Үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
2015.10.07

Үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо

Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Нэгдсэн арга хэмжээнд 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 ногоочин, 4 аж ахуй нэгж, 4 төсөл хүнсний бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, модны суулгац эмийн ургамлын бүтээгдэхүүнээр оролцож үзэсгэлэн худалдааны үеэр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 шинжээч батлагдсан хуваарийн дагуу хяналт тавьж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хаяг шошгоны талаар зөвлөмж өгч ажилласан байна.

Энэ жилийн хүнсний үзэсгэлэн Монгол хүнс –Органик хүнс нэртэйгээр9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Чингисийн талбайд, 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 5-ныг дуустал Мишээл экспо төвд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа.

МОНГОЛ ХҮНС –ОРГАНИК ХҮНС ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮД

ГРАН-ПРИ ШАГНАЛААР ТАЛХ ЧИХЭР ХУВЬЦААТ КОМПАНИ

“Талх чихэр” ХК нь анх 1984 онд “Талх чихрийн комбинат” нэртэйгээр ашиглалтад орж одоо 5 үйлдвэр, 8 албад нэгжийн 700 гаруй ажилчидтай, талхны 4 шугам, нарийн боовны 3 шугам, жигнэмэгийн 2 шугамтай.

Мөн 80 гаруй төрлийн талх, нарийн боов, бялуу, чихэр жигнэмэг үйлдвэрлэн нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын өдөр тутмын хэрэгцээг тасралтгүй хангаж ажиллаж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани 2004 оноос эхлэн үйлдвэрлэлийн инновацийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын томоохон компаниудтай хамтран үйлдвэрийн техник, технологийн шинэчлэлийг тасралтгүй хийн ажиллаж салбартаа хамгийн анхны гэх тодотголтой шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ хэрэглээг байнга бий болгож ирсэн.

ШИЛДЭГ ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ЖҮР ҮР ХХК-ИЙН ЗӨГИЙН БАЛ, СОЁОЛЖНЫ ХАНДНЫ БЯЛУУ

Жүр үр ХХК нь 400 хүнийг ажлын байраар хангаж 30 орчим нэр төрлийн бялуу, 100 орчим нэр төрлийн бейкерийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж иргэдэд үйлчлэн баяр болгоныг нь хуваалцаж байна.

Зөгийн бал, соёолжны хандны бялууны түүхий эд болох соёолж нь улаанбуудайтай харьцуулахад эслэг 40 хувь, олон төрлийн амин дэм, үл орлогдох аминхүчдүүд 38 хувиар илүү, селен, зэс, манган зэрэг эрдэс бодисуудыг ихээр агуулсан төгс найрлагатай, хүний биеийн бовисын солилцоо, дархлааны системд ашиг тустай бүтээгдэхүүн юм.

ШИЛДЭГ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР АЖИГАНА ХХК-ИЙН ОРГИО ТАХИАНЫ МАХ

Тус компани нь Оргио нэрийн 9 төрлийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хөргөсөн, хөлдөөсөн хэлбэрээр үйлдвэрлэж, Монгол тахианы махыг хэрэглэгчдийнхээ таашаалд нийцүүлэн зах зээлд нийлүүлж байна. Оргио нэрийн бүтээгдэхүүн нь ямар нэгэн консервантгүйгээр жилд 5,0 мчнган тонн тахианы мах үйлдвэрлэдэг бөгөөд дотоодын хэрэгцээний 30 орчим хувийг хангаж, 15,0 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо үлдээсэн байна. Ажигана ХХК 200 ажилтантай бөгөөд 80 хувьд нь орон нутгийн иргэд ажиллаж байна.

 ШИЛДЭГ УНДАА, ИСГЭЛТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ЗАВХАН БАЯЛАГ ХК-ИЙН “БАЯЛАГ”  ЧАЦАРГАНЫ ШҮҮС

Завхан баялаг ХК нь төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, 10 га талбайд чацаргана тариалж, байгалийн гаралтай, химийн элдэв хольцгүй чацарганы шүүс үйлдвэрлэж байна. Байгалийн зэрлэг жимсний шүүсийг тогтмол хэрэглэх нь хүний биеийн эсэргүүцлийг сайжруулж, ханиад томуу болон элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

ШИЛДЭГ НӨӨШИЛСӨН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДӨРВӨН ӨЛЗИЙ ХХК-ИЙН “АЛИМХАН” ХҮҮХДИЙН ТЭЖЭЭЛ

Тус бүтээгдэхүүн нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг түргэсгэснээр биед хорт бодис, холестрин хуримтлагдахаас сэргийлдэг байна. Ямар нэгэн химийн бодис ороогүй, нимбэгний хүчил, С аминдэмээр баяжуулсан, жимсний өндөр агууламжтай, аминдэм, эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүн.

ШИЛДЭГ СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНФРЭШ СҮҮ ХХК-ИЙН “МОНФРЭШ БЯСЛАГ”

Европ технологийн бяслагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа Монфрэш сүү ХХК-ийн үйлдвэрлэдэг Франц технологийн “Монфрэш бяслаг”-ны цуглуулга болох “Эдам”, “Чеддар”, “Фрэш Моцарелла”, “Хард Моцарелла” зэрэг бяслагуудыг үнээний цэвэр сүүг боловсруулан үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байна.    

Монгол Улс жилд 847 тонн европбяслаг хэрэглэдэг бөгөөд үүний 15 хувийг Монфрэш сүү ХХК хангаж, 2 жилийн туршид бяслагны цуглуулгаараа 1,0 сая ам.долларын валютын урсгалыг эх орон доо үлдээсэн байна.  

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний “Монгол хүнс-Органик хүнс 2015” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулахажлын хэсгийн хурлаар тус үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуйн нэгжүүдэд “Импорт орлосон шилдэг бүтээгдэхүүн” шагналыг олгохоор болсон юм.

ИМПОРТ ОРЛОСОН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР МОНГОЛ АЛТАН ТОС ХХК-ИЙН АЛТАН ТОС

Тус бүтээгдэхүүн нь Е аминдэмээр баялаг, холестрингүй, илчлэг байгатай, хүний бие организмд шингэцтэй, 30 гаруй микро элемент агуулсан, хадгалах горимд химийн бодис ороогүй, зах зээлд өрсөлдөхүйц хямд үнэ, эх орондоо үйлдвэрлэдэг 100 хувь цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Монгол Улсын хүнсний ургамлын тосны нийт хэрэгцээний 30 хувийг дангаар хангаж импортыг орлох бүтээгдэхүүн болж чадсан.

Шинэ бүтээгдэхүүн, шилдэг амжилтаар дүүрэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.