Сэтгүүлч, бас туршлагатай улстөрч
2012.05.02

Сэтгүүлч, бас туршлагатай улстөрч

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа сэтгүүлч мэргэжилтэн, туршлагатай нэгэн улстөрчийг урилаа.

Шинэ өглөөг тантай хамт угтаж байгаа эрхэм зочин маань УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин юм. Түүнийг аливаа асуудалд нухацтай, няхуур ханддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай, мэдрэмжтэй нэгэн гэдэг. Энэ чанарыг сэтгүүлч мэргэжилтэй нь холбох нь ч бий. Өөрөө сэтгүүлч мэргэжилтэй болоод ч тэр үү эрхэм гишүүн маань хэвлэл мэдээллийнхнийг илүү ойлгож, тэдэнтэй ойр ажиллахыг хичээдэг гэх юм билээ. Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргоос гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүнийг сонгогчид нь «Намдаа төдийгүй тойрогтоо нүүртэй түшээ» хэмээн хүндэтгэдэг. Учир нь тэрбээр Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээсэн нэгэн. Эрхэм гишүүн маань УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг. УИХ дахь Монгол-Грекийн парламентын бүлгийн дарга, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн.

 

Тэрбээр МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, «Ардын эрх» сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монгол Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, «Үнэн «сонины ерөнхий эрхлэгч, МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүний албыг хашиж байжээ. Тиймээс түүнийг Улсын Бага хурал, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд шуурхай, үнэн бодитой хүргэхэд гүүр болон ажиллаж байсан анхны цөөхөн сурвалжлагчдын нэг хэмээдэг. Тойрогтоо хийсэн ажлаас гадна тэрбээр нэлээд хэдэн хуулийн төсөл санаачилж, УИХ-аар батлуулсан бөгөөд олон ажлын хэсэгт орж ажилласан нь түүнд «ангийн нөхөд» нь ихээхэн итгэл хүлээлгэдгийн илрэл биз ээ. Ө.Энхтүвшин гишүүний хийж бүтээснийг төр, засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.