Налайхчууд бөөрний гемодиализын төвтэй боллоо
Налайх хотын нэгдсэн эмнэлэгт
2015.10.28

Налайхчууд бөөрний гемодиализын төвтэй боллоо

Япон улсын “Токүшюүкай” группийн “Токүда” сан Налайх хотын нэгдсэн эмнэлэгт Бөөрний гемодиализын таван ширхэг аппаратыг хандивлалаа. 

Энэхүү үйл ажиллагаа өчигдөр Налайх хотод зохион байгуулагдсан юм. Манай улсын хэмжээнд бөөрний дутагдалд орсон, эмнэлгийн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай 100-150 хүн байдаг ажээ. Гэвч бөөрний дутагдалд орсон хүмүүсийн амьдрах ганц найдвар болсон уг аппарат улсын хэмжээнд 90 орчим  л байдаг юм байна. 

Тиймээс эдгээр хүмүүст зориулж, буцалтгүй тусламжаар бөөрний аппарат хандивлах хүсэлтийг  Японы мэргэжлийн сүмогийн их аварга Кёкүтэнхо Н.Цэвэгням “Токүда” санд тавьж, тус сангийн гишүүн болох Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар дэмжин ажилласны дүнд Налайх хотын нэгдсэн эмнэлэг Бөөрний гемодиализын аппараттай боллоо. 

Энэхүү  үйл ажиллагаанд Уул уурхайн сайд Р. Жигжид, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, “Токүшюүкай-Шонан-Камакура эмнэлгийн дэд дарга Ш.Кобаяши, НДНЭ-ийн дарга Б.Эрдэнэбат болон  Кёкүтэнхо Н.Цэвэгнямын ээж н.Цэвэлмаа нар оролцсон юм. Нээлтийн үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Гемодиализын аппарат нь бөөрний дутагдалтай, өвчин нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүсийг аврах, мөн амьдрах ганц найдвар нь байдаг. Эртнээс “Токуда” сан манай улстай хамтын ажиллагаатай байж ирсэн. 

/МҮОНТВ/

Тухайлбал, одоогоос дөрвөн жилийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Токуда сангийн нэрэмжит хиймэл бөөрний төвийг байгуулж байсан түүхтэй. Өнөөдөр Налайх хот болон Баянхонгор аймагт тус бүр таван ширхэг бөөрний гемодиализын аппарат өгч байгаад баяртай байна. Цаашид ч бас хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. 

Харин  НДНЭ-ийн дарга Б.Эрдэнэбат уг аппаратын талаар тайлбарлахдаа “Бөөрний гемодиализын аппарат нь бөөрний өвчтэй хүний биеэсээ ялгаруулж чадахгүй байгаа бохир цусыг өвчтөний биеэс ялгаруулан цусыг шүүж цэвэрлээд өвчтөний биед буцаан юүлэх үүрэгтэй аппарат юм. Бөөрний дутагдалтай хүмүүст амьдрал бэлэглэдэг маш чухал аппарат гэж ойлгож болно. Өвчтөн уг аппаратад долоо хоногт гурван удаа 4-6 цаг тогтмол орох шаардлагатай байдаг.

Манай улсад сүүлийн үед 20-40 насны хүмүүс бөөрний дутагдалд орох нь ихэссэн. Ер нь энэ бөөрний гемодиализын төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт очиж гемодиализын аппаратад ордог байсан иргэд маань өнөөдрөөс хотдоо эмчлүүлэх боломжтой боллоо” гэв. Мөн тус аппаратад нэг хүн ороход 120 литр ус хэрэглэдэг тухай тэрбээр хэлж байсан юм. 

Тус аппарат нэг нь 45 сая төгрөгийн үнэтэй бол ус цэвэршүүлэх аппарат нь 30 мянган ам.долларын үнэтэй байдаг ажээ. Гемодиализын аппаратад тусгай зориулалтын ус ашигладаг байна. Налайх хотын нэгдсэн эмнэлэг иргэдэд уг аппаратаар арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн үйлчлэх ажээ.