Үндэсний хорооны гишүүд ажлаа тайлагнав
Үндэсний хорооны гишүүд ажлаа тайлагнав
2015.10.09

Үндэсний хорооны гишүүд ажлаа тайлагнав

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Үүнтэй холбогдуулан тус хурлыг зохион байгуулсан Үндэсний хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2015.10.09/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлын зохион байгуулалт, үр дүнгийн талаар ажлаа тайлагнаж, амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан албаны бүх хүмүүст Талархалын бичиг гардуулав.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан ажлын тайлангийн хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд нээж, үг хэлэв. Тэрээр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн орон болоод удаагүй байгаа хэдий ч Монгол Улсын Их Хурал болоод УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг ЕАБХАБ-тай идэвхтэй ажилласны үр дүнд 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм гэж онцлов.

Үндэсний хорооны гишүүд ажлаа тайлагнав

Мөн тэрээр 2015 оны Намрын хуралд ЕАБХАБ-ын 45 гишүүн орон, түнш 2 орон, 14 олон улсын болон бусад байгууллагаас нийт 310 төлөөлөгч оролцов. Парламентын дарга, дэд дарга нарын хувьд ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Румын Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга, Афганистан Улсын парламентын дэд дарга, БНПУ-ын Сеймийн Дэд Маршал нар оролцов. Мөн Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагын тэргүүн, дипломат ажилтнууд тус хуралд оролцсон гэлээ.

УИХ-ын гишүүн, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс тэр дундаа Улсын Их Хурлын Тамгын газар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Ажлын тайлангийн хуралд Үндэсний хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон Ажлын хэсгийн бусад гишүүд байлцлаа