Ө.Энхтүвшин: Гишүүд  бүлгийн байр суурь гэхгүйгээр сонгуулийн гацааг арилгаж болно
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2011.11.02

Ө.Энхтүвшин: Гишүүд бүлгийн байр суурь гэхгүйгээр сонгуулийн гацааг арилгаж болно

УИХ дахь МАН-ын бүлэг уржигдар үдээс хойш ээлжит хурлаа хийсэн билээ. Уг хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцээд өнгөрсөн жилүүдийн төсвөөс дэвшилттэй болсон гэж үнэлжээ байна. Тухайлбал, ирэх онд эдийн засгийн өсөлтийг 25,6 хувьд хүргэнэ. ДНБ-ийг 18 их наядад хүргэж улмаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6.4 сая төгрөг буюу 5362 ам.доллартай тэнцэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ урьд жилүүдийнхээс 4.2 дахин нэмэгдэж 1.5 их наяд төгрөгт хүрнэ. Төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос буурч 740 тэрбум төгрөгийн алдагдал гарна гэж тооцсоныг сайн төсөв гэж үзжээ.

2012 оны нэгдсэн төсвийн төслийн бас нэгэн дэвшил нь иргэдийнхээ хөгжилд анхаарснаараа онцлогтой гэв. Өнгөрсөн тавдугаар сард тус намын бүлэг хуралдаад УИХ-ын 2008 оны сонгуулиар амласан амлалтуудаас юу нь хэрэгжсэн, юу нь хэрэгжээгүй байгааг дүгнэж 11 зүйл бүхий санал Засгийн газарт хүргүүлж байсан аж. Энэхүү саналд цалин, тэтгэврийг нэмэх, Хүний хөгжил сангаас иргэн бүрт өгөх ёстой төгрөгийн саяыг нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэл-нээр олгох болсныг МАН-ын бүлгийн гишүүд сайшаажээ. Төсвийн төсөлд зааснаар бол 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334 мянган иргэнд гуравдугаар сарын 1-нээс сая төгрөг олгож эхлэх юм. Мөн Хүний хөгжил сангаас оюутнуудын сургалтын төлбөрт зориулан 83 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгасан. Түүнчлэн "100 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 100 мянган иргэнд нэг сая төгрөг олгохоор 100 тэрбум төгрөг төсвийн төсөлд суулгасныг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээллийнхээ үеэр дурдсан юм. Иргэдэд нэг сая төгрөгийг  нь олгохоор төлөвлөөд буй хувилбаруудын алинд ч хамрагдах боломжгүй үлдэж байгаа хоёр сая гаруй иргэнд сая төгрөгийг ямар байдлаар олгох асуудалд МАН-аас томилогдсон ажлын хэсгийнхэн гарц хайхаар болжээ.

МАН-ын бүлэг ээлжит хурлаараа 2012 оны төсвийн төслийг хэлэлцээд хамтарсан Засгийн газрын амлалтыг биелүүлэхийг хичээсэн сайн төсөл болсон гэж үнэлсэн ч мөн зарим асуудлыг тусгалгүй орхисон болохыг хэллээ. Тухайлбал, нэлээд хэдэн жил яригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх, газар тариалангийн салбарыг дэмжих зорилгоор 12 мянган трактор нийлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тусгаагүй байна гэв. Гэхдээ үүнийг Хятад улсаас авах зээлээр санхүүжүүлнэ гэж заасан байгаа ч зээлийн санхүүжүүлэлт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа аж. Төсвийн төсөлд тусгалгүй орхисон асуудал гэвэл алслагдсан аймгуудад ажиллаж амьдарч байгаа иргэдэд бүсийн нэмэгдэл олгох тухай юм.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

-АН-ын бүлэг хуралдаад сонгуулийн хуулиар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гэтэл танай нам бүлгийн хурлаараа яагаад сонгуулийн хуулийн төслийг хэлэлцээгүй юм бэ?

-АН-ын бүлэг хурлаа хийж манай намын бүлгээс тавьсан санал, дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Манай намын бүлэг өмнө нь АН-аас тавьж буй олон мандаттай 26 тойргоор сонгууль явуулах саналыг мөн хүлээж авах боломжгүй гэдгээ албан бичгээр илэрхийлсэн. Манай нам энэ саналыг нь хүлээж авлаа гэхэд мандатын тоонд тултал дугуйлах санал тавьсан. Тухайлбал, 26 тойргоор сонгууль явуулахдаа гурван мандаттай тойрогт сонгогч заавал гурван хүний нэр дугуйлах заалтыг тусгах юм бол танай намыг саналыг хүлээж авъя гэсэн. Гэтэл энэ нь боломжгүй гэдгийг сүүлд нь мэдсэн.

Яагаад гэхээр 1996 онд Үндсэн хуулийн Цэц хүний нэрийг дугуйлахгүйгээр хоосон цаас хийсэн ч хүчинтэйд тооцно гээд шийдвэрлэчихсэн юм билээ.

Ингэхээр манай намын гишүүдийн мандатын тоонд тултал дугуйлах замаар санал авъя гэдэг санаа  мухардаж байгаа юм. 2008 оныхоо алдааг давтахгүйн тулд УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчлөх гээд байгаа юм шүү дээ. Олон мандаттай нэг тойрог гэдэг тогтолцоогоор сонгууль явуулах юм бол нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг байдал хэвээрээ үлдэх гээд байгаа юм. Энэ тогтолцоо нь намуудын дотор өрсөлдөөн бий болгож намын хүчийг нь сулруулах цаашлаад төрийг сулруулах, нэр хүндийг нь унагах сөрөг үр дагавартай. Үүнийг АН-ын бүлгийн гишүүдэд хэлсэн. Мөн АН-ын бүлэг хүн амынхаа тоог харгалзан  үзэж Улаанбаатар хотын мандатын тоог нэмье гэсэн санал тавьсан. Харин манай намын бүлэг зөвхөн хүн амын тоо гэдэг үзүүлэлтийг авч үзэлгүйгээр газар нутаг, хүн амынхаа тоог харгалзан үзэж мандатаа хуваарилах саналтай байгаа. Улаанбаатар хотын мандатын тоог нэмэгдүүллээ гэхэд намын нэрсийн жагсаалтаар орж ирэх 28 хүнийг сонгоход Улаанбаатар хотын сонгогчид илүү оролцоотой байхаар байгаа. Тиймээс энэ бүхнийг харж үзэх саналыг АН-ын бүлэгт тавьсан. Гэтэл АН-ын бүлэг өчигдөр (уржигдар) үдээс өмнө хуралдаад дээрх саналуудыг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн тухайгаа Ч.Сайхан-билэг дарга албан ёсоор мэдэгдсэн. Улмаар УИХ-ын сонгуулийн тухайн хуулийн өөрчлөлт нэлээд түвэгтэй байдалд орлоо. Уг нь хоёр намын бүлэг арав гаруй асуудлыг хамтраад шийдсэн юм. Гэтэл одоо хоёр асуудал дээр түр гацлаа. Түр гэж хэлэхийн учир нь, гацаанаас гарах зөвшилцөлд хүрнэ гэж бодож байна. Өнөөдрөөс хамтарсан ажлын хэсэг дахин хуралдана. Гацаанаас гарах олон хувилбар бий. Тухайлбал, УИХ-ын гишүүд бүлгийн байр суурь гэхгүйгээр өөрийн-хөө итгэл үнэмшлээр энэ асуудалд хандаж үл ойлголцлыг шийдвэрлэж болно.

-Танай намын Удирдах зөвлөл маргааш (өнөөдөр) хуралдана гэсэн. Сонгуулийн хуулийг хэлэлцэх үү?

-Үгүй. Өөр асуудлаар хуралдана гэсэн зар ирсэн. Ер нь Сонгуулийн хуулиар манай нам шийдвэрээ гаргачихсан. Тийм учраас дахиж ярих шаардлагагүй гэж үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.