Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.10.20

Хөдөө аж ахуйн чөлөөт бүс аялал жуучлалтай хосолно

Өнгөрсөн долоо хоногт анхаарал татсан нэг асуудал бол халх голд чөлөөт бүс байгуулах тухай, эдгээртэй холбоотой хууль эрх зүйн тогтоолыг батлан гаргахтай холбоотой мэдээлэл байлаа.

Энэ талаар төрийн ордонд байнгын хороон дээр нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага болсон юм. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг урилаа.

Бид сарын өмнө ярилцаж байсан. Тэр үед эдийн засгийг солонгоруулах, уул уурхай, нүүрс, зэсээс хэт хамааралтай Монголын эдийн засгийг олон тулгууртай болгох нэг шийдэл нь хөдөө аж ахуйн технологи шингэсэн өндөр үр ашигтай үйлдвэрлэл гэдэг дээр санал нэгдэж байсан. Үүнийг хэрэгжүүлэх нэг ажил нь халх голын чөлөөт бүсийн ажил гэж ойлгож байна?

-Тиймээ. Эдийн засгаа солонгоруулах, түүний нэг ногоон өнгө нь хөдөө аж ахуй байж болно. Хөдөө аж ахуйгаас тухайлбал мах, махан бүтээгдэхүүний экспортоос жилдээ л гэхэд тэрбум долларын ашиг олох боломж байгаа. Үүний тулд малаа эрүүлжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах гэх мэт олон ажил шаардлагатай байна. Харамсалтай нь шүлхий их гарч байна. Баруун бүсийн долоон аймгаас халдвар өвчнөөс ангид тайван бүс гэж үзээд олон улсын экспертүүд ирж ажиллаад яг явсны дараа л шүлхий гарсан.

Тэгэхээр малаа эрүүлжүүлэх, шүлхийгээс ангид байх тал дээр анхаарах хэрэгтэй нь харагдаж байна. Үүнээс гадна хорио цээрийн дэглэм бүхий чөлөөт бүсийг ганцхан халх гол төдийгүй нилээн олон хил орчмын газрууд, төмөр замын ойролцоох газар нэмж байгуулж хорио цээрийн дэглэм, лаборатори, мал эмнэлгийн эмчилгээг байлгаж мах махан бүтээгдэхүүнийг экспорлох нь зүйтэй гэж харагдаж байна.

Эдийн засагт болон, орон нутгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх зүйл бол энэ чөлөөт бүс. Халх голын чөлөөт бүс үйл ажиллагаа явуулснаар улс орон, орон нутаг, тэнд амьдарч байгаа иргэдийн амьжиргаанд ихээхэн ахиц дэвшил авчирна гэж харж байгаа.

Чөлөөт бүс гэдгийг алтанбулаг, замын үүдийн ажил хэрэг болдоггүй тийм зүйлээр ойлгоод байна. Эдийн засгийн, худалдааны чөлөөт бүсээс хөдөө аж ахуйн чөлөөт бүс юугаараа ялгаатай байгааг тайлбарлаж өгөөч. Хүмүүс бол хашаа хатгачихна. Монгол хүн гишгэж болохгүй болно. Тэр газрыг гадныханд гэсэн л ойлголттой байна?

-Халх гол анхны хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэдгээрээ харьцуулах зүйлгүй байна. Худалдаааны чөлөөт бүсээр л харж харьцуулаад байна. Тэнд бол худалдааны чөлөөт бүс дангаараа байгаа нь ашиггүй байх шиг. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс түүнээс маш өөр. Хөдөө аж ахуй нь аялал жуучлалтай хосолно.

Тийм ч учраас  том газар нутгийг хамарсан. Тэглээ гээд энэ нутгийг хашиж, тусгаарлахгүй. Чөлөөт бүс гэдэг нь хашаад, зөвшөөрөлтэй ордог болно гэсэн буруу тайлбар яваад байна. Тэнд 26 мянган га газарт малаа хаших, бэлчээрийн малаа  хашиж тодорхой хэмжээнд эрүүлжүүлээд, дараа нь бордоод мах махан бүтээгдэхүүн болгодог тэр хэсэг нь л хорио цээрийн дэглэм бүхий 26 мянган га газар буюу нийт талбайн таван хувь байна.

Бусад газар нь ямар ч хашаагүй чөлөөтэй. Малчид маань ашиглаад л хэвийн явна. Буйр нуур, ялалт багын орчим бол хөдөө аж ахуйн аялал жуучлалаар хөгжих юм. Одоо тариалан эрхэлж байгаа 49 мянга га газар байгаа. Тэнд нэмээд 30 мянган га газарт нь тариалан эрхлэх боломжтой гэсэн саналыг орон нутгаас өгсөн. Дийлэнх 500 мянган га газар нь мал аж ахуйд зориулагдах юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....