Элчин сайд Франтишек Длхополчекийг “Найрамдал” медалиар шагнав
Элчин сайд Франтишек Длхополчекийг “Найрамдал” медалиар шагнав
2015.11.04

Элчин сайд Франтишек Длхополчекийг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурь нар Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франтишек Длхополчек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Элчин сайд Франтишек Длхополчектай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс гуравдагч хөрш Европын Холбоо, тэр дундаа Словак Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд цаашид энэхүү уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. 

Ноён Франтишек Длхополчек УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж болон УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурийг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсныг дуулгасан юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ноён Франтишек Длхополчек Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан болохыг дуулгаад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч уг медалийг гардуулжээ.