Болорчулуун.Х 2015.10.12 | Телевиз: Eagle TV

Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулах ёсгүй

Албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулах ёсгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Өршөөлийн хууль болон уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалт талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.

Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Гэвч хориг тавьсан гол үзэл санаанаасаа гажсан гэж хэлж болохоор болчихлоо. Авлига албан тушаалын хэргийг өршөөх гээд байгаа юм шиг харагдаж эхэллээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

 -Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан ч эцсийн шийдвэр яаж гарах нь тодорхойгүй байна. Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж өмнө нь гарсан.

Үүн дээр харин албан тушаалтнууд, цагаан захтнууд хууль бус орлогоо нуун дарагдуулах ийм боломж нээгдсэн. Өөрийнхөө компани, гэр бүлийнхээ компани дээр бичихэд л эргэж тэрийг шалгаж байцаах эрхгүй болчихсон.  Тэгэхээр Ерөнхийлгөч маань Өршөөлийн хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулинд мөн хориг тавьж, анхаарал хандуулах ёстой байсан юм.

-Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авахдаа заалтуудын нүүрийг хувиргаад эргээд оруулж ирсэн гэж яригдаад байна шүү дээ?

-Бие даагчдын зөвлөл бол албан тушаал, авлигын хэрэгт холбогдсон хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Засвал зассан шиг  засах хэрэгтэй. Косметик засвар хийсэн байдалтай оруулж ирж  болохгүй.