Хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.11.06

Хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.06/ өргөн барилаа.

Хүн амын насжилтын хэтийн тооцооллоос үзэхэд цаашид хүн амын насжилт уртсаж нийт хүн амын тоонд өндөр настны эзлэх хувь өсөх нь тэтгэврийн сангийн зардалд нөлөөлөх төдийгүй айл, өрхүүдийн хувьд орлогынхоо тодорхой хэсгийг өндөр настанг дэмжихэд зориулах нь өрхийн амьжиргаанд нөлөөлөхөөр байна.

Иймд малчны тэтгэвэр тогтоолгох насыг бууруулах арга хэмжээнээс илүүтэй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээ зэрэг зарим салбарт ажиллагчдын ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишгийг баримтлан жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.

Түүнчлэн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй гэж тооцжээ.