Гаалийн хүнд суртал
2015.11.03

Гаалийн хүнд суртал төрийн байгууллагын ажилд ч гацаа саад болдог

Судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх үү?

Хууь эрх зүйн тодорхойгүй байдлаас болж шинжлэх ухааны зорилготой авчирсан тоног төхөөрөмж гааль дээр гацаж байна.

Монгол хүний тархины онцлог, энэ талаар судлагдаагүй мэдээллийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилготой төхөөрөмж гаалийн татвараас чөлөөлөх хуудсанд байхгүй учраас татвараа төл гэдэг шаардлага тавьсан байна.

Шинжлэх ухааны дэвшил цаг минуттай уралдан хөгжиж хором бүр өөрчлөгдөж байхад 2013 онд батлагдсан тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаалийн байгууллага ашиглаж байна. Ядаж л ямар тоног төхөөрөмж шинэчлэгдэж, хаана юу өөрчлөгдөж байгаа талаар судалгааны мэдээлэл авч байхыг судлаачид хүслээ.

Татвараа авна гэж байгаа гаалийн ажилчдын буруу биш, мөн шинжлэх ухаан технологийн сургуулийн буруу ч биш. Гол нь бараа бүтээгдэхүүний зорилго чиглэлээс хамааран нээлттэй ханддаг бодлого баримт бичиг манайд байхгүй.

Улс нийслэлийн төсвөөр шийдэж чадахгүй тоног төхөөрөмжийн гачигдал, багаж хэрэгслийг гадны байгууллагын тусламж дэмжлэгээр шийдэх гэхээр гааль нь хүнд суртал гаргадаг. Мөн одоо мөрдөгдөж байгаа хууль цаг үедээ нийцээгүй гэх мэт хүндрэл бэрхшээл бодитой байгаа учраас засгийн газар хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Энэ талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Зөвхөн эрүүл мэндийн салбарт гэхгүй олон салбарт, төсөвт байгууллагад оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд гааль болон нэмүү өртгийн татвараас чөлөөлөх хуулийн өөрчлөлт УИХ дээр удахгүй хэлэлцэгдэнэ” хэмээн хэллээ. 

Хуулийн төсөл батлагдах юм бол нийгмийн шинжтэй эмнэлгийн аппарат тоног төхөөрөмж, сургалтын компьютер гэх мэт хандив тусламжийн зүйлс гаалиар асуудалгүй орж ирэх эрх зүйн чадамжтай болно. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөс гадна гаалийн байгууллагын албан хаагчдын ёс зүй хандлагыг өөрчлөх, нийгэм цаг үеэ мэдэрч ажиллуулдаг болгох хэрэгтэйг онцолж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....