Сайн ах нарынхаа “хөлд нь сууж” байгаад ирэх сонгуульд ялна аа
2015.11.10

Сайн ах нарынхаа “хөлд нь сууж” байгаад ирэх сонгуульд ялна аа

Өнөөдөр чинь ямар урт өдөр байв аа? Бүүр ядарч орхилоо байна. Ямар ч олон толгой эргүүлсэн хууль батлаадахав зүгээр.

Би нээрээ үнэн хольдог эр юм аа. "Төсвийн тухай хууль" хэлэлцэж байхад "Намууд яаж санхүүжна гэнэ ээ, наадах чинь ёстой буруу байна" нтр гээд асууж гарсан байгаа юм даа.

Аргагүй дээ, нойр хүрээд нозоорсон байсныг ч хэлэх үү, ойрд сонгууль дөхлөө гээд зүүд зэрэглээн дунд байгаа юм хойно. Би байтугай надаас туршлагатай, олон жил суусан нь хүртэл төөрөлдөж байхад. Арай миний факталсныг телевиз, сонин, сайтынхан мэдчихсэн юм биш биз. Тэгвэл бөөн сенсааци болгоод, лайк, шейрээр даруулах байх даа.

Микрофон нээлттэй, камер асаалттай байгаа дээр олны хараанд нэг өртөөд авъя гэж бодсон харин ч нэг “гариг андуурсан гишүүн” гоочилж өгөх болов уу, яадаг бол.

Ямар ч шалтгаанаар хамаагүй олны хараанд өртөх нь сайн ч юм уу, нээрээ... Өмнө нь уул үнэхээр “хойшлуулалгүй” ажил байвал кноп дарах эрхээ хажуугийн анддаа давхар хариуцуулчихдаг байсан чинь одооноос бас жаахан чангараад байна аа.

Ядаж байхад өнөөдөр танхмийн халуун байсныг яана. Уул нь өмнө нойр хүрэнгүүт Angry birds, Candy Crush…нтр тоглочихдог байсан чинь энэ тоглоомуудыг надад өөрөө зааж өгсөн “аниа” баригдаж, бөөн онигоо болсон түүхийг давтахгүй байхыг хичээнэ.

Английн нэг парламентч бүрэн эрхээ дуусах хүртэл ганцхан удаа үг хэлэхдээ “яасан бүгчим юм бэ, цонхоо онгойлго” гэсэн гэдэг. 

Би ч өнөөдөр “ямар орой болтол хуралддаг юм бэ, илүү цаг бодогдох юм уу?” гэдэг асуулт аман дээр гарч ирээд л байлаа... Гишүүдийг цалин ярилаа, муусайн баячууд, худалч, хулгайчид гэдэг. Надад бол цалин хэрэгтэй л байдаг гэснээс бодох юм их байна аа.

Ирэх сонгуульд өрсөлдөх үү, яах уу?

Дахиж гарч ирэх шанс байгаа болов уу, үгүй болов уу? Хэнээс мөнгө гуйж, хуухиа маажна аа? Над мэтийн нүүргүй болсон амьтанд ахиж хандив нтр гэсэн нэрээр мөнгө олдох болов уу?...гээл бодох зүйл ихээ их. Ямар сайндаа ах аа та анх царайлаг байсан одоо оворжуу болчихож гэж хэлж байхав. Уул нь тэр тендер бүтчихсэн бол одоо нуруу тэнэгэр явж байхгүй юу. Ах дүү, хамаатан садан, танил найз нөхдөөсөө цуглуулж, цуглуулж арай гэж 300 сая болгож өгчихөөд 1 тэрбум болгоод авчихна гэсэн чинь дашийн шог болов оо, хөөрхий.  

Гэрийн зүг гэдэн, годон явж байхдаа сошиал ертөнцөөр жаахан аялна аа, чуулганы үеэр нилээн “бүлт бүлт” авсан постууд хэр явж,  чуулганы завсарлагаанаар мессеж бичээд орхисон юмсан уншсан болов уу яагаа бол...? гэж ухаж, төвхжиж байх зуур гэрийн гадаа иржээ.Энэ гэхдээ том тоо биш байгаа биз дээ. Хэдэн тэрбумаар нь идлээ, уулаа гэж яригдах гишүүний хажууд би ч цэвэр ээ, цэвэр. За даа, тэгээд ч тиймэрхүү том бялуунаас хэрчмийг иднэ гэдэг чинь надад шиг нялхаараа амьтанд олдоггүй хишиг болтой дог шүү. Энэ мэтийг бодсоор гэрийн зүг годон, гэдэн.

Хааяа сайхан охидтой “юу яах” гоё шүү.

Ээлжит “ангаа буудах”-аар халуухан мессежлэж байхад, ядарч байна уу гэсээр ажлын өрөөнд цай барьсаар орж ирэх эхнэрээ бодохоор хааяа гэмшдэг. Гэхдээ би энэ суудалд хэр удаан суугаа аж? Тийм болохоор үлдсэн хугацаанд амжуулаад авъя гэж бодох нь тэр.

Манай журмын нөхөр “гардуулснаас” хойш иймэрхүү явдал маш нууцын зэрэглэлд хамаарч, урьд урьдынхаас илүү хянуур ханддаг болсон.

Түүгээр ч барахгүй туслах, зөвлөх нараа ч “но-той байж магадгүй” гэсэн нүдээр харж, дэлгэсэн ном шиг биш байж болохгүй гэдгийг бодитоор харуулж өгсөн.  

Би төрийн өндөрлөгт хүрмээр байна. Яадаг юм, аавын хүүгийн цээжинд эмээлтэйгээ, хазаартайгаа морь багтдаг шүү дээ гэж бодсоор мөрөөдлөө зүүдлэхээр орондоо орлоо.

Өглөө ажил дээрээ ирлээ. Би ч энэ ордон, энэ өрөөндөө дасчихаж дээ. Удахгүй энэ өрөөнд, энэ суудал дээр өөр хэн нэгэн сууна гэж бодохоор дотор харанхуйлж, харамлах сэтгэл төрнө.

Гишүүн ээ! гэж дуудах тэрхэн мөчид сэтгэл баясна.

Эгээ л шавьдаа багш аа! гэж дуудуулах эрхэм алдартай нэгэн шиг энэ нэр алдраараа бахархдаг.

Яажшуухан том фракц, хүрээлэлд нэвтрэн орох вэ байз? Ер нь ингэдэг хэрэг ээ...Сайн ах нарынхаа “хөлд нь сууж” байгаад ирэх сонгуульд ялна аа. Тийм ч амархан буугаад өгдөг аавын хүү биш шүү би. Гагцхүү дургүй хүргэсэн болгоноо огцруулахаар зүтгэдэг тэрнээс холуур байх минь.