Ө.Энхтүвшин: Шатахууны үнэд улс төр нөлөөлсөн
2012.01.11

Ө.Энхтүвшин: Шатахууны үнэд улс төр нөлөөлсөн

Б.Ариунсан засгийн газрын тэргүүний үгийг үл ойшоон үнэ нэмэхийг үүрэгджээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөгийн нөхцөл байдлыг улс төрийн явуулга хэмээн АН дүгнэж байна. Танай намын бүлгийн гишүүд ч ийн дүгнэсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Валютын ханшийн өсөлт шатахууны үнэ нөлөөлсөн талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. Гэхдээ үүнээс гадна хэдэн хэдэн хүчин зүйл нөлөөлжээ. Тухайлбал, улирлын онцлог ч шатахууны үнийн өсөлтөд буруутай. Гол нь шуурхай зохицуулалт дутагдсан нь ч үүний нэг шалтгаан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Монголбанктай эсвэл танхимдаа асуудлыг шуурхай хэлэлцэж, зохицуулах байдал ч дутагдсан. Дөрөв дэх хүчин зүйл нь улс төр. АН Засгийн газраас гарна гэсэн мэдэгдэл хийсний дараахан шатахууны үнэ өсөж, өнөөдрийн байдлаар бараа үйлчилгээний үнэ ч ноцтой байдалд хүрэх нь. Үүнийг нарийн судалж үзэх шаардлагатай. АН-ын эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Түүнчлэн өнгөрөгч баасан гаригт Засгийн газрын Үнэ ханшийг зохицуулах ажлын хэсгийн ахлагч ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хуралдуулсан байгаа юм.

Улмаар энэ хурлаар нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийг үнээ нэмэхийг зөвшөөрсөн. Ингэхдээ АИ-92 бензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А 80-ыг 1550 төгрөг хүртэл нэмж болох юм гэсэн зөвшөөрөл өгсөн аж. Урд нь аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх талаар хэд хэдэн удаа санал гаргаж байсан ч Засгийн газраас зөвшөөрөөгүй байна. Улмаар ажлын хэсгийн ахлагч Б.Ариунсанд үнэ ханшийг нэмэгдүүлэхгүй байх талаар компаниудын эзэнтэй ярьж, арга хэмжээ авахыг үүрэгдсэн байдаг. Гэтэл удирдлагынхаа шийдвэрийг үл ойшоон дээрх шийдвэрийг гаргасан байгаа юм. Ийнхүү шатахуун суурь үнэ учраас бусад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч өссөн.

-Гэхдээ дэд сайд Б.Ариунсан тэр өдрийн хуралд суугаагүй. Мөн Д.Зоригт сайд ийм үүрэг өгсөн талаар АН-ын бүлгийн гишүүдэд хэлсэн байсан. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ч ийм зүйл хэлж байна лээ. Тэгэхээр та бүхэн үүнийгээ хэрхэн нотлох юм бэ?

-Тухайн хурлын протоколийг нь үндэслэн ийн мэдээлж байгаа юм. Бүлгийн хурал болон байнгын хороон дээр ийн ярьж байгаа хариуцлагагүй асуудал л даа. Үнэ ханшийг хувийн хэвшлийнхэнтэй ярьж зохицуулах үүрэгтэй ажлын хэсэг үүнийгээ хэрэгжүүлээгүй. Шаардлагатай үед авах арга хэмжээгээ Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэх ёстой атал асуудалд улс төржүүлсэн байдлаар хандсан гэж үзэхээр байна. Энэ бүхнээс Засгийн газраас гарч байгаа сайд нар маань ийм үүргийг өгөөд явжээ гэж дүгнэхээр байна. Нэг үгээр хэлбэл, биднээс хойш галав юүлсэн ч яах вэ гэдэг хандлага гаргасан нь энэ болов уу.

-АН-ын бүлгийн хурлаар шатахууны үнийн өсөлтийг валютгай холбон тайлбарласан. Тэгэхээр энэ бүхэн зөвхөн улс төрийн тоглолт гэж үү?

-Шатахууны үнийг нэмэгдүүлж болно гэдэг. Үүнийхээ дараа АН-ын даваа гаригийн бүлгийн хуралдаанаар “Монголбанкнаас болсон байна. Валютын ханшийн өсөлтөөс болжээ” гээд төвбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулна гэдэг санал тавьж байгаа нь эдийн засгийн асуудлыг улстөржүүлэн бултаж байгаа арга. Санаатайгаар цаанаасаа ийм үйл ажиллагаа явуулж байна гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн хэд хэдэн гишүүн гаргалаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн асуудлыг улс төржүүлж байна. Энэ дагуу асуудлыг авч үзнэ. Нэгэн цагт нийлсэн хамтарсан Засгийн газар салж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн ажил нэг минутаар ч тасалдаж болохгүй.

Үнийн асуудлыг ч, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх асуудлыг ч зөвшилцлийн гэрээнд тусгасан. Монгол өрх бүрийн сраны орлогын төвшинг нэг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэж заасан. Гэтэл үнэ ханшийг ингэж өсгөнө гэдэг Засгаас гарлаа, цаашид аливаа асуудалд зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас хандана гэдэг бодлогоор энэ ажлуудыг хийж байгаа юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

-Гэхдээ валютын ханш шатахууны үнэд нөлөөлсөн гэдэг нь үнэн биш гэж үү?

-Монголбанк валютын зах зээл дээр эрэлт, хэрэгцээг хангах, зохицуулах зарчмаар ажиллалгүй, зөвхөн өөрсдийн тодорхойлсон хатуу ханшаар зохицуулалт хийх гэж оролдсоноос үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Интервенцийг оновчтой цаг хугацаанд хийж чадсангүй. Үүнээс болж зохиомол эрэлтийг бууруулж чадаагүй байна гэсэн хоёр дүгнэлт бий. Монголбанк үүн дээр үүнийг том эдийн засгийн бодлоготой уялдуулж харахгүй бол зөвхөн интервенц юм уу, хатуу ханшаар зохицуулалт хийх гэж оролдсоноос болсон гэж үзэхгүй гэсэн санал хэлж байгаа. Гэхдээ төвбанкныхан үүнтэй санал нийлэхгүй байгаа. Гол нь асуудалд хэн буруутай вэ гэхээсээ илүүтэй шаардлагатай арга хэмжээг, цаг алдалгүй авах нь чухал болоод байна. Иймээс үнийн өсөлтөд олон шалтгаан байгаа ч шаардлагатай арга хэмжээг даруй ав, даамжруулж болохгүй. Үүний тулд Монголбанк, Засгийн газар нягт хамтран ажиллах хэрэгтэй. Хариуцлага алдагсдад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн чиглэлээр МАН-ын бүлгийн гишүүд ярилцаж байгаа.

-Валютын ханшны өөрчлөлттэйгээр Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг албан тушаалаас нь огцруулах талаар АН-ын бүлгийн гишүүд үзсэн. Энэ асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг албан ёсоор тавиагүй байгаа. Энэ нь зөвхөн бүлгийн хурал дээр яригдсан асуудал бололтой. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ер нь аль нэг албан тушаалтныг яаран сандран огцруулсанаар асуудлыг шийдэгдэхгүй. Валютын ханш буурч, үнийн өсөлт зогсох уу. Харамсалтай  нь  ийм  зүйл  болохгүй Хоёр өдөр дараалан уг асуудлыг хэлэлцэж байгаа нь нарийн учир шалтгаантай. Гол нь асуудлын нарийн учрыг тогтоохын зэрэгцээ ойрын хугацаанд Засгийн газар ямар арга хэмжээ авах нь чухал. Түүнээс биш нэг хүнийг огцруулаад асуудал шийдэгдэх бол амархан л хийчих ажил.

-АН-ын гишүүн эзэнтэй шатахуун түгээх станцууд нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж, мөн адил банкууд нь валютын зах зээл дээрээс ам.доллар ихээр худалдаж авснаас үнийн өсөлт бий болсон зэргээр мессеж явж байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ. Энэ талаар та бүхэн судалж үзсэн үү?

-Энэ бас анхаарал татаж байгаа юм. Жишээ нь, хоёр шатахуун түгээх станц тэр үед үнээ нэмээгүй. Цаад шалтгаан нь юу байв. Магадгүй тухайн хоёр аж ахуйн нэгж хуучин үнээр худалдан авсан шатахуун байсан байж мэднэ. Эсвэл үүний цаана улс төр байв уу. Энэ бүхнийг тогтоох гээд бүлгийн хуралдаан дээр ярьж байна.

-АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдсэний маргааш нь ашигт малтмалын лицензүүдийг хууль бусаар авсан талаар мэдээлэл хийнэ гэсэн зар тараасан. Баримттай мэдээллийг албан тушаалтных нь нүүрийг улалзтал дэлгэнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар мэдээлэл хийгээгүй. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ. Энэ талаар та бүхэн мэдсэн үү. МАН, АН Засгаас гарлаа гээд тэмцэл өрнөж, УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үү?

-Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийх гэж байгаа талаар сонсоогүй. Хууль бус зүйл байгаа бол мэдээлэл хийх л хэрэгтэй. Хамтарсан Засгийн газарт байсан, байгаагүй хууль бус үйлдлийг дэлгэж болно. АН-ын асуудал учраас асуудлыг дэлгэнэ, манай намынх учраас дэлгэхгүй гэсэн зүйл байхгүй. Гол нь хуулийн дагуу асуудлыг авч хэлэлцэн, зарчимтай л явах хэрэгтэй. АН Засгаас гарч МАН дангаараа Засаг байгууллаа гэхэд нөхөгдөж орох хүмүүс зарчим дээрээ ажиллаж чадах мэргэжлийн, салбараа мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн, шударга, элдэв зүйлд хутгагдаагүй тийм хүмүүс энэ Засгийн газрын сайд болон дэд сайдын суудал, агентлагийн дарга нарт томилогдох учиртай. Тэр ч чиглэлээр ярьж байгаа.

-АН-ын зургаан сайдын асуудлаас гадна дэд сайдын орон тоо, яам агентлаг болон УИХ-ын түвшинд байгаа 60:40 харьцаанд өөрчлөлт орох уу?

-Өнөөдрийн асуудал энэ биш. Засгийн газрын зургаан сайдыг хэнээр, хаанаас дүүргэх. дэд сайд болох яам, агентлагийн дарга нар цаашлаад байнгын хорооны дарга нарын асуудал өнөөдөр яригдахгүй. Цаг нь болоогүй байна. АН шийдвэрээ ҮЗХ-ны хурлаараа гаргана. Үүний дараа шийдвэр нь хэрхэн гарах нь. Шийдвэр нь гарсны дараа өргөдлөө өгөх байх. Үүний дараа Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар ярих цаг нь болно.

-Гэтэл өнөөдөр АН хамтарсан Засгийн газраас гараагүй байхад хоёр намын улс төрийн тоглолт эхэллээ. Шатахууны үнэ өссөн шалтгаан нь ч танай намын буруу, үгүй гэх байдлаар үргэлжилж байна. Магадгүй сонгууль болтрл энэ байдал үргэлжлэх байх. Тэгэхээр үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

-Уг нь ийм байж болохгүй. Засгийн газраас гарах асуудалд буруу, зөв гэж ярьж байгаа юм алга. Гол нь терийн ажил явж байх ёстой. Хорёдугаарт нь, анх хамтрахдаа тохирсон ажлаа дуусгах учиртай. АН хамтарсан Засгаас гарсан ч зургаан сайд нөхөгдөж, тохиролцсон ажлууд хийгдэнэ. Иймээс түүнийгээ бүгдийг нь хэрэгжүүлэхийн төлөө тэр байгуулагдах Засгийн газар ч ажиллах ёстой. Аль болох бага сөргөлдөх хэрэггэй. Сонгууль зарлагдсаны дараа өөр өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, сурталчилгааны өрсөлдөөн тухайн цаг үедээ явагдана. Одоогийн байдлаар хугацаа хожиж ажлаа амжуулах л хэрэгтэй.

-Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Монголбанкны ерөнхийлөгч Л Пүрэвдорж нарын байдлын талаар цаашид хариуцлагын асуудал яригдах уу?

-Процесс цааш хэрхэн үргэлжлэх нь үү. Гэхдээ үргэлжлэх нь үү үгүй юү гээд зүгээр хараад сууж бас болохгүй. Ядаж л үнийг буулгаж чадахгүй бол энэ хэмжээнд нь барих талаар өнөөдөр арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг байр сууринаас асуудалд хандаж байна. Юуны түрүүнд импортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, татаас өгөх, эсвэл татварыг тодорхой хэмжээгээр бууруулах гэхчлэн олон асуудлыг хэлэлцэх байх. Мөн махны үнийн хөөрөгдлийг барихын тулд нөөцийн махыг худалдаанд гаргахаар боллоо. 12 мянган тонн махыг хямд өртгөөр худалдаална. Нийлүүлэхдээ нэг хэсэг хүмүүсийн гарт оруулахгүйн тулд хяналт тавьж, ард иргэдэд борлуулах арга хэмжээ авах чиглэл өгч байна. Үүнээс гадна мах нийлүүлсэн аж ахуйн нэгжийн хувьд кг тутамд 650 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвт хөрөнгийг нь суулгасан. Гол нь энэ бүхнийг сайн зохион байгуулж, үнийн өсөлтийг барих хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмэн хохирно.

-АН-ын зургаан сайд УИХ-ын гишүүд. Тэгэхээр тэдний оронд танхимд орох сайд нар УИХ-ын гишүүд байх уу, эсвэл гаднаас уу. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийг сайд болгохгүй гэсэн байр суурь давамгайлах боллоо. Хэдийгээр энэ талаар яриагүй байгаа ч гэсэн тодорхой чиглэл бий байх?

-Энэ талаар тодорхой яригдсан зүйл байхгүй. Энэ асуудлыг ярихаасаа емнө ямар зарчим баримтлах вэ гэдэг нь чухал. Зарчим дээр л тохирно. Тэр дагуу намын Удирдах зөвлөл бодлогоо хэлж, бүлгийн хурлаар асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа л хэн байх уу гэдгийг ярина.

-АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Бид ардчилсан Засгийн газар байгуулахын тулд хамтарсан Засгийн газраас гарч байна” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр таныхаар үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Мэдэхгүй. Хүн нь гарахаараа хаяг нь солигддог Засгийн газар гэж сонсоогүй юм байна. Ардчилсан Засгийн газар гэж хэн нэр өгсөн юм. Албан ёсоор байгуулсан гэрээ, зөвшилцөлд Ардчилсан Засгийн газар гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Сүүлийн 20 жил шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан ардчилсан Засгийн газар л үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Ардчилал гэдгийг хэсэг хүн өөртөө наачихаад, түүнийгээ өвөртлөөд явж байдаг зүйл гэж бодоогүй байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.