ҮСХ-г УИХ-ын харьяанд үлдээх үү?
ҮСХ-г УИХ-ын харьяанд үлдээх үү
2015.11.13

ҮСХ-г УИХ-ын харьяанд үлдээх үү?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд үлдээх санал олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Байнгын хорооны хуралдаанд 12 гишүүн оролцсоноос 9 нь дээрх саналыг дэмжиж, гуравны хоёрын дэмжлэгийг авсан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдан 2016 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцээд Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар тусдаа ажиллах ёстой хэмээн үзэж, энэ санал нь олонхийн дэмжлэг хүлээсэн аж. Эл саналаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулж ирж санал хураалгасан нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Дээрх шийдвэр гаргахаас өмнө Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийх үед гишүүдийн олонхи нь Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн газрыг нэгтгэх нь зүйтэй” хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан. Тиймээс эл саналаар дахин санал хураалгах боломжгүй. Дэгийн хууль зөрчигдөнө” гэв.

Тиймээс Д.Оюунхорол, С.Бямбацогт нар горимын саналын утгыг өөрчилж, Үндэсний статистикийн хороог УИХ-ын харьяанд хэвээр үлдээх гэсэн санал гаргасан нь гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг хүлээсэн билээ.

Харин эл саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн хуулийн төслийг тусгай дэгээр хэлэлцдэг. Гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр санал хураалгах боломжгүй” гэсэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Би өмнө нь дэгийг сануулсан. Тамгын газрынхан болно гэсэн. Одоо тэгээд яах болж байна вэ” гэж байлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зүйтэй гэж үзсэн юм. Гэвч зарим нэр бүхий гишүүд Үндэсний статистикийн хороо нь УИХ-ын мэдэлд байх ёстой, хуулиараа ийм зохицуулалттай. Засгийн газрын харьяанд шилжүүлэх нь буруу гэж үзэн горимын санал гаргасан нь ийн маргаантай байдал үүсгээд байна.