Шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм.
2015.11.13

Шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ

Эрдэмтэд шинэ бүтээл, бүтээгдэхүүн гаргадаг ч түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж хомс гэдэг. Энэ байдал сүүлийн жилүүдэд байдаг л үзэгдэл болсон.

Цаашлаад шинжлэх ухааны салбарыг зарим талаар “ад үзэх”-эд хүрсэн гэдэг. Гэтэл дэлхийн улс орнууд уг салбарт дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2-3 хувийг зарцуулдаг байна. Зургаан хувь хүрэх улс ч бий. Харин манай улсад энэ үзүүлэлт 0.27 хувь байна. Социализмын үед ядаж л нэг хувийг зарцуулдаг байсныг ахмад эрдэмтэд хэлсэн юм.

ШУА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Эдийн засаг хүнд байна гээд ДНБ-ийхээ 0.2 хувь буюу 30 орчим тэрбум төгрөг л шинжлэх ухааны салбарт зарсаар байвал бид улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй. Тиймээс хамгийн эхэнд шинжлэх ухаан, технологийн салбарыг санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох шаардлагатай. Үүний тулд хувийн хэвшлийг татан оролцуулна гэж 10 жил ярьсан ч хэрэгжүүлж чадсангүй. Уг нь төрийн түвшинд, төсвийн хүрээнд олон эх үүсвэртэй болгох бүрэн боломжтой ч ашиглахгүй юм.

АНУ-д шинжлэх ухааны салбарыг санхүүжүүлдэг төрийн долоон агентлаг байна. Гэтэл бид Шинжлэх ухаан, технологийн санд өгдөг судалгаа шинжилгээний зардлын есөн тэрбум төгрөг дээр өрсөлдөж буй. Үүнийг сумын хэмжээнд байдаг ганц худаг дээр хамаг малаа шавуулчихаад бэлчээрээ талхалчихсантай зүйрлэж болно” гэсэн юм. Төрийн бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй байх шаардлагатай.

Наад зах нь мега төслүүдэд Монголынхоо эрдэмтдээр экспертиз хийлгэдэг болчихвол өртөг нь шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн бас нэг эх үүсвэр болох учиртайг хэлэх нэгэн ч байлаа. Манайхан экспертиз хийх бүрэн боломжтой байтал гадаадынхнаар хийлгэж, тэр нь манай хөрсөнд буухгүй байх тохиолдол цөөнгүй гэнэ.

Эдгээр нь Монголын залуу эрдэмтэн судлаачдын V чуулга уулзалтын хүрээнд ярьсан асуудал байлаа. Уг уулзалт “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. БСШУЯ, АҮЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороо, ШУА хамтран эл үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Эрдэмтдийн судалгаа, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор хийсэн ажлын томоохон нь болох Инновацийн тухай хуулийг батлуулаад дөрвөн жилийн нүүр үзсэн ч төдийлөн хэрэгжүүлээгүй. Тэгвэл өдгөө УИХ, Засгийн газраас 2015 онд үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар цөөнгүй санаачилга гаргаж эхэллээ. Үүнд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болгох ажил багтаж байна.

Эрх зүйн орчныг шинэчлэхэд шаардлагатай эдгээр хууль, журам шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болохыг залуу эрдэмтэд хэлж байв. Улам бүр өрсөлдөөнтэй болж буй дэлхийн зах зээл дээр амжилт олохын тулд өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй. Гэтэл манай экспортын бүтээгдэхүүний 97 хувь нь технологийн агууламжгүй буюу нам технологитой. Өөрөөр хэлбэл, бид хоцрогдсон технологитой, өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрсдийгөө хөгжүүлэх, боловсон хүчнээ бэлтгэх асуудал тулгамдсаны баталгаа нь энэ. Үүний тулд боловсролын салбарт анхаарч, залуучуудаа инженерийн чиглэлээр бэлдэх ёстой. Мөн сургуулийн өмнөх боловсролын системд хүр- тэл суулгах шаардлагатай гэнэ. Ингэж байж л бид дэлхийн хөгжлийг даган дуурайх биш, угтах боломж бүрдэх аж.

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох:

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох

Өдгөө шинжлэх ухаан, технологийг анх нээсэн улс бус, нээлтийг амьдралд аль урьтаж хэрэглэсэн нь хожиж байгаа. Аж үйлдвэрийн яамнаас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлуулан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бий болголоо.

Эдгээр нь эрдэмтэн судлаачдад мэддэгээ баялаг болгох нөхцөл бүрдүүлнэ. Тэгвэл энэ бүхэнд бидний үндэсний хэмээх тодотголтой шинэ санаа, мэдлэг, технологи, түүнийг үнэлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх баялаг бүтээгчид бэлэн үү гэдэгт хариулах зорилгоор залуу эрдэмтэн, судлаач, бизнес эрхлэгч нар чууллаа. Мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эдийн засаг үйлдвэржилтийн бодлого, боловсрол, хүний нөөцийн бодлого, шинжлэх ухаан технологийн бодлого хоорондоо уялдаж, нэгдсэн зорилготой байх шаардлагатай. Энэхүү гол гурван хүчин зүйлийг зэрэг авч явах шаардлагатай.