Энхбаяр.Ж 2015.10.22 | Сайт: News.mn

Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Олон улсын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Oлон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэлээ ч энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг байна. Мөн Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд нэгдэн орох асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлаар хоёр удаа хэлэлцдэг. Түүнчлэн гарын үсэг зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах үүргийг Улсын Их Хурлаас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүйгээс гэрээнүүд хэвлэн нийтлэгддэггүй зэрэг олон хүндрэл учирдаг байна.

Иймээс дээрх нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой болгох үүднээс Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, батлуулах үүрэг, зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 37 зүйлтэй юм.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авсны зэрэгцээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг тусган төслийг эцэслэн боловсруулсан гэдгээ хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Дэмбэрэл нар Гадаад хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо