Ө.Энхтүвшин:Ажлаа өгөх гэж байгаа АН-ын дэд сайд үнэ нэмэхийг зөвшөөрчихсөн байсан
2012.01.10

Ө.Энхтүвшин:Ажлаа өгөх гэж байгаа АН-ын дэд сайд үнэ нэмэхийг зөвшөөрчихсөн байсан

-Валютын ханшаас үүдсэн шатахууны үнийн өсөлтийнталаар МАН-ын бүлэг хэлэлцжээ. Ямар шийдэлд хүрэв?

-Монгол Улсад бий болоод байгаа валютын ханш, бараа бүтээгдэхүүн, ялангуяа шатахууны үнийн өсөлтийн талаар хэлэлцлээ. Өсөлтийн шалтгаан, цаашид хэрхэн зохицуулах вэ гэдгээр бүлгийн гишүүд санал солилцсон, Юунаас болов гэсэн шалтгааныг эхлээд тогтоох хэрэгтэй юм. Үүний тулд Монголбанкинд очиж ажиллах гурван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Мөн Монголбанкны ерөнхийлөгчийн сонсголыг авахаар боллоо. Бас Засгийн газрын арга хэмжээний төлөвлөгөөг ч сонсох ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл, зүгээр мэдээлэл сонсоод өнгөрч боломгүй байна. Бид мэдээллийг хэвлэлээс хангалттай авч байна.Зөвхөн мэдээллээр шийдвэр гаргах биш, шалтгааныг нь тогтоох, Засгийн газар ямар арга хэмжээ авах талаар сонсох нь илүү чухал байна. Засгийн газар хувийн компанийн удирдлагуудтай зөвшилцөөд маргааш (өнөөдөр) МАН-ын бүлэгт ойрын хугацаанд авах арга хэмжээнийхээ талаар танилцуулга хийхээр боллоо.

-Үнийн өсөлтийн буруутныг АН-ын бүлэг бол тогтоогоод, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдөр ганц нэг мэдээлэл сонсоод, тэрнээс болсон. Үүнд хариуцлага тооцох ёстой гэдэг чиглэлийг бүлгээс өгөх нь эртэднэ. Ганц хүн ажлаас халснаар энэ асуудал өөрөө шийдэгдэхгүй шүү дээ. Асуудлыг шийдье гэвэл тал бүрээс нь бодлогыг нь сонсож шийдвэрээ гаргах ёстой гэж манай бүлэг үзсэн.

-АН засгаас гарахаа мэдэгдсэний дараа үнийн огцом өсөлт боллоо. Үүнийг улс төрийн тогтворгүй байдлаас болж эдийн засгийн тогтворгүй байдал үүслээ гэж таамаглах хэсэг байна?

-Яг одоо ийм шалтгаанаас болсон гэж хэлэхэд хэцүү байна. Миний хувьд улс төрөөс болсон, эсвэл Монголбанк интервенц хийгээгүйгээс, Засгийн газар зохицуулалт хийгээгүйгээс болсон гэж бүрэн дүүрэн хэлж чадахгүй нь. Гэхдээ бидний авсан мэдээллээр тодорхой хэмжээнд улс төр нөлөөлж байна уу гэсэн бодол бол орж ирсэн. Яагаад гэвэл, АН Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийсний дараа энэ асуудал болж байна. Хоёрт, уг ажлыг зохицуулах ёстой Үнийн зөвшилцлийн комисс гэж Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэд бий. Уг ажлын хэсэг хуралдаад шатахууны үнийг нэмэхийг зөвшөөрсөн байна. Энэ ажлын хэсгийг ахалж байгаа хүн нь өнөөдөр ажлаа өгөхөд бэлэн байгаа дэд сайд Б.Ариунсан. Засгийн газар үнийн өсөлт гаргаж болохгүй. Импортлогчидтой сайн ярилц гэсэн чиглэл өгөөд байхад өнгөрсөн баасан гаригт 230-260 төгрөгөөр нэмэхийг зөвшөөрчихсөн байгаа юм. Тэгсэн хэрнээ АН-ын бүлгийн хурлаар зориуд энэ асуудлыг хөндөж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах нь зүйтэй гээд яриад сууж байна. Энэ бүхэн тодорхой тооны хүний хийгээд байгаа улс төрийн тоглоом мөн үү, нягтлах ёстой юм биш үү гэсэн санал ч анхаарал татаж байна. Хэдийгээр Засгийн газраас тодорхой хэмжээний сайд нар гарлаа ч ажил үргэлжлээд явах ёстой шүү дээ. Тэр зөвшилцлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байх ёстой. Ард түмэнд амласнаа хэрэгжүүлж байх ёстой юм.

-АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдлээ. АН -ын энэ нүүдлийг МАН-ын бүлгийн ахлагчийн хувьд та хэрхэн харж байна вэ?

Үндэсний зөвлөлдөх хорооны хурал нь ямар шийдвэр гаргахыг би тааж хэлж чадахгүй. Зүгээр хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүсийнх нь мэдээллийг сонсоход АН засгаас гарах ёстой гэсэн шалтгаан нь тодорхой биш юм билээ. Сонгууль болох гэж байгаа учраас АН Засгийн газраас гарах гэж байгаа гэсэн зүйлийг тэд хэлсэн шүү дээ. Ер нь бол нэгдсэн, нийлсэн юм чинь салж болно. Гэхдээ шалтгаан, үндэслэлээ олон түмэнд тодорхой танилцуулах ёстой. Хамтраад явж байгаа Ардын намдаа ч хэлэх учиртай. Зөвхөн сонгуулиас болж гарах гэж байгаа юм уу гэдгээ тодорхой хэлэх ёстой юм. Үнэхээр тийм бол хамтарсан Засгийн газрыг анх байгуулахын өмнөхөн байгуулсан хоёр намын хамтарч ажиллах гэрээ гэж бий. Ийм зүйлийг хамтарч хийнэ, үүний төлөө Засгийн газрыг хамтарч байгуулна гэсэн  гэрээ. Гэрээнд заасан тэр зорилтууд хэрэгжив үү гэдгээ хэлж өгөх  ёстой  юм..

-Хамтарсан Засгийн газарт орсон түүхэн үүргээ бид биелүүлсэн гэж АН-ын удирдлагууд мэдэгдсэн шүүдээ?

-Тэгсэн байна лээ. Гэтэл гэрээг аваад үзэхээр том том асуудлууд нь байж л байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулна гэж хоёр тал үүрэг авсан байх жишээтэй. Өрх бүрийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэсэн заалт бий. Аймгуудыг Улаанбаатар хоттой автозамаар холбоно гээд заасан байна. Алдарт эхчүүдэд 500 мянгаас -нэг сая төгрөгийг тэтгэлэг олгоно гэх мэт зөвшилцлийн гэрээнд туссан зөндөө олон зүйл бий. Энэ бүхнийг хэрэгжиж дуустал хамтарч ажиллана. Үгүй бол нэг тал дангаараа гэрээг цуцлахыг хориглоно гээд гэрээ байгуулсан шүү дээ. Энэ бүхнийг тайлбарлаж өгөх хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг хэрэгжсэн гэж үзэв үү, эсвэл сонгууль дөхсөн болохоор хэрэгжүүлэхгүй гэж үзсэн үү гэдгээ тайлбарлах ёстой. Түүхэн үүрэг гэж тэд өөр зүйл ойлгоод байгаа юм уу гэдгээ хэлэх хэрэгтэй л дээ. Энэ бүхнийгээ ойлгомжтой тайлбарлаад, олон нийтэд, МАН-д хэлээд явах ёстой гэж бодож байгаа. Түүнээс биш хамтрах ёстой, салдаг нь буруу гэж ярих нь утга учиртай асуудал биш. Нийлсэн юм чинь салж болно. Салахдаа үндэслэл шалтгаанаа хэлэх л хэрэгтэй. Саллаа гэхэд гэрээнд туссан үлдэж байгаа асуудлаа хэрэгжүүлэхэд яаж оролцохоо хэлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэсэн МАН-ын даргын үгийн хариуд АН-ынхан "Бид ханилж  яваад нөхрөө таньсан юм" гэж хариу тайлбар өгсөн байна лээ. Ер нь хоёр нам хамтарсан өнгөрсөн хугацаанд МАН нөхрөө хэр зэрэг танив?

-Таних ч юу байхав. Энэ хоёр намыг өөр өөр гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хоёр өөр үзэл баримтлал  хоёр өөр шугамтай, асуудал шийддэг арга тактик нь ч өөр. Ийм намууд гэдгээ ч бүгдээрээ мэдэж байсан. Мэдэж байсан болохоороо ч хамтарч ажиллах саналыг бид тавьсан юм. Яагаад гэвэл, бидний үзэл бодлын ялгаанаас илүү ард түмний өмнө тулгамдсан том том асуудал байна гэж үзсэн юм. Үүнийг шийдэхийн тулд хамтарч ажиллая гэж ойлголцоод гэрээ байгуулсан шүү дээ. Ингээд 3.4 жил хамтраад явлаа. Сонгууль болох гэж байгаа учраас гарлаа гэдгээ л тэд хэлээд байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр л сонгууль болох гэж байгааг мэдсэн гэвэл дэндүү инээдтэй зүйл болно доо. Ардын намыг өнөөдөр л танилаа гэдэг чинь ч бас инээдтэй үг, өгүүлбэрүүд байна. Бидний хувьд ямар үзэл баримтлалтай нам бэ гэдгийг бүгд мэднэ. Гол нь ажил амжуулъя. Олон жил ярьсан ч шийдэж чадаагүй зүйлсээ урагш ахиулъя гэж саналаа тавьсан.

-АН ҮЗХ-гоо хуралдуулаад намын даргынхаа саналыг дэмжвэл МАН дангаараа Засгийн газраа байгуулна. Сайд нарын томилгоо ч яригдсан бололтой. Үлдэж буй багахан хугацаанд ажилтайгаа танилцах гэсээр байгаад өнгөрүүлчих сайд битгий тавиасай гэсэн яриа байна?

-АН гарлаа ч гэсэн МАН-ын Засгийн газар хийдэг юмаа хийгээд явна. Ард түмэндээ 2008 оны сонгуулиар юу гэж амласан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт юу гэж тусгасан, зөвшилцлийн гэрээнд туссан зүйлсээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаад явна. Ямар нэгэн байдлаар ухрах, няцах, тайлбар тавих эрх байхгүй. Харин Зас-гийн газрыг яаж бүрдүүлэх вэ гэдгийг өнөөдөр ярихад эрт байна. Цагийн юмыг цагт нь л ярих ёстой. Гурван дарга хэвлэлийн бага хурал хийж ҮЗХ-гоор ярина л гэж мэдэгдсэн болохоос албан ёсоор ҮЗХ нь ч зарлагдаагүй байна. Шийдлээ гэхэд АН-ынхан өргөдлөө өгөх ёстой. Өгөөгүй л байна шүү дээ, одоо. Яаран тэр, тэрийг сайд болгоно гэж ярих боломжгүй. Цаг нь ирэхээр амархан шийдээд явчихна.

-Хоёр намын хамтарч ажиллах гэрээ ёсоор зөвхөн Засгийн газар хамтарч байгуулахаас гадна УИХ-ын хүрээнд ч хамтрах заалтууд бий. Гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдвал Байнгын хороо болон Дэд хорооны даргын сонгууль явуулах уу?

-Тэр бүхнийг өнөөдөр хэлэхэд эрт. Нөгөө тал ямар санал тавих юм.Одоо бол Засгийн газраас л гарна гэсэн шүү дээ. Зөвшилцлийн гэрээнд бол 60:40 гээд явж байгаа л даа. Үүнийг бүхэлд нь хамруулж ярих эсэх нь тодорхойгүй байна. Цааш цаашдаа ярих зүйл. Цаг нь болохоор шуурхай шийдээд явчихна гэдгийг л хэлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.