Батмөнх.Д 2015.09.23 | Сайт: Vip76.mn

Удахгүй Эрээн, Улаанбаатарын үнийг адилхан болгоно

Удахгүй Эрээн, Улаанбаатарын үнийг адилхан болгоно
"Монгол ташуур" компаний захирал Д.Батмөнх

“Мэдлэг шингэсэн жижиг, дунд үйлдвэр” хэлэлцүүлгийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулж буй нэгэн компаний захиралтай ярилцлаа. Батмөнх Монголын олон мянган залуусын нэгэн адил орон нутгаас Улаанбаатар хотод ирж ажил амьдралын гараагаа эхлээд өнөөдөр 30 гаруй компанийг барилгын засал чимэглэлийн материалаар хангадаг компанийг толгойлж байна.

- “Монгол ташуур” гэдэг компаний үүсэл, хөгжлийн талаар яриагаа эхлэх үү?

Манай компани 2008 оноос барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид эхэндээ хашааны болон дүүргэлтийн блок зэрэг нарийн технологи шаарддаггүй барилгын энгийн деталиудыг хийдэг байсан. Гэвч барилгын салбар сүүлийн жилүүдэд эрс шинэчлэгдэж зуны богино хугацаанд чанартай хурдан барьж дуусгах технологи шаардагдаж эхэлсэн. Ийм ч учраас энэ чиглэлд орон зай байгааг анзаарч барилгын дотор гадна фасадны хар замаск, хөөс наах цавуу, плитаны цавуу зэрэг илүү нарийн технологи шаардсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн.

Одоо манай үйлдвэр нийтдээ 12 төрлийн засал чимэглэлийн материал үйлдвэрлэж байна.

Үүнээс өмнө би 2006-2007 онд Япон улсад ажиллаж,  амьдарч байсан юм. Тэр үед барилгын материал үйлдвэрлэх санаа төрсөн. Энэ санаагаа өдөр бүр баяжуулсаар, хөгжүүлсээр өнөөдрийн энэ үйлдвэрийн суурийг анх тавьсан. Барилга гэдэг бол хоол, хувцасны нэгэн адил хүний анхдагч хэрэгцээ учраас хэрэв би барилгын материалыг чанартай хийж чадах юм бол том зах зээл байгаа гэдгийг ойлгосон.

дотоодын үйлдвэрлэгч, дотоодын тоглогч гарч ирснээр зах зээл дээр үнэ болон чанарын өрсөлдөөн нэмэгдэж үр дүнд нь 1 уут плитаны цавуу 15000 төгрөгөөс 8000-9000 төгрөгт хүрсэн

Намайг энэ үйлдвэрийг эхлүүлж байхад засал чимэглэлийн материалуудыг бүгдийг нь импортоор авдаг байсан. Импортын бүтээгдэхүүн ноёлж байсан зах зээл дээр  дотоодын үйлдвэрлэгч, дотоодын тоглогч гарч ирснээр зах зээл дээр үнэ болон чанарын өрсөлдөөн нэмэгдэж үр дүнд нь  1 уут плитаны цавуу 15000 төгрөгөөс 8000-9000 төгрөгт хүрсэн нь хэрэглэгчдэд томоохон хөнгөлөлт болж байна. Мөн дотоодын бүтээгдэхүүний чанар импортынхоос давж чадлаа. Чухам энэ нь л бидний хийсэн гол зүйл гэж үздэг.

- Таны хувьд бизнес хийхэд ямар зарчмыг гол болгодог вэ?

Нэгдүгээрт бизнес шударга байх зарчим. Үүний тулд үйлдвэрлэгч чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  хэрэглэгч тохирсон үнээр худалдан авах боломжтой байх ёстой  гэж үздэг.

Хоёрдугаарт барилгад хүний эрүүл ахуйг бодолцох хэрэгтэй.

Гуравдугаарт сав, баглаа, боодол, жин дээр их анхаарал тавьдаг. Эцсийн эцэст Батмөнх гэдэг хүнтэй асуудлыг ярих учраас хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хичээдэг.

Өнгөрсөн хугацаанд бид үйлдвэрээ барьж, өргөтгөхөд багагүй хөрөнгө, хүчээ зарцуулсан. Харин одоо импортын бүтээгдэхүүнийг шахаж зах зээлийг дотоодоосоо бүрэн хангадаг болгох зорилт тавиад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Эрээнээс авах ,Улаанбаатараас авах ялгаагүй болно гэсэн үг. Удахгүй бид үйлдвэрийн зарим шинэчлэл хийхээр энэ бололцоо бүрдэнэ.

- Танай хэрэглэгчид хэн бэ?

30 гаруй барилгын компанид бүтээгдэхүүнээ нийлүүлээд байна. Тухайлбал Орчлон констракшн ХХК-ий Орчлон хороолол, Хан хур холдинг ХХК-ийн Залуус хороолол,  Камдер ХХК-ийн Энканто таун хотхон, Зүүн хүрээ шилтгээн зэрэг барилгуудад дотор болон гадна заслын бүхий л төрлийн материал нийлүүлж байна. Мөн Номин стандарт барилгын материалын сүлжээгээр жижиглэнгээр худалдаалж байна. Барилгын материалын захуудад борлуулалтын цэгүүд ажилладаг. Удахгүй Дархан хотод борлуулалтын  салбараа нээх гээд бэлтгэл ажлаа хангаад байж байна.

Гадаад нэр өгсөн нь миний алс хэтийн бодолтой холбоотой. Хэрэв гадаад нэртэй бол гадны зах зээлд амархан нутагшина шүү дээ.

- Танай компаний нэр “Монгол ташуур” гэсэн мөртөө бүтээгдэхүүнүүддээ яагаад гадаад нэр өгсөн юм бэ?

Гадаад нэр өгсөн нь миний алс хэтийн бодолтой холбоотой. Орчуулвал бүгд монгол үг байгаа. Жишээ нь QUELLE брэндийн барилгын дотор болон гадна фасадны хар замаскны нэр нь миний төрсөн нутаг Булганы Гурванбулаг сумын нэрний герман орчуулга байх жишээтэй. Mongol grand цавуу гэвэл Монголын эзэнт гүрэн гэсэн утгатай. Million house гэдэг нь би ирээдүйд сая доллартай болоод зогсохгүй сая байшинд манай бүтээгдэхүүн орно гэсэн үг. Миний мөрөөдлийн илэрхийлэл.

Би компаниа байгуулахдаа үргэлж дотоодын зах зээлд ажиллана гэж бодоогүй. Эхний ээлжинд импортыг орлож чадахаар чанартай бүтээгдэхүүн гаргах зорилт тавьсан. Харин дараагийн шатанд экспортод гаргах зорилготой байгаа. Хэрэв гадаад нэртэй бол гадны зах зээлд амархан нутагшина шүү дээ.

Бөөрөнхий хэлбэртэй, амттай хуушуур идчихээд адилхан бөөрөнхий хуушуур хийснээр тэр хуушуур амттай болно гэж байхгүй шүү дээ. 

- Хүний нөөцийн бодлогодоо ямар зарчмыг гол болгодог вэ?

Бид зөв хүнийг зөв ажлын байранл ажиллуулах гэдэг зарчмыг гол болгодог. Мөн ажилтнууд маань хөрвөх чадвар сайтай байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэр ч утгаараа одоо манай залуус бүгд 2-3 төрлийн дамжлага дээр чөлөөтэй ажилладаг, бие биенээ байхгүйд орлох бүрэн чадамжтай байдаг.  Мэргэшсэн чадварлаг ажилтан бидний амжилтын үндэс гэдэг утгаараа ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлагатай. Үүний тулд Манай компаний хувьд юун түрүүнд өрсөлдөхүйц цалингаас гадна нийгмийн асуудлыг шийдэх талаар анхаарч компаний дотоод зээлийн системийг ажиллуулж ажилчиддаа хүүгүй зээлээр автомашин, гэр, хашаа  зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээ хангахад нь туслалцаа үзүүлдэг. Ийм маягаар үнэтэй, үндсэн ажилчдаа авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Одоогоор манайд 28 хүн ажиллаж байгаагаас 20 нь компани байгуулагдсанаас хойш тасралтгүй ажиллаж байна. Ажлын баг заавал том байх албагүй, цомхон чадварлаг байх хэрэгтэй.

Ямар ч бизнесийг нарийн судалгаа тооцоон дээр үндэслэж хийх нь эрсдэл багатай.

- Таныхаар үйлдвэрлэлд шинэ санаа, шинэ технологи нэвтрүүлнэ гэдэг юу вэ?

Барилга угаасаа тэр чигтээ нарийн технологи. Манайхан голдуу аливааг гүнд нь орж судлалгүй гаднаас нь хараад дуурайж хийхийг оролддог. Бөөрөнхий хэлбэртэй, амттай хуушуур идчихээд адилхан бөөрөнхий хуушуур хийснээр тэр хуушуур амттай болно гэж байхгүй шүү дээ. Бусдыг дуурайж эхлүүлсэн бизнес голдуу богино настай байдгаас гадна хэрэглэгчдэд хортой. Шохойтой замаскатай байшинд хүмүүс амьсгалын замын өвчин тусч болно шүү дээ. Өнгөрсөн жил манайхтай адилхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 30 орчим компани байсан бол одоо зургаа, долоохон компани үлдсэн. Яагаад гэвэл судалгаа тооцоогүй, зах зээлийн талаар нарийн мэдээлэлгүй хэрнээ хүмүүсийн амаар ашигтай гэсэн гээд баахан хөрөнгөө оруулаад алдаж байна. Ямар ч бизнесийг нарийн судалгаа тооцоон дээр үндэслэж хийх нь эрсдэл багатай.

Бидний хувьд гуравдагч орны технологийг аваад ашигласан болохоор шинэ технологи нэвтрүүлсэн гэж хэлэхгүй. Миний бодлоор шинэ технологи нэвтрүүлнэ гэдэг бол шууд хийчихдэг юм биш, шат дараалалтай, нарийн судалгааны үндсэн дээр хийгддэг үйл явц. Технологи нь анхан, дунд, үсрэнгүй гэсэн гурван үе шаттай. Тэгэхээр анхны технологийг эзэмшээгүй байж шууд үсрэнгүй технологид шилжинэ гэж байхгүй. Хэрэв өнөөдөр чи хоёр дахь шатны технологийг эзэмшчихвэл маргааш дэлхийтэй эн зэрэгцэж үсрэнгүй технологиор ажиллах боломжтой болно.

Цаашид улам хөгжүүлж үндэсний хэмжээний томоохон компани болгох мөрөөдөлтэй явдаг даа.

- Эдийн засаг хүндрэлтэй болсон энэ үед ямар бодлого барьж байна вэ?

Барилгын материал гэдэг өдөр тутам хэрэглэдэг хүнс биш, зорилтот хэрэглэгчтэй байдаг учраас давалгаанд өртөх нь хялбар. Тиймээс өрсөлдөөнд тэсч үлдэхэд хамгийн их нөлөөлдөг нь үнэ, баталгаат чанар. Боломжийн үнэтэй, чанартай бүтээгдэхүүнтэй байхад маркетингийн бодлогоороо явчихна. Бид саяхан тээвэрлэлтийн үйлчилгээнийхээ түвшинг сайжруулсан.

Танай компани цаашид юу төлөвлөж байна вэ?       

  • Энэ чиглэлдээ зах зээлийнхээ 50-аас доошгүй хувийг хангадаг болох. Үүний тулд техникийн шинэчлэлт, үйлдвэрлэлийн өргөтгөл зэрэг нэлээд ажлууд төлөвлөж байгаа.
  • Шинээр эмульсний үйлдвэр барих гээд судалгааны болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Хэрэв энэ үйлдвэрийг барьчихвал дотоодын олон хэрэглэгчийг хангаж импортын эмульс багасна гэж бодож байгаа. Бид энэ зах зээл дээр том тоглогч болно. Одоогоор зөвхөн хагас боловсруулсан эмульс үйлдвэрлэдэг компани л бий.

- Таны хувьд энэ зах зээлийн талаар ямар таамаг дэвшүүлж чадах вэ?

Монгол улсад хүн амаа орон сууцжуулах хэрэгцээ урьдын адил чухал хэвээр байгаа. Ийм нөхцөлд энэ зах зээл хичнээн савалгаанд орсон ч барилгын материалын худалдан авагчид хэзээд байсаар байна. Яахав эдийн засгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ үүнийг бид нөгөө талаас нь боломж гэж харж байгаа. Хямралаас үүдэж бид зардлаа бодитой төлөвлөж сурч байна. Өртөг зардал, хэмнэлтийн бодлого нэлээд барьж байж бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хэмжээгээр буурууллаа.

- Та өөрийнхөө талаар товчхон яриач

Би хүнсний механик инженер мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ удаан ажиллаагүй. Оюутан ахуйдаа фото зураг авах, зайрмагны цех ажиллуулах гээд юм юм л хийж явсан. Сургуулиа төгсөөд хоёр жил гаруй такси барьсан. Дараа нь Японд Тоёотагийн суудлын машины үйлдвэрт ажиллаж байлаа. Энэ ажлын туршлагууд маань одоо үйлдвэрлэл эрхлэхэд ихээхэн дөхөм болж өгдөг.

Харин өнөөдөр Монгол ташуур гэдэг энэ том айлыг тэргүүлээд, олон хүний аж амьдралд туслаад явж байна. Цаашид улам хөгжүүлж үндэсний хэмжээний томоохон компани болгох мөрөөдөлтэй явдаг даа.