“Уул уурхайн тоглолтод бид хөзрийн хүн биш”
"Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" салбар хуралдаан
2015.10.28

“Уул уурхайн тоглолтод бид хөзрийн хүн биш”

МАН-ын зохион байгуулж байгаа "Бид хамтдаа" үндэсний форум Тусгаар тогтнолын ордонд ургэлжилж байна. Өчигдөр үйлдвэржилт, хөдөө аж ахуй, уул уурхай, банк, санхүү зэрэг зургаан асуудлаар салбар хуралдаан болж өнгөрсөн юм.

Харин бид "Уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" салбар хуралдаанд оролцож, мэргэжилтнүүдээс тус салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод хүндрэлээс гарах зарим гарц, шийдлийг сурвалжиллаа.

Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа: Хоёр "толгой" шиг орд мянгад нэг олддог

Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч Н.Алгаа

 "Оюутолгой, Тавантолгой шиг орд мянган оролдлогод нэг олддог бол казинод тоглодог хүний хамгийн том эрсдэл нь З6-д нэг байдаг гэдгийг эхлээд сануулах хэрэгтэй. Өнөөдөр хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр, улсын төсвөөр хоёр янзаар хийдэг. Зах зээлийн чиг баримжаатай улсад хайгуулаас хойшхи ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ гээд 1992 оны сонголтоороо бид шийдчихсэн.

Мөн 1994 оноос хойш геологи, уул уурхайн салбарын Ашигт малтмалын хуулиа гурван удаа өөрчилжээ. Энэ хугацаанд ямар байсныг хоёрхон үзүүлэлтээр дүгнэхэд хангалттай.  Нэгдүгээрт, шинээр олгосон лицензүүдийн тоо. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээ. Хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилт амжилтгүй болсон нь судалгааны байгууллага, аргачлалыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй зөвхөн улс төрийн шийдвэр гаргаж байгаатай холбоотой.

Мөн эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж буй хүчин зүйлүүдийн индексийг таван бүлэгт хувааж судлахад манай улс Зимбабе, Венесуэлтэй л ойролцоо байгаа юм. Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөөг Монголд боогдуулсан жишээнүүд гэвэл би 106 тусгай зөвшөөрлийн цуцлах, "Урт нэртэй хууль" гарч 5-10 жил хөдөлмөрлөсөн олон хүний ажлыг нураасан, Хан ресурсын маргаан хөрөнгө оруулагчдыг үргээх үндэс болсон зэргийг дурдаж болно.

Тиймээс байгалийн баялгийн үндсэрхэг үзэл буюу популизм, улс төр, хийрхэл гурвыг болих, хууль, бодлого, журмын өөрчлөлтүүд хийх, дүгнэлт, зөвлөмж, тусгай зөвшөөрөл, хээл хахууль зэргийг зогсоох учиртай.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эрдэс баялгийн салбараа бид анхнаасаа мөнгө олдог, улам баяждаг хэрэгсэл гээд ойлгочихсон

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

"Уул уурхайн салбар 2010 онд улсын төсвийн 28 хувийг бүрдүүлж байв. Харин өнөөдөр 13 хувь болтол буурч, 2011 онд 4.7 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалттай байсан салбар өнгөрсөн оны эцсийн дүнгээр 644 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ" гэсэн тааруу мэдээг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. Тэрээр геологийн салбарын хөрөнгө оруулалтын 74 орчим хувь нь дотоодынх, 14 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалттай       компани, үлдсэн нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани гэлээ.

 Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээтэй, хамгаалалттай, ашиглаж болохгүй газар нутаг Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг байна. Гэхдээ Я.Содбаатар гишүүн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай 8.6 хувьтай байгааг 19.6 хувь буюу 31 сая га талбайд зөвшөөрөл олгох боломж байгаа гэж үзэв. Энэ талаар тэрээр "Нийгэмд геологи, уул уурхайн салбарынхаа ойлголтыг буруу өгсөн.

Үүнээс болоод геологи хайгуулын ажлын талаар нийгэмд сөрөг хандлага, буруу ойлголт үүссэн. Хайгуулын ажил хийе гээд очиход мөнгө олж, ашиг олох нь гэж хараад байдаг. Гэтэл хайгуулын ажил нь шинжилгээ, судалгааны ажил байдаг. Энэ буруу үзэгдпийг өөрчлөх хэрэгтэй. Уул уурхайн олборлолт бол дараагийн шатны ажил учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг ихэсгэх хэрэгтэй" гэсэн юм. Мөн "Монгол Улсын Ерөнхийлөгч тусгай зөвшөөрөл олгохыг зогсоо гэж шийдвэрлэсэн. Энэ бол өнөөгийн байгаа байдалд ихээхэн нөлөөтэй.

Хятадын зах зээлд ямар улс ямар бүтээгдэхүүн нийлүүлэх вэ, гэдэг том өрсөлдөөнд Монголыг шахах "явуулга" их өрнөсөн. Үүнийгээ бид иргэний хөдөлгөөн, эх оронч үйлдэл гэж хардаг, итгэдэг. Эрдэс баялгийн салбараа бид анхнаасаа мөнгө олдог, улам баяждаг хэрэгсэл гээд ойлгочихсонд л дутагдал байна" гэлээ. Үүнээс гадна, хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа бас нэг асуудал нь орон нутгийн удирдпага гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хайгуул хийхийг зөвшөөрсөн ч хөрөнгө оруулагчид орон нутгийн удирдлагаас санал авах зарчим нь хээл, хахууль, хэн нэгний халаасанд орох нөхцөлд байдалд түлхдэг гэж үзсэн юм.

Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан нь өнөөдрийн хүндрэлийн гол нөлөө гээд 11 мянган аж ахуйн нэгжийг хүчний байгууллага, 5000 гаруй аж ахуйн нэгжийг цагдаа нар шалгасан нь өмчөө хамгаалах эрх зүй, боломж Монголд байхгүйг илтгэж байгаа гэсэн юм. Харин 15 орчим жилдээ, болж өгвөл 20 жил уул уурхайн салбарын бодпогод гар хүрэхгүй байх нь хөрөнгө оруулагчдыг татах эхний алхам гэж үзлээ. Мөн "өмчийн болон эрхийн хамгаалал маш ойлгомжгүй, эрсдэлтэй. Нэг л өглөө лиценз цуцлаад, шалгаад, хаагаад явчихдаг. Үнэгүй авсан лицензийг хаачихаж болно гэх буруу ойлголт төрийн албанд ч байна, ард иргэдэд ч бий. Үүнийг өөрчлөх ёстой" гэсэн юм.