“Халх гол чөлөөт бүс”-ийн газарт оршин суугаа малчдыг нүүлгэх шаардлагагүй гэв
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.10.19

“Халх гол чөлөөт бүс”-ийн газарт оршин суугаа малчдыг нүүлгэх шаардлагагүй гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Дорнод аймагт Халхгол чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор 1000 гаруй хүний өргөдөл ирсэн байна.

Энэ дагуу Өргөдлийн байнгын хорооноос уг асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх уулзалтыг ХХААЯ-тай хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож, Халх гол чөлөөт бүсийн талаар тодорхой мэдээлэл өгсөн. 

Мөн Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн төлөөлөл, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумын Засаг дарга нар оролцсон. Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Халх гол” чөлөөт бүс байгуулах болсон үндэслэл, эдийн засгийн ач холбогдол болон уг асуудалтай холбоотой Засгийн газар, УИХ-аас гаргасан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Мөн чөлөөт бүс байгуулснаар ямар нэгэн хашаа хайс татахгүй, гадаадын иргэд дураараа зорчих зүйл байхгүй, солонгосчуудад Дорнод аймагт ямар нэгэн байдлаар газар олгоогүй зэргийг мэдэгдлээ.

УИХ-ын 75 дугаар тогтоолоор Дорнод аймагт “Халх гол” чөлөөт бүс байгуулахаар болсон. Энэ дагуу тус суманд нийт 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах бөгөөд энд эрүүл ахуй, экологийн өндөр шаардлагыг хангасан дотоодын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна. Мөн гадаадын аж ахуйн нэгжүүдийн хувьд дэд бүтэц, өндөр технологийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Үүнд нь тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлэх юм байна. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн дагуу чөлөөт бүсэд гадаадын иргэн, аж ахуйн нэгж газар өмчлөх, эзэмшихгүй. Харин газар ашиглуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. “Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай байна. Энэ байдлыг арилгаж, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх, эдийн засгийг солонгоруулахад “Халх гол” чөлөөт бүс байгуулах нь онцгой ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбар Монголын нийт экспортын ердөө 0.33 хувийг эзэлж байна.

Гэвч энэ салбарт 350 мянга гаруй ажлын байр бий. Энэ утгаараа ажиллах хүчний багтаамжийн хувьд ч бас уул уурхайгаас илүү юм. Бид “Халх гол” чөлөөт бүсийг байгуулснаар энэ салбараа дэмжих, өндөр технологи нэвтрүүлэх, олон улсын шаардлагад хангасан хөдөө аж ахуй, мал аж ахуйн бараа, бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ” гэж Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа онцоллоо. 

Р.Бурмаа: Халх гол чөлөөт бүсийн 26 мянган га талбайг хашна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

“Халх гол чөлөөт бүс”-тэй холбоотойгоор гарсан зарим асуудлуудад хариулт авлаа.

-Халх гол чөлөөт бүсийн 500 мянган га талбайг хашна гэсэн яриа гараад байна. Энэ талаар тодруулаач?

-500 мянган га талбайг тэр чигээр нь хашна гэдэг бол ташаа мэдээлэл. Хорио цээр, хяналтын бүсийг тодорхой хэмжээнд л тавина.Хяналтын дэглэм бүхий боловсруулах үйлдвэрлэлийн бүс шаардлагатай. Нийт 26 мянган га талбайд хашилт хийнэ.Энэ бүс нь 500 мян га-ийн 5.2 хүртэлх хувь бөгөөд хаших талбай нь зөвхөн үүгээр хязгаарлагдах бөгөөд Халх гол чөлөөт бүсийн газарт оршин суугаа малчин, мал бүхий иргэдийг нүүлгэх шаардлагагүй юм.

-Гаднаас ажиллах хүч авах асуудалд иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаад байгаа. Гадаадаас хэчнээн хувийн ажиллах хүч авах бол?

-Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын гурван хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх юм. Тухайлбал, тэнд 1000 ажлын байр шинээр боллоо гэхэд түүний гурван хувь буюу 30 хүн л гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс байх юм. Гол нь монгол иргэдээ ажилтай болгоно. Нийт 3000 хүний ажлын байр бий болно.

-Чөлөөт бүс байгуулаг­дахаар гадны иргэд визгүй орж ирнэ гэсэн үнэн үү?

-Тус бүс нутаг нь өөрөө нутгийн гүнд байршилтай учраас монгол улсын хилээр орох гадаадын иргэд хууль тогтоомжийн дагуу заавал визтэй орж ирнэ. Түүнээс гадна тус шийдвэрт мөн Халх гол чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хувьцааных нь 51-ээс дээш хувийг заавал монгол хүн эзэмших ёстой гэж тусгасан байгаа.  

-Дэд бүтцийн тухай ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа бол?

-Олон улсын жишгээр чөлөөт бүс бий болгосон газарт дэд бүтэц хурдтай хөгждөг. Үүний адилаар Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулагдаснаар тус бүс нутагт зам, төмөр зам, цахилгаан зэрэг дэд бүтцүүд хөгжинө. Эдгээр нь Төрөөс төмөр зам, авто зам, эрчим хүчний талаар бодлогод орсон байдаг. Тус чөлөөт бүсэд 197 км урттай 35 кв-ийн цахилгаан шугам татах ажил нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

-“Халх гол чөлөөт бүс” төслийн захирал н.Энхжаргал  Солонгосчуудад газар өгсөн гэх юм?

-2009 онд Халх голд солонгосчуудад газар өгсөн гэх хардлага байдаг. Ингэхдээ БНСУ-ын “Хансолмо” гэх компанид 30 мянган га газар өгсөн гэдэг. “Хансолмо” ХХК нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХ-ын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байсан. Энэ газрыг сумын Засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын Засаг дарга дахин захирамж гаргаж, Монгол Улсын “Үйзэн тал” ХХК-д 14 мянган га, “Цог-Октаэдр” ХХК-д 6.9 мянган га , “Ашдын нөхөр” ХХК-д 4.8 мянган га-г тус тус олгосон байдаг юм байна.

Мөн “Голдан Сояа Бийн” компани нь 2011 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн А-108 тоот шийдвэрийн дагуу 10 мянган га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг нь энэхүү мэдээллийн сан дотор нь бүртгэгдээгүй байгаа. Түүнчлэн “Баян мэнэн” ХХК 500 га талбайг эзэмшдэг нь ямар нэгэн захирамж, шийдвэрээр олгогдсон гэх баримт олдохгүй байгаа.