УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.10.06

Төрийн захиргааны албан тушаалтнуудыг цомхтгох хэрэгтэй

УИХ-ын дарга намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ МУ-ын төсөв 630 тэрбум төгрөгөөр тасарч, эдийн засагт хүн бүр анхаарч санаа тавьж, ажиллах хэмжээнд хүртэл ажиллах хэрэгтэй байгааг онцлон гарах гарцыг яаралтай олохыг даалгасан юм. Үүнд гишүүдийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Төсөв танах хэдэн дэд сайдгүй болох арга авч байгаа нь оройтсон ухаарал. Өнгөрсөн хугацаанд хангалттай хэлж эдийн засгийн тоон судалгаа гаргаж байсан. Харамсалтай нь эрх баригчид анхаарал хандуулж чадаагүйгээс Эдийн засгийн байдал хүндрэл рүү орчихлоо. Бид улсаараа өрийн ангалд унаж, бодитой эдийн засгийн хямрал буюу дампууралд орох нөхөцөлөө бүрдүүлээд байна. Тиймээс засгийн газар хүссэн хүсээгүй бүсээ чангалах санал оруулж ирж байна.

Ингэхээс ч өөр аргагүй юм. Зөвхөн төрийн албан тушаалтны цалинг 30 хувь хасах нь маш өнгөцхөн асуудал. Асуудлыг ул суурьтай яагаад ийм асуудал үүссэнийг судлаад гүнзгий анхаарах хэрэгтэй. Эдийн засаг өсөлттэй байсан 2012 онд 17 хувийн өсөлт хийхийн тулд бид нүүрсний салбарын экспорт, хилийн боомтууд тасралтгүй 24 цаг ажиллаж байсан. Жилдээ 20 гаруй сая тонныг борлуулах боломжийг бүрдүүлж байсан.

Гэтэл экспортын хэмжээ хэд дахин унах үед тэнд ажиллаж байсан бүрэлдэхүүн хэвээрээ л байна. Эдийн засаг өсөлттэй үед маш олон төслийн нэгжүүд олон мянгаар бий болсон, мөн яамдууд томоохон шинэ газрууд дагаж үүссэн. Тэгэхээр засгийн газрын бүтцэт өөрчлөлт оруулах зүйтэй.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Энэ оны төсвийн реформыг нилээн зоригтой хийх ёстой. Ялангуяа төрийн захиргаатай холбоотой танах ёстой төсвийн боломжийг тултал нь танах ёстой. Учир нь 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 50 мянгаар нэмэгдсэн.  Тэр хүмүүсийн цалин, бичиг хэргийн зардал гээд маш их зардал байгаа.

2012 оны түвшинд төрийн албан хаагчдыг цомхтгох хэрэгтэй байна. Тэр түвшинд яам, агентлагын тоог аваачих хэрэгтэй. Энд бол багш эм нарын тухай ярьж байгаа зүйл биш.  Багш, эмч, онцгой, цагдаа гэсэн төрийн үйлчилгээний албан хаагчид бол тусдаа. Энэ бол төрийн захиргааны албан тушаалын хувьд төр бүсээ чангалах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ:

Одоо байгаа үрэлгэн зардал, илүү онц шаардлагагүй орон тоог хэмнэлтийн горимд шилжих чиглэлд явж байж даван туулна. Төсвийн хүндрэлтэй цаг үеийг туулаад л гарна шүү дээ. Тиймээс илүү бодитой судалгаатай оновчтой зохион байгуулалт л хэрэгтэй байна.  Дэд дарга нарыг байхгүй болгох цалин 30 хувиар танах асуудалд нэг байгаа.