Ганхуяг.Д Даваасүрэн.Ц Баярсайхан.Г Бат-Эрдэнэ.Б Энхболд.З 2009.05.30

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Даваасүрэн, З.Энхболд нар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

Одоогоор мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь 1997 онд батлагдсан өмнөх хуулиас олон талаар давуу болсон хэдий ч уг хуулийн ашигт малтмалын өмчлөлтэй холбогдсон зарим заалт нь утга, агуулгын хувьд Үндсэн хууль болон бусад хуультай нийцэмж муутай байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Тиймээс улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгдэж нөөц нь тогтоогдсон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөцийн өмчлөл, орд газрыг хамтран ашиглахад төрийн оролцооны хувь хэмжээ, ордыг ашиглах хуулийн этгээдийг сонгох шалгуур үзүүлэлт зэрэг харилцааг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэт цаас гаргах харилцааг зааглах, үнэт цаас гаргах компанийн үйл ажиллагаанаас хамаарах хариуцлагын асуудлыг тодорхой болгох, хөрөнгө, ашиг орлого хуваарилах асуудлуудыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий орд газрыг ашиглах хуулийн этгээдтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг 30 жил гэж хатуу тогтоох шаардлагагүй, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэг, уг бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахад төр, засгаас үзүүлэх дэмжлэгийн тухай асуудлыг хуульчилж өгөх нь зүйтэй гэж төсөл санааачлагчид үзэж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.