МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум өнөөдрөөс эхэлнэ
МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум
2015.10.26

МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум өнөөдрөөс эхэлнэ

Монгол Ардын намын "Бид хамтдаа" үндэсний форум өнөөдөр 13.00 цагаас Төрийн ордонд нээлтээ хийх гэж байна.

Энэхүү форумын эхний өдрийн хэлэлцүүлэг  Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл, хоёр дах өдөр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд, гурав дахь өдөр нь Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд, дөрөв дэх өдөр нь Нийслэлийн хөгжлийн асуудлууд, сүүлийн өдөр нь хаалтын ажиллагааг хийх юм байна. Эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын  800 гаруй төлөөлөл энэхүү хуралдаанд оролцох юм.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд  үндсэн илтгэл тавьж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хурлыг даргалахаар болжээ.  "Бид хамтдаа" үндэсний форумд улс төрийн бүх намуудын удирдлагууд оролцож буйгаараа онцлогтой. Тодруулбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар үг хэлэх юм байна.

Монгол Ардын намын бүлэг

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага" сэдвээр доктор Н.Дашзэвэг илтгэл тавих юм байна.  "Бид хамтдаа" үндэсний форумын эхний өдөр "Улс төрийн хямрал ба үндэсний зөвшилцөл" нэгдсэн хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд болно.  

Энэ өдөр  Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл,  Төрийн албаны шинэчлэлийн тухай, Үндсэн хуулийн шинэчлэл, УИХ-ын тухай хуулийг боловсронгуй болгох нь, Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь гэсэн таван салбар хуралдаан болно. Эхний салбар хуралдаан "Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл" сэдэвтэй Төрийн ордны их танхимд 200 хүний бүрэлдэхүүнтэй болно.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,  МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар энэ салбар хуралдааныг даргална.  Уг салбар хуралдаанд Улс төрийн тогтолцооны тулгамдсан асуудлууд ба зөвшилцлийн аргаар шийдвэрлэх арга замууд" сэдвээр МУИС-ийн улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат,  "Улс төрийн тогтолцооны саармагжуулалт" Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням, "Ардчиллын төгөлдөршил-зөвлөлдөх ардчилал" сэдвээр Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нар тус тус илтгэл тавина.  

Тэгвэл Үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх гуравдугаар салбар хуралдаанд "Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт" сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,   Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм сэдвээр судлаач Р.Мухийт нар илтгэл тавих бол дөрөвдүгээр салбар  хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Ш.Энхбаатар мэдээлэл өгч, "УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл" сэдвээр Су.Батболд гишүүн илтгэл тавих ажээ.

МАН-ынхан салбар, салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран эдийн засгийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй байдлыг даван туулах гарцыг хайх гэж байна.  Товчхондоо улстөрчид цэц булаалдаж биш салбар бүрийн мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохоор нэгэн танхимд чуулж байна.