УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2015.10.02

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сүүлийн өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүргийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж НД-ийн 6-р хороо, БЗД-ийн 4, 7, 9, 21-р хорооны иргэдтэй уулзалт хийж иргэд, сонгогчдод төр, засгийн үйл ажиллагаа, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон өнгөрсөн хугацаанд дүүрэгт хийгдсэн, хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар товч мэдээлэлийг хийлээ.

Үүний дараагаар тэрээр иргэдийн асуултанд хариулж, тэдний саналыг сонсон юм. Иргэд газар өмчлөлийн асуудал, эрчим хүчний хангамжийн байдал, шугамын автобусны үйлчилгээний хүртээмж, зарим СӨХ-ийн үйл ажиллагааны талаар санал хэлж, шүүмжлэлтэй хандаж байна. Мөн өргөн хэрэглээний зарим барааны үнэ өсч байгаагаас цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгаа тул цалин тэтгэврийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа талаар ч санал хэлж байв. Түүнчлэн нийслэлийн оршин суугчдад хамгийн ойрхон ажилладаг хүмүүс нь хэсгийн ахлагч нар гэдгийг хэлж байлаа.

Олон иргэд "хэсгийн ахлагч нар нь нийслэлийн оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэх, иргэдийн ажил амьдралд хэрэгтэй хууль, тогтоомжийг тэдэнд танилцуулах, төр засгаас  хэрэгжүүлж байгаа арга, хэмжээний талаар шаадлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэх зэрэг чухал албыг хашдагч хамгийн доод түвшний цалин авдаг, төрийн албан хаагч биш  гэрээт ажилтан учраас ямар нэгэн хангамж байхгүй байгаа зэрэг нь тэдний ажилдаа мэрэгших, бүтээмж, хариуцлага өндөртэй ажиллахад сөргөөр нөлөөлж" байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллаж байна

Иймд төр, засгийн зүгээс хорооны хэсгийн ахлагчийг төрийн албан хаагч (нийгмийн ажилтан) болгох хууль эрх зүйн орчинг яаралтай бүрэлдүүлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг та бүхэнтэй санал нэг байна. Шалтгаан нь хөдөөний нэг сумын хүн амын дунджаас нийслэлийн хороодын хүн амын дундаж нь 2-3 дахин их болсон.

Ер нь өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөөнөөс сонгогддог байснаас хөрөнгө оруулалтын ихэнх нь хөдөө тийш урсаж, сумын хөгжил  хорооныхоос хол илүү гарсан нь бодит байдал. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар иргэд оршин сууж байгаа газраасаа төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрхтэй юм. Олон жил ярьж байгаа боловч уг асуудлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улмаар Засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар шийдэх боломжтой.

Тодруулбал эдгээр хуульд "хэсэг" гэсэн  засаг захиргааны шинэ нэгжийг  нэмэх, түүнчлэн сумын статустай хорооны статусыг ижил болгох зохицуулалтыг  оруулснаар хэсгийн ахлагчийг  нийгмийн ажилтан болгох асуудал шийдэгдэх боломжтой гэсэн тайлбарыг өглөө. Мөн тэрээр Үндсэн хуульд эдгээр асуудал болон Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх зэрэг хэнд ч ойлгомжтой хэдхэн өөрчлөлт оруулахыг УИХ дахь АН бүлэг дэмжиж байгааг дуулгав.

Дүүргийн иргэд “Ганцхан Монгол улсад биш, эдийн засагт нь уул уурхайн нөлөө ихтэй ихэнх орнуудын эдийн засгийн байдал тааруу байгааг ойлгож байна. Бэлэн мөнгө тарааснаас болоод 1.2 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай Засгийг  өмнөх эрх баригчдаасаа АН-ыг хүлээж авсныг ч мэдэж байна. УИХ-ын гишүүд эдийн засгийн асуудлаар бие биеэ муулснаар, эсхүл магтсанаар эдийн засаг сайжирдаг гэж сонсоогүй юм. Энэ олон түмэн чинь мэдээлэлтэй бас ухаантай.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажиллаж байна

2016 оны УИХ-ын сонгуулиар АН дахин олонхиор сонгогдьё гэж бодож байвал өшөө илүү хурдацтай сайн ажил хий, хоорондоо эвтэй бай, хийсэн ажлаа ард түмэндээ сайтар ойлгуулах хэрэгтэй. Нэгэнт гарт баригдаж, нүдэнд үзэгдэх хийсэн ажил байсаар байхад, харлуулах гэсэн өрсөлдөгч намуудын хуучин нийгмийн үзэл суртлын башир суртачилгаанд нийгмийг автуулж болохгүй. Иргэд, сонгогчдын сэтгэлзүй өөрчлөгдсөн. Үндсэн хуульдаа цомхон өөрчлөлт оруулах нь зүйтэй. Иргэд сонгуулиар төрийн индэр дээрээс улсаа муулсан, төрийн ажилд садаа болсныг нь биш ажил хийснийг нь дэмжих нь ойлгомжтой.

Зарим хэвлэл, мэдээллээр улстөрждөггүй намын харьяалалгүй тулхтай хүмүүс АН өнгөрсөн 3 жилийн хугацаанд "нийслэлийн нүүр царайг өөрчилсөн, эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн, хэдэн зуун ААН-д хөнгөлөлттэй зээл олгосон, хотын замын  ихэнхийг шинэчилсэн, нийслэлийн 20 гаруй гэр хороололыг дэд бүтэцтэй болгосон, олон  мянган айл өрхөд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгосон, бүх аймгуудыг хар замаар холбож дуусгана" гэсэн сайхан гэгээлэг зүйлийг ярьж байхыг сонссон. Ийм байдлаар нийслэлийн иргэдээс АН-ынханд үлдсэн хугацаанд ажлаа өшөө илүү сайн хий, хийсэн ажлаа иргэдтэй биечлэн уулзаж ойлгуулах” ёстой хэмээн гишүүндээ захилаа.