүүжилт яаж хийх, хөтөлбөрөө УИХ-аар хэрхэн хэлэлцүүлэх талаарх асуулт, санаа бодлууд оролцогчдын сонирхлыг татаж байлаа. Тэрээр гадны улс орнуудын туршлагаас хуваалцаж, үндэстний брэндийг хөгжүүлэхэд зөвхөн би, бид гэж өөрсдийгөө дөвийлгөх биш бусад улс орнуудаас санаа авах, хамтын маркетинг хийх, хоёр хөрштэйгөө хамтрах нь манайд ашигтай талаар сонирхолтой санаануудыг хэлж байв.

“НҮБ-ын гаргасан судалгаагаар аялал жуулчлалаар Монгол Улс 140 орноос 99-т, 25 бүс нутгаас 19-д явж байна. Өнөөдөр дэлхий дээр 1,4 тэрбум жуулчин байна. Энэ тоо 2020 он гэхэд 1,6 тэрбум болно. Үүний тал хувь нь БНХАУ-ыг зорино гэсэн судалгаа байна. Тэгэхээр эдгээр жуулчдыг Торгоны зам, Цайны зам зэргээр дамжуулан эх орондоо авчрах бодлого хэрэгтэй байгаа юм. Үүний тулд Монголын брэндийг бий болгох шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын ажилтан н.Баасандорж, доктор М.Даваасүрэн, Д.Мөнхтуяа нар Монгол Улсын бизнес аялал жуулчлалын салбарын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцлаа.    

Мөн “Хаус дизайн” компанийн захирал Д.Эрдэнэбилэг “Монгол Улсын газар нутгийн 90 хувь нь цөлжилтийн байдалд орсон. Уур амьсгалын дулаарал 1,8 градусаар нэмэгдсэн манай орон говь нутгаа эдийн засгийн талбар болгох хэрэгтэй. Франц улс манай говь шиг хэрнээ галт уулын нурангитай мужийнхаа хөрсийг сайжруулж усан үзэм тариалж, шампанск үйлдвэрлэж дэлхийн брэнд болгосон.

Тиймээс манайд хөгжих олон санаа, төсөл хөтөлбөр байгаа ч эдийн засгийн хөшүүрэг, хөрөнгө оруулалт шийдэгддэггүй. Манай яамд хоорондоо холбогдоогүй, төрийн ажлын уялдаа холбоо байдаггүйгээс төсөл хөтөлбөр нь ажил болдоггүй, цаасан дээр үлддэг. Би “Ногоон морь” эдийн засгийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манайд үндэсний брэнд үүсгэх олон гарц бий. “Чингис хаан” нэрийг зөвхөн архин дээр бус дэлхийн том брэндүүдтэй хамтран гаргах, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж гадагшаа үнэтэй экспортлох боломж байна” гэсэн юм.

Мөн “Гүүгл стрийт вьюв-Монгол” компанийг төлөөлж С.Нацагдорж монголчууд гүүглтэй хамтран мэдээллээ дэлхийд түгээх гарц байгаа талаар сонирхуулсан.

Харин Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Д.Цогтбаатар “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эерэг талуудыг ашиглан дэлхийд брэнд болгох боломж бий. Тухайл­бал, зарим халдварт өвчнүүдийн гаралтыг бүрэн зогсоосон. Монголд ирэхдээ заавал вакцин  хийлгэх шаардлагагүй гэх мэт. Мөн эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлууд их байгаа сөрөг асуудалтай ч үүнээс улбаалан эмч мэргэжилтнүүд чад­вар­жиж  бусад улс орнуудад урилгаар ажиллаж, эмнэлэг байгуулж байна.   

Дундаж наслалт гэдэг тоон үзүүлэлт боловч ДЭМБ-ын тодорхойлолтоор эрүүл хүн гэж бие эрхтэн эрүүл саруул байхаас гадна сэтгэлзүйн хувьд эрүүл байж аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хэлж байгаа. Мөн Монголд генийн өөрчлөлтгүй экологийн эрүүл хүнс маш том сайн тал. Хамгийн чухал нь жилд гадагшаа урсаж байгаа 600 сая ам.долларыг тогтоох, эрүүл мэндийн аялал жуулчлалыг өөр түвшинд гаргах боломж байгаа” гэж ярьсан юм.

Эцэст нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Д.Батжаргал энэ хө­төл­бөрийг хэрэг­жүүлэхийн тулд Гадаад харилцааны яам доороо байгууллага байгуулах, тэр нь төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан олон байгууллагыг нэгтгэж зохион байгуулалтад оруулах шаардлагатайг онцолсон. Хэрэв энэ олон салбарын байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэж чадвал эдийн засаг, хө­рөнгө оруулалтыг бүр­дүүлж чадна гэсэн юм.

Энэхүү зөвлөгөөнийг Гадаад хэргийн яамны гадаад сурталчилгаа, мэ­дээллийн газрын дарга Х.Мандахцэцэг удир­даж явуулсан юм. Тэрээр “2040 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх 400 гаруй хөтөлбөр байна. Гэвч үүнээс ажил хэрэг болсон нь цөөн. Тиймээс бид “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг цаасан дээр үлдээхгүйн тулд салбар бүрийн төлөөллийн үгийг сонсч, санал бодлоо солилж байна. Өөрсдийн хийсэн ажил, судалгааны үр дүнгээ бидэнтэй хуваалцаж буй та бүхэндээ баярлалаа. Цаашид энэ хөтөлбөрийг ажил хэрэг болтол нь хамтран ажиллаж, хэзээд санал бодлоо хуваалцаж байгаарай” гэж хүссэнээр энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөсөн юм.