Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан есөн оюутанд 1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулав
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.10.22

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан есөн оюутанд 1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулав

Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай орлоготой монгол хүн”-тэй болох хөтөлбөрийг дэвшүүлж, энэ хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамныхан тун ч амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй чадварлаг ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх  чиглэлээр анхаарч ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа билээ. Одоогоос хоёр жилийн өмнө Чингисийн талбайд хуран цугласан олны нүдэн дээр хүнд даацын экскваторын машинч бүсгүй эксковаторын шанагаар сүү аягалан олны магтаалыг хүртэж байсныг уншигч та санаж байгаа биз ээ.

Харин 2014 онд Монгол Улс Дэлхийн Ур Чадварын Байгууллагын 69 дэх гишүүн улс болсноор Дэлхийн Ур Чадварын Олон Улсын Тэмцээнд Монголын баг суралцагчдыг оролцуулан өөрсдийн төвшингөө тодорхойлох, мэргэжлийн боловсролын салбарыг олон улсын стандартын дагуу дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэн хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиос суралцан нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах маш өргөн боломж нээгдсэн юм.

1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулав 30 минутын өмнө

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мэргэжилтнүүд маш чадварлаг өрсөлдөж, амжилттай оролцон эх орондоо ирсэн. Дэлхийд өрсөлдсөн шилдгүүдтэй эх орондоо өрсөлдөж, “Монгол ур чадвар 2014” тэмцээнд II байр эзэлсэн есөн оюутан бий. Тэдэнд 1.5 сая төгрөгийн багаж хэрэгсэл худалдаж авах эрхийн бичгийг Хөдөлмөрийн яамнаас бэлэглэсэн билээ. 

Тэгвэл “Монгол ур чадвар 2014” тэмцээний II байранд орсон оюутнуудад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өчигдөр мэргэжлийн багаж хэрэгслийг гардуулж өглөө. Тус үйл ажиллагааны   үеэр    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хамгийн чухал зүйл бол мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгож, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдгийг залуучууд маань ойлгосон явдал юм. Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг эзэмшээд, өндөр ур чадвартай, тодорхой орлоготой болбол амьдралын их шуурганд залуучууд маань алзахгүй гэж бодож байна.

Монголын залуучууд бүгд ур чадвартай гэдгийг Бразилд болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон залуус маань харуулж чадсан. Мөн нэг зүйлийг чухалчилж хэлэхэд мэргэжлийн багш нарын ур чадвар өндөр төвшинд байна гэдгийг хэлмээр байна. “Монгол ур чадвар 2014” тэмцээнд амжилттай оролцсон залууст тус бүр  1.5 сая төгрөгийн багаж хэрэгсэл худалдаж авах эрхийн бичгийг манай яамнаас гардуулж байсан. Тэр эрхийн бичгээ өнөөдөр бодитоор ажил хэрэг болгож, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь залуучууддаа өгч байна. Би Хөдөлмөрийн сайдынхаа хувьд гадаад, дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцсон залуучуудаараа бахархаж байна.

1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулав 30 минутын өмнө

Цаашид улс эх орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин болж, сайн ажиллаарай гэж хүсч байна” гэсэн юм.  Мөн тэрбээр яамны зүгээс мэргэжлийн боловсрол олгох байгууллагуудыг дэмжих, материал, техникийн бааз хэрэгслээр хангах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг ч хэлж байсан юм. Энэ үеэр Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа “Монгол ур чадвар тэмцээн”-д нийт 300 орчим хүүхэд оролцож байсан. Энэхүү тэмцээнийг анх дэлхийн ур чадварын тэмцээнд хүүхдүүдээ оролцуулахын тулд зохион байгуулж байсан бол өнөөдөр биеллээ олоод байна. 

Тэмцээний нэгдүгээр байранд орсон хүүхдүүд Бразил улсад болсон тэмцээнд оролцсон. Харин хоёрдугаар байранд орсон хүүхдүүд маань өөрт хэрэгтэй, шаардлагатай байгаа багаж хэрэгслээ авлаа. Мөн эдгээр хүүхдүүд 23 нас хүрээгүй л бол Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох боломж нь байгаа юм. Тиймээс бид хүүхдүүдээ дэмжихийн тулд дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцоосой гэдэг үүднээс эдгээр багаж хэрэгслүүдийг авч өгч байна. Мөн МСҮТ-ийг төгссөн хүүхдүүдийг техникийн ангид сургах, мөн их дээд сургуульд элсүүлэн инженерийн ангид сургах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа” гэв.

Хүүхдүүд мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан гарын лааны аппарат, гар ариутгагч аппарат, хутга, хайруулын таваг, цахилгааны аппарат гээд тус 1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг өөрсдөө сонгож авсан аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхдүүд Хөдөлмөрийн яамны удирдлагууд болон багш нартаа баярласанаа илэрхийлж байсан юм. Технологийн дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Ц.Билгүүн “Хийсэн ажлыг, сурсан бүтээснийг минь үнэлж тодорхой хэмжээгээр урамшуулж байгаад маш их баярлаж байна. Хүүхдүүдэд багаж хэрэгсэл авч өгсөн нь дараа дараагийн тэмцээнд амжилттай оролцох, мөн цаашид хичээнгүйлэн сурах эрч хүчийг бэлэглэж байна. Би эрхийн бичгээрээ тогооч хүнд хэрэгтэй 40 нэр төрлийн  хэрэгсэл авсан. Тэр дундаа тогооч хүнд хутга хамгийн чухал байдаг учраас Descoma брэндийн 180 гаруй мянган төгрөгийн үнэтэй хутга авсан. Цаашдаа хичээж ажиллана” хэмээсэн.

1.5 сая төгрөгийн үнэ бүхий багаж хэрэгслийг гардуулав 30 минутын өмнө

Мөн Барилгын политехникийн коллежид сурдаг Д.Доржжигжид “Би Пико барилгын компанид ахлах ажилтнаар ажиллаж байгаа. Ер нь Монголд цахилгааны багаж хэрэгсэл ховор бас үнэтэй байдаг. Ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд цахилгааны багаж маш хурдацтай хөгжиж байгаа. Би гагнуурын аппарат сонгож авсан.

Энэ аппарат нь цахилгаан гагнуур болон аргон гагнуур хийдэг  хосолсон аппарат юм. Герман улсад үйлдвэрлэсэн сайн аппарат” хэмээн ярьж байсан юм. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүүхдүүд өөрсдийн авсан багаж хэрэгслээ байн байн үзэж, хоорондоо ярилцах нь тэдний баярласан сэтгэлийн илэрхийлэл гэлтэй байв. Энэхүү эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаа дурсгалын зураг авахуулснаар өндөрлөсөн юм.