Ил тод, найдвартай тайлан гаргахад ямар асуудал байна?
"Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын тэргүүн туршлага" сэдэвт сургалт, семинар
2015.10.09

Ил тод, найдвартай тайлан гаргахад ямар асуудал байна?

Энэ асуултад хариулт өгсөн, цаг үеэ мэдэрсэн, чухал асуудал хөндсөн сургалт, семинар боллоо. Сургалтыг салбартаа мэргэшсэн, туршлагатай зөвлөх Найжел Финч удирдан явуулсан.Тэрээр Монгол улсын санхүүгийн тайлангийн өнөөгийн нөхцөл байдлыг соргогоор ажиглан, судалсны үндсэн дээр 7 тодорхой сэдвээр илтгэл тавьсан юм. Тодруулбал,

-Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт ба нягтлан бодох, аудитын чанар

-Монголын эдийн засагт тулгарч буй эрсдлүүд

-Санхүүгийн тайлангийн олон улсын стандарттай холбоотой Монголд тулгарч буй 5 асуудал

-Хөрөнгийн үнэ цэнийн бууралт

-Хөдөө аж ахуйн хөрөнгийн санхүү

-Орлогын албан татвар

-Холбогдох талуудын арилжаа

Тэрээр эдгээр асуудлыг хөндөн гаргаж, хэрхэн шийдвэрлэх талаар олон улсад хэрэгжүүлсэн туршлагыг бодит жишээ баримтаар тайлбарлаж,  шийдэл, гарц гаргалгааг хэлж байлаа. Түүнтэй сургалтын үеэр цөөн хором ярилцсан юм.

Тайлагнагч, аудитор, зохицуулагчдыг чадавхижуулмаар байна

"Саки партнерс" компанийн захирал, доктор Найжел Финч

Ил тод, найдвартай байдал дутагдаж байна. Тухайн санхүү бүртгэлд тусгагдсан тооны цаад утга нь ойлгомжгүй, шууд аваад хэрэглэх гэхээр найдвартай эсэх нь тодорхойгүй. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд 3 бүлэг хүмүүсийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Нэгд, тайлагнагч байгууллага. Тэд стандартаа маш сайн ойлгосон тохиолдолд зөв зүйтэй, үнэн бодитой тайлагнаж чадна. Гэтэл одоог хүртэл олон улсын стандартыг Монгол хэлнээ орчуулсан гарын авлага алга. Хэрвээ сайтар боловсруулсан, гарын авлагатай байсан бол өнөөдөр асуудал өөр түвшинд байх байлаа.

Хоёрт, аудиторууд. Монголд олон жижиг аудиторын компани байна. Эдгээр нь олон улсын стандартын талаар мэдлэг мэдээлэл хомс, практикт сайн хэрэглэж мэддэггүй. Тиймээс тэд хүчээ нэгтгэх шаардлагатай. Олон улсын сүлжээнд нэгдэн орох хэрэгтэй. Ингэвэл бүх зүйл цэгцэрнэ.

Гуравд, зохицуулагчид. Сангийн яам, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж. Эдгээр байгууллагын чиг үүрэг нь тодорхой байх хэрэгтэй. Санхүүгийн тайланг хүлээн авч, хянаж шалгадаг мэргэжилтнүүдийг чадавхижуулах шаардлагатай байна.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институти томрох, гадаад харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Олон улсад санхүүгийн тайлангийн стандартаараа жишиг болсон улсын туршлагыг нэвтрүүлмээр байна.  

Сургалт, семинарт санхүү, нягтлан бодох, бизнесийн удирдлагын чиглэлийн 21 мэргэжилтэн хамрагдсан юм. Тэд үр өгөөжтэй, чанартай сургалт болсон гэж дүгнэж байна. 

Санхүүгийн тайлан бол олон улсад тухайн компанийн имижийг илтгэдэг

"Монголын бизнесийн зөвлөл"-ийн гишүүн, СЭЗДС-ийн ахлах багш, аудитор Ц.Пүрэвтуяа

1993 онд хуулиндаа олон улсын стандартыг мөрдөж ажиллана гэж заасан хэдий ч яг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх шатанд асуудал байдаг. Тийм учраас энэ удаад 5 чухал асуудлыг хөндөн гаргаж, яаж шийдвэрлэх талаар ярьж байна.

Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэж чадвал хөрөнгө оруулалтыг хангалттай татна. Мөн компаниудын ил тод байдал, нийгмийн хариуцлага сайжирч, олон улсад тулгамдсан давхар татварын асуудлыг ч шийдвэрлэх боломжтой талаар ярилаа.

"Transwest Mongolia" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ц.Баярмаа

Олон улсын стандартыг нийтэд таниулах, сургах, практикт нэвтрүүлэх, хянах зэрэг үе шатууд сул байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд санхүүгийн тайланг харна. Санхүүгийн тайлан нь олон улсын стандартад нийцсэн, тодруулга нь ойлгомжтой байна уу гэдгийг хардаг. Тийм учраас цаг үеэ олсон, зөв сургалт болж байна.

Манай компани IFRIS буюу олон улсын стандартыг баримтлан тайлангаа гаргадаг. Энэ дагуу тайлангийн бүх үзүүлэлтээ алдаагүй тайлагнасан байх ёстой гэсэн үүрэг хүлээдэг. Санхүүгийн тайлан найдвартай байвал хөрөнгө оруулагчдын итгэлийг даах тал дээр давуу тал болж өгдөг.