Г.Шийлэгдамба Лаос улсад албан айлчлал хийж байна
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.09.29

Г.Шийлэгдамба Лаос улсад албан айлчлал хийж байна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол- Лаосын Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдаанд энэ өдрүүдэд оролцож байна.

Г.Шийлэгдамба сайд айлчлалынхаа үеэр Лаосын Ерөнхий сайдын орлогч, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Др.Пангхам Вифавантай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол, Лаосын хамтын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтууд тогтмолжиж, боловсрол, спорт, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа идэвхжин хөгжиж байгааг онцлон хэлээд, цаашид хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхол их байна.

Монгол, Лаосын ЗГХК-ын 10 дугаар хуралдааныг зохион байгуулснаар Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц өгч, бодитой үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Энэхүү уулзалтаар хоёр тал сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, цаашид хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн нөөц бололцоог бүрэн ашиглах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт зэрэг хүмүүнлэгийн салбарын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Др. Пангхам Вифаван Монгол- Лаосын ЗГХК-ын 10 дугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдаж, талуудын харилцан тохиролцох үйл ажиллагаанууд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.