Эдийн засгийн хямралд малчид сөхөрч дууслаа
Гишүүд хуулийн төслийг хэлэлцлээ
2015.10.23

Эдийн засгийн хямралд малчид сөхөрч дууслаа

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа.

Гишүүд хуулийн төслийг хэлэлцлээ

Д.Сарангэрэл: Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гээд заачихсан. Гэтэл малын үйлдвэр угсааг сайжруулахад төрөөс дорвитой мөнгө гаргахгүй байгаа. Зуун хувьд малчид өөрсдөө хариуцаад явж байгаа. Хувийн хэвшлийнхэн хамтаръя гэхээр зөвшөөрлийг нь олгохгүй байна гэх юм.

А.Бакей:  Өнөөдөр монгол мал давжаарч байгаа. Энэ нь  генетик нь алдагдаж, муудаж байгаагийн шинж  . Энэ хуулийн гол хэрэглэгч нь малчид. Хуулийн нэр тохирч байна үгүй бас бодмоор байна. Хуулийн нэрийн хувьд оновчтой болгож сайжруулмаар байна.  Хувийн өмч эрхэлж байгаа малчин хуулиар сүргийн бүтцийг нь заагаад өгчихөөр мөрдөх юм уу, үгүй юу. Хэрэв зөрчвөл хууль зөрчсөн гээд малчин хүнтэй хариуцлага тооцох асуудал хөндөгдөж магадгүй шүү дээ.  Ямар ч байсан хэлэлцэхийг дэмжлээ.

Д.Лүндээжанцан: А.Бакей гишүүнтэй санал нэг байна. Ер нь сайн угсааны мал гэж ярьдаг.  Нүүдлийн мал аж ахуйгаа нутгийнх нь онцлогт тохирсон байдлаар авч үлдмээр байна.  Ер нь мал бол нутаг усандаа зохицдог амьтан. Түүнийг нь зохицуулж удам угсааг нь сайжруулж болно.

Д.Оюунхорол: Малын генетик нөөц, удам угсааг сайжруулах асуудалд онцгой анхаарах ёстой. Малын тоо, толгой өсч байгаа ч гэсэн генетик нь муудаж, давжаарч байна. Малын тоо өсөхөөр бэлчээрийн бэрхшээл гарч ирдэг. Үүнээс болоод мал давжаарч байгааг хэлэх ёстой.  Эдийн засгийн энэ хямралын үед малчид чинь сөхөрч унаж байна  . Би сая Завхан аймагт ажиллаад ирлээ. Төлөг 50 мянган төгрөг гээд зарагдахгүй байна. Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнэ 50-60 хувиар унаж байна.

Эдийн засгийн хямралын үед хамгийн их сөхөрч байгаа нь малчид байна. Тэгээд тэнд, энд боом гарлаа гэх юм. Түүнийг нь шуурхай ч зарлах юм. Гэтэл нөгөөх нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Мах экспортлох асуудал дээрээ анхаармаар байна. Хөдөө аж ахуйн яамандаа энэ чиглэлийн санхүүжилтээ яаралтай суулгаж өгөөсэй гэж хүсч байна. Энэ хууль бол малчдын хүсэн хүлээсэн хууль. Энэ хуулийг гаргаад орхих биш хэрэгжүүлэх санхүүжилт, орчинг бүрдүүлмээр байна.

Санал хураалтаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж олонх дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.