МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2015.10.02

МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Завсарлага авах болсон үндэслэл шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дууссан учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр бичээд явуулъя гэсэн.

Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Тийм учраас Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж, бидний гишүүд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гээд тодорхой хуулийн заалтуудаар санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй учраас цөөнх болсон. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Гишүүдийн ойлголт нэг болоогүй байхад санал хурааснаас будилаан ч бас гарсан.

Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “УИХ-ын эрхэм гишүүд ээ, төрийн түшээд ээ. Хүний эрхийн асуудал байна. Хэдхэн хоногийн өмнө матрын нулимс унагаад л өчнөөн хүн хүлээж байна гээд байсан. Одоо болохоор ямар нэг шалтаг олоод хойшлуулах гэх. Хууль зүйн байнгын хороо 20.00 цаг хүртэл хуралдаж, асуудлаа ярьсан. Өвөл хүйтэн болж байна, хүмүүсээ чөлөөлье. С.Бямбацогтоо чи шахалт дарамтад ороод байгаа юм уу. Хэдүүлээ ажлаа хийе л дээ" гэв.

/EAGLE ТВ/

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Байнгын хорооны хурал өчигдөр болоход хэдэн гишүүн цөөнх болсон. Гол асуудал юу байна вэ гэхээр цөөнх болсон гишүүдийн саналыг хураалгахгүй гээд хаагаад байгаа байхгүй юу. Байнгын хороон дээр дэмжлэг аваагүй саналыг чуулган дээр санал хураалгавал болно. Ингэхгүй бол болохгүй."

УИХ-ын дарга З.Энхболд “Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг аваад ир дээ. Надад ирээгүй байна. Энэ тараах гээд байгаа юманд чинь саналын томъёолол алга байна шүү дээ. Ардын намын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө” гэв.

Ийнхүү ээлжит бус чуулганаас эхэлж асуудал дагуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл чуулганаар хэлэлцэх боломжгүй болоод байна.

Энэ нь албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахаар болж, санал дэмжлэг хүлээсэнтэй холбоотой. Хэдийгээр энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хагалж болох байсан ч УИХ-ын Хууль зүйн банйгын хорооноос чуулган руу дүгнэлтээ оруулж ирэхдээ цөөнх болсон гишүүдийн саналын томъёоллыг тусгаагүйгээс болж, МАН-ын бүлэг завсарлага хүсч, УИХ-ын дарга хүлээн авснаар завсарлага ажлын тав хоног үргэлжлэх болоод байна.