Хүнийг хүссэнээрээ доромжилж, гүтгэж болдог цаг үе ирэх нь
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.02

Хүнийг хүссэнээрээ доромжилж, гүтгэж болдог цаг үе ирэх нь

УИХ дахь бие даагчдын бүлгээс дөнгөж сая мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүү С.Ганбаатар,  Х.Болорчулуун нар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны томилолтоор Дорнод аймагт ажиллаж байгаа учраас Ц.Даваасүрэн гишүүн ганцаараа мэдээлэл хийсэн юм. 

Бие даагчдын бүлгээс энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүд дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал,  “2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ.  2016 оны төсвийн төсөл бодит хасалт, таналтаа зөв хийж чадаагүй. Төрийн албан хаагчдын цалин хасах руу чиглэж байна. Энэ бол эрүүл төсөв биш. 

Тэнцлийг хийж болох олон арга зам байна. Тухайлбал, зөвлөхдөө С.Баярцогт дарга 10 тэрбум өгнө гэж ярьж байгаа. Энэ мэтээр нэг жилдээ тэвчиж болох зардлууд олон байхад цалин хасна гэж ярьж байгаа нь буруу. Харин ч цалин нэмэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Мөн Эрүүгийн хэргийн болон зөрчлийн хуулийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ талаар тэрбээр “Эрүүгийн хэргийн болон зөрчлийн хуулинд хүн гүтгэхийг зөрчил гэж үзнэ хэмээн оруулж ирж байна. Тэгэхээр шар сонин, сайтууд хүнийг хүссэнээр доромжилж, гүтгэж болдог цаг үе эргэж ирэх нь. Тийм учраас хүнийг ноцтойгоор гүтгэсэн бол Эрүүгийн хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулиар шийдвэрлэх ёстой” хэмээн үзэж байгаа хэллээ. 

Дээрээс нь энэ хуульд бас компанид эрүү үүсгэнэ гэсэн заалт орж ирж байгаа ажээ. Тэгэхээр эзэн биегүй компанид эрүү үүсгээд, тухайн компанийг удирдаж байгаа эрх мэдэлтэн, баячууд ялгүй үлдэх. Харин компанигүй хүн бол өөрөө ялаа үүрээд явах нөхцөл байдал үүсэх нь. Тиймээс компанид эрүү үүсгэнэ гэсэн заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

Мөн мөнгөний бодлого бодит байдалтай уялдаагүй орж ирсэн учраас төв банкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг бие даагчдын бүлгээс дахин тавих талаар мэдэгдсэн юм.