Хичнээн хүн цомхотголд орох вэ?
2015.11.13

Хичнээн хүн цомхотголд орох вэ?

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх  хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн Д.Ганхуяг гишүүнд хандан “Та дөнгөж сая цалинг бууруулахгүй байхаар оруулж ирсэн гэж хэлсэн. Гэтэл эрүүл мэнд, боловсрол, цагдаа, Онцгой байдлын салбарын байгууллагаас бусад  төрийн албан хаагчийн цалингийн санг 10 хувиар бууруулна гэж оруулсан байна. МАН-ын бүлэг анхнаасаа цалинг хасахгүй гэсэн. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН-ын бүлгийн саналыг авлаа гэсэн мөртлөө хасчихсан байна. Нөгөө талаар цалин хасаад байдаг, тэтгэвэр нэмэх мөнгөгүй гэдэг. Гэтэл тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөөр байшин барилга барихаар оруулаад батлуулж байна. Яагаад тэтгэврийн мөнгөөр байшин барьж, юм хийчихээд хямарч байна гэж яриад байгаа юм бэ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хичнээн хүн цомхотголд орох вэ? Ард түмэн ажилгүй болохоос айж байна. Бага ч гэсэн цалинтай байсан ч хамаагүй ажилтайгаа үлдэхийг бодож байна. Хэдэн хүнийг цомхотгох гэж байгаагаа тодруулж өгөөч гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Чингэлтэй дүүргийн явган хүний зам, ногоон байгууламжинд нэг тэрбум төгрөг нэмсэн байна. Би Сонгинохайрхан дүүргийн хоёр цэцэрлэгт 900 сая төгрөгийг нэмээд өгөөч гэж хүссэн. Явган замд нэмж болж байгаа юм чинь цэцэрлэгт нэмж болно доо” гэлээ.

Чуулган үргэлжилж байна.