Ө.Энхтүвшин: Сая  төгрөгийг олгохдоо иргэдийн саналыг сонсоно
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2012.04.11

Ө.Энхтүвшин: Сая төгрөгийг олгохдоо иргэдийн саналыг сонсоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт долоон цаг гаруй хуралдаж олон чухал асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд тухайн өдрөө мэдээлэл хийж амжаагүй учраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай, Орон нутгийн сонгуулийн хуулийн тухай, цахим үнэмлэхээр сонгууль явуулахтай холбоотой бэлтгэл ажлын тухай, УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан гэсэн асуудлуудыг голлон хэлэлцжээ. Тэрбээр хамгийн их анхаарал хандуулсан асуудал нь намын мөрийн хөтөлбөрийн биелэлт түүнийг тойрсон УИХ-ын шийдвэрүүд байсан гээд 10 гаруй асуудалд төвлөрч ярилцсан байна. Тухайлбал, үлдэж байгаа нэг сая төгрөгийг хэдийд яаж олгох, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлууд, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тариаланчдыг трактораар хангах, багш нарыг комьпютертэй болгох, алслагдсан бүсэд амьдардаг иргэдэд үзүүлэх хөнгөлөлт, олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай тогтоолын төслийг батлах, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хөдөөд хандуулах, аймгийн төвийг нийслэлтэй хар замаар холбох, баруун аймгуудад энэ хавар тохиолдсон малын хээл хаялт түүнийг зогсоох, бензин болон махны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна. Багш нарыг комьпютержүүлэх, бага оврын трактораар тариаланчдыг хангах ажил удаашралтай байгаа учраас энэ ажлыг сонгуулиас өмнө дуусгахыг салбар хариуцсан сайдуудад даалгалаа хэмээн бүлгийн дарга Ө.Энхтүвшин мэдээлэлдээ дурьдсан юм. Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Үлдсэн иргэд сая төгрөгөө ямар байдлаар авах юм бэ. Хувьцаа болон бэлэн бусаар аваагүй тохиолдолд?

-Хамгийн их анхаарал татсан гол зүйл. бол нэг сая төгрөгийн амлалт байсан. Улсын төсөвт нийтдээ 334 тэрбум төгрөг туссан байгаа. Энэ нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгө. Засгийн газрын мэдээллийн дагуу гурав хувааж олгоно. Сая төгрөгөө авахгүйгээр хувьцаа авах иргэд байгаа. Эхлээд иргэдийн дунд санал асуулга явуулна. Мөнгөө авна гэх юм бол 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсны дагуу үндэсний компаниуддаа худалдах ажлыг хийгээд мөнгө босоод ирэхээр тэрнээсээ мөнгө өгөөд явна. Бүгдийг нь зэрэгцүүлж хийхгүй бол хугацаа маш бага үлдэж байгааг манай бүлгийн гишүүд онцлон хэлсэн. Мөнгөөр, бэлэн бусаар, хувьцаа гэсэн бүх асуудлууд 4,5 сард явагдаж дуусах ёстой. Орон сууцны зээл, нийгмийн даатгалын шимтгэл, оюутны төлбөр гэх мэтээр шуурхай явуулна

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах уу. Танай намын бүлгийн гишүүд ямар байр сууринаас хандажбайгаа вэ?

-Бүлгийн гишүүд ярьж байгаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон. Яагаад гэвэл хүлээж авахгүй байлаа ч, авлаа ч эцсийн дүндээ чанар нэг юм. Хүлээж авахгүй бол 14 хоногийн дараагаар Үндсэн хуулийн их суудлын хуралдаан болоод тэнд шийдвэр гараад явна. Хугацаа алдах учраас хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

-Цахим үнэмлэх хугацаандаа амжихгүй гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэж мэдэгдэж байсан. Үнэн юм уу?

-ХЗДХ-ийн сайд бүлгийн хуралд мэдээлэл хийсэн. Энэ ажлыг чиглүүлж байгаа компани тохирсон хугацаандаа нийлүүлж чадахгүй гэсэн байна. Ажил амжихгүй учраас 14 хоногоор сунгаж өгөөч ээ гэсэн санал тавьсан юм байна лээ. 14 хоногоор сунгана гэдэг нь зургадугаар сарын 11-нд сүүлчийн бэлдэц ирнэ. Тэрнийг үнэмлэх болгож хувиргана тэгээд тараахаар дөнгөж амжиж байсныг дахиад сунгахаар ерөөсөө амжихгүй гэсэн. Энэ маш их анхаарал татаж байна. Тэгэхээр дахин ярихаас өөр зам алга. Бүх холбогдох албадуудад саналаа хүргүүлсэн гэсэн.

-Цахим, ухаалаг үнэмлэх хэвлэгдэхгүй бол яах вэ. Өөр ямар нэг арга зам байгаа юм уу?

-Ухаалаг үнэмлэх амжихгүй бол яах вэ гэдэгт УИХ, Засгийн газар хамтарч ажиллах ёстой. Хуулиудаа эргэж харна. Автоматжуулсан системээр тоолох тухай хууль, УИХ-ын Сонгуулийн хуульд ухаалаг үнэмлэх хэрэглэнэ гэсэн хаана, ямар заалтууд байна, тэднийг нь яаж зохицуулах вэ гэдгийг анхаарч, хууль дээрээ ажиллаж эхэлмээр байна. Хэрвээ үнэхээр амжихгүй гэж гадны компани хэлж байгаа бол хуулиа өөрчлөх хэрэгтэй. Автоматжуулсан системийг хэрэглэх тухай хуультай холбоотой болж таарна.

-Хариуцлага тооцох зүйл байна уу. Цагийг нь тулгаж ийм шийдвэр гаргаж байгаад хариуцлага тооцох ёстой биз дээ?

-Тэр компанитай ярих ёстой. Амжуулна гэж гэрээ байгуулчихаад дараа нь ингэж болохгүй. Ярих ёстой. Нөгөө талдаа энэ асуудлыг хариуцаж байсан Засгийн газар түүний дотор ажил хариуцаж байсан Тэргүүн шадар сайд хариуцах ёстой. 2011 оны гуравдугаар сард загварыг эцсийн байдлаар бэлэн болго гэсэн үүрэг өгч байхад арванхоёрдугаар сард Засгийн газрын хурлаар оруулж ирээд батлуулсан. Нэгдүгээр сард нөгөө компани нь  болоогүй байна гэж эргэж явуулаад хугацаа алдсан. Тэгэхээр Засгийн газар, Тэргүүн шадар сайд хариуцлагаас зугтаж болохгүй.

-УБЕГ ажиллаж байсан АН-ын харьяалалтай дөрвөн даргыг Хууль зүйн сайд ажлаас нь халсан гэсэн. Энэ ямарт учиртай юм бэ. Бүлгийн хурлаар ярьсан уу?

-Сонсоогүй юм байна. Тэр талаар мэдээлээгүй. УБЕГ-ыг татан буулгана гэж байхгүй. Засгийн газар дээр яригдсан юм болов уу. Мэдэхгүй байна. Бүлэг, УИХ-аар яриагүй.

-ХЗДХ-ийн сайд УИХ-ыг ухаалаг үнэмлэх удааширсантай холбон буруутгаж байсан шүү дээ?

-УИХ цахим үнэмлэхээр явуулна гэдэг шийдвэр гаргасан. Төсөв мөнгийг баталж өгсөн. Ажлыг хэрэгжүүлэх ёстой газар нь Засгийн газар. Орон нутгийн сонгуулийн зохион байгуулах ёстой гэхээсээ илүү цахим үнэмлэх яах аргагүй Засгийн газрын хийх ёстой ажил. Иргэний бүртгэлийн газар нь Засгийн газрын байгууллага. Энэ асуудалд Засгийн газрыг хаацайлаад байх юм байхгүй. Тэргүүн шадар сайд гэж хүн байсан. Тэр албан тушаалаа аваад хаячихсан.

-Хоёр сонгуулийг хамт, тусад нь гэх зэргээр одоо хүртэл шийдэлд хүрч чадаагүй байхад сонгууль товлон зарлах хугацаа дөхчихлөө.

-Дөрөвдүгээр сарын 20-нд ээлжит сонгууль товлон зарлах ёстой. Ямар ч байсан салгаж явуулах байх гэж бодож байна. Нөхцөл байдлаас аваад үзэхэд салгахаас өөр зам байхгүй. Ямар нэгэн намын эрх ашиг алга. Салгахаар манай намд хэрэгтэй гэсэн асуудал яригдаагүй. Цаг хугацаа, хүн хүч, техникээ бодоод үзэхээр л болохгүй байгаа байхгүй юу. 2008 онд бий болгосон хуулийн үед хоёр сонгууль пропорциональ хэлбэрээр явуулж байсан. Дараа нь шинэ Сонгуулийн хууль батлаад өөр зарчимтай, холимог хэлбэрээр явуулах тогтолцоотой болгож өөрчлөгдсөн гэдэг нь яах аргагүй үнэн. Би шалтгааныг олон удаа тайлбарласан.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.