Төр ордоос 51, төмөр замаас 51 хувийг эзэмшинэ
Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Цагдаагийн байгууллага баривчилсан асуудлаар тайлбар өг
2015.11.03

Төр ордоос 51, төмөр замаас 51 хувийг эзэмшинэ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан асуудал болон Зам тээврийн Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг Цагдаагийн байгууллага баривчилсан асуудлаар тайлбар өглөө.

Эхлээд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр,“Өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй гол шалтгаан бол Тавантолгойн хөрөнгө оруулалтын талаархи УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Засгийн газраас хэрэгжүүлэх байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ дээр татаж авч, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд санал дүгнэлт өгөхөөр ажлын хэсэг гаргасан. Миний хувьд ажлын хэсгийг ахалж ажилласан. 

Ажлын хэсэг ажиллах явцдаа УИХ-аас тогтоолын төсөл боловсруулах шаардлагатай юм байна гэж үзээд тогтоолын төсөл боловсруулсан. Энэ төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан. Өнөөдөр өргөн барина. Тогтоолын төсөлд Тавантолгойн орд буюу 100 жилийн нөөцтэй, гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ орд дээрЗасгийн газар дур мэдэж ганцаараа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёсгүй гэж үзсэн. УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэж үзсэн

Цаашид энэ тогтоолын төслөөр Тавантолгойн ордыг ашиглах гэрээг хөрөнгө оруулагчидтай байгуулахдаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 51 хувийг эзэмших ёстой гэж үзсэн. Мөн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийг 51-ээс доошгүй хувийг Монголын төмөр зам компани эзэмших ёстой. 

“Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг хүчингүй болгох Засгийн газрын 181 дүгээр тогтоолын гуравдахь заалтыг хүчингүй болгож, энэхүү хувьцааг саналын эрхтэй болгох санал орууллаа” гэв.

 Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг цаашид байгуулахдаа дараах чиглэлийг барих ёстой гэсэн асуудлыг Ерөнхий сайдад тавьсан байна. Тодруулбал, 1072 хувьцааны асуудал, гуравдагч хөршийн бодлогыг энэ гэрээнд тусгах талаар тусгажээТогтоолын төсөл батлагдсаны дараа төмөр замын 51, ордын 51 хувийг эзэмших маягаар хөгжүүлэх улмаар өмнө нь хийгдэж байсан гэрээтэй адилхан 98 хувийг гадны компанид өгч болохгүй гэж үзжээ. 

Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга “Улс орныхоо эрх ашигт нийцсэн хувилбарыг бид боловсрууллаа. Ард түмэнд хэрэгтэй энэ тогтоолд 40 гишүүн гарын үсэг зурсан. Баялгаа аль болох зөв зохистой ашиглаж чадвал улс оронд хэрэгтэй юм. Өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяатай холбоотой асуудлыг сэтгүүлчид асууж байна. Өнгөрсөн баасан гарагт Цагдаагийн байгууллагаас Б.Батзаяаг баривчилсан. 

Энэ талаар өөрсдөө мэдээлэл хийх байх. Тавантолгойн ордтой холбоотой асуудал цааш цаашдаа хөвөрч гарах байх гэсэн бодолтой байна. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталснаас хойш эсрэг тэсрэг байр суурь байсан. Урагшаа нарийн царигаар баялгийг зөөх гэсэн бүлэглэлтэй холбоотой хэрэг. Цаашдаа ч зохион байгуулалттай хөвөрнө. А.Гансүх бол хуульч хүн. Харин Б.Батзаяа бол зарчимтай хүн. Тиймээс янз бүрийн зүйл гарахгүй болов уу. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болох болов уу” гэсэн тайлбар өглөө. 

Түүнчлэн, “Чингис бондоос авсан мөнгийг хэрхэн зарцуулсан бэ. Энэ талаар асуудал үүсээд байна” гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Баттулга гишүүн “Намайг байхад мөнгө өгөөгүй. М.Зоригт сайдаас асуусан нь дээр байх. Төмөр зам барь, тогтоол гарга гэсэн. Гэхдээ мөнгө өгөөгүй. Ер нь асуудал бол баялгаас л үүддэг. Баялгийг хэн удаан барихаас шалтгаалсан зөрчил явж байна” гэсэн хариулт өглөө.