”Бид хийхгүй бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?”
1990 оны Монголын оюутнуудын уриа
2015.11.17

”Бид хийхгүй бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ?”

1990 оны Монголын оюутнуудын уриа

Ардчилсан хувьсгалын МАНЛАЙД оюутнууд

1990 оны 12-р сарын 7
Ховд аймагт МАХН-ын Улс Төрийн Товчоо, Сайд нарын Зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг Ховд аймгийн УБДС-ийн оюутнууд, багш нар шаардаж жагсаал хийв.  

1989 оны 12-р сарын 9     Дугуй заал 16:15
•••Батжаргал (АУДС): -Маргааш манай оюутнуудыг Хандгайт явуулна гэсэн.
•••Зориг (ПДС) -Зорилтоо сайн сурталчилмаар байна. Эрдэмтдийг урьж хурлаа хийх хэрэгтэй. Элдвийн цуу яриа бидний ажилд муугаар нөлөөл­нө. Цуглааны комисс дээд сургуулиудаар явж үйлс зорилгоо танилцуулъя. Ард­чилсан Холбоо бол эвслүүдийн нэг­дэл гэдгийг тодотгож оруулъя. Гишүүд татвартай байх. Хутган үймүүлэгчдээс сэр­гийлэх.
Б.Билэгт: -Оюутнууд мар­гааш Хандгайтыг хаях хэрэгтэй. 
•••Амаржаргал (ЦДС): -Хувь заяаг жагсаал, өргөн барих бичиг хоёр шийднэ. Онц бүгд хурал хуралдуулахыг шаардах нь зөв. Өргөх бичгийг хэлэлцъе.

1989 оны 12-р сарын 10.
••• Их дээд сургуулиуд оюутнуудаа, албан байгууллагууд ажилчдаа Хандгайт руу захиргаадаж зориудаар явуулна гэсэн, хүн цөөн ирэх байх гэж санаа зовж байтал санасныг бодвол олон хүн иржээ. Гэрэл зурагчид, сурвалжлагчид бас ирцгээжээ.
Кино үйлдвэрт ажилладаг авга ах, зураач П.Сосорбарам ирсэн хүмүүсийн тоог бүртгэсэн жагсаалтаа надад өгөв.  
Жагсаалтад Улсын Барилгын Зургийн Төв Институтын архитекторууд, “Орчлон” клубын 20 хүн, Кино үйлдвэрийн уран бүтээлчид 25 хүн, Телекино үйлдвэрийн 16 хүн, Монументаль чимэглэлийн үйлдвэрийн зураач урчууд 11 хүн, ПДС, АУДС, МУИС-ийн оюутнууд, жүжигчид, эмч нар, ажилчид гэж тэмдэглэжээ. 

1989 оны 12-р сарын 17.
••• Цуглаан эхэлж бид юуны өмнө өргөн барих бичгийнхээ хариуг шаардав. Нүдэн барагцаагаар 2000 гаруй хүн оролцсоноор үг хэлсэн хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, сталинизмын загварчилсан социализмаас цаг алдалгүй ангижрах, “МАХН бол нийгмийн удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн нэр томьёог БНМАУ-ын Үндсэн хуулиас хасахыг шаардаж “Хонхны дууг” цуурайтууллаа.
...Д.Рэнцэнтавхай, М.Зоригт гэдэг хоёр оюутан үг хэлж нэг нь тусгай хангамжийг, нөгөө нь хаа хамаагүй өөр оронд болдог дайн дажныг эсэргүүцсэн энх тайвны гэх цуглаанд ордог мөртлөө өөрсдийнхөө эрхийн төлөө жагсахгүй цуглахгүй байна гэж шүүмжлэв.

1990 оны 2-р сарын 18     
••• Ийнхүү баруун дөрвөн замд троллейбус, автобусны хөдөлгөөнийг МоАХ, МОХ-ныхон хааснаар радио, телевиз МоАХ-ны Анхдугаар их хурлын ажиллагааг үдээс өмнө шууд нэвтрүүлж, МҮЭ-ийн Соёлын Төв Ордны гадаа Монголын Оюутны холбоо, “Хорьдугаар зуун Оюутны чөлөөт төв”-ийн зохион байгуулсан оюутны то­моохон жагсаал хүрэлцэн ирэв. Оюутнууд МоАХ-г дэмж­сэн уриа лоозон олныг барьжээ. 

1990 оны 2-р сарын 23.    18:30.
•••Чуулганд суухаар ирсэн гишүүд өчигдөр шөнө болохын алдад Улсын төв номын сангийн өмнө байсан Сталины хөшөөг буулгасан тухай сонин сайхан мэдээ дуулгав. Уг хөшөөг 1951 онд босгож энэ олон жилийн туршид улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авч байжээ.

1990 оны хоёрдугаар сарын 24. Бямба гараг. 
МУИС-ийн математикийн тэнхим байрладаг хичээлийн гуравдугаар байранд 14 цагт МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд МОХ, АСХ, ШДХ-­­ны удирдлагатай уул­залт хийв. Ардчилсан Со­циа­­­лист Хөдөлгөөнийг тө­лөөлж МУИС-ийн багш Р.Гончиг­­дорж, П.Улаанхүү, Б.Лхамжав нар болон нэгэн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батбаяр нар, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Лу.Болд (МҮЭ-ийн Төв зөвлөлд хамт ажиллаж байсан болохоор түүнийг таних юм), Шинэ Дэвшилт Холбоог төлөөлж Д.Батсүх удирдлагын бусад гишүүнтэйгээ иржээ.

1990 оны 2-р сарын 27.
•••Ц.Элбэгдорж МОХ, АСХ, ШДХ зэрэг улс төрийн хүчинтэй уулзалт хийгээд улс төрийн тодорхой шаардлага  тавихаар тохирсныг, мөн хөдөлгөөн тус бүрээс тодорхой сэдвээр үг хэлэхээр шийдсэнийг мэдээлэв.

1990 оны 3-р сарын 4.
•••Цуглаан 12 цаг өнгөрөөд өндөрлөж МоАХ-ны гишүүд, дэмжигчид Сүхбаатарын талбай руу жагсаалаар хөдлөхөөр эгнээ, цуваандаа орж зохион байгуулалтаа хийв. Тогтсон ёсоороо жагсаалын өмнө Ш.Төмөрбаатар төрийн далбаа барьж явах ба түүний араас МоАХ-г төлөөлж Ц.Энхтүвшин, Шинэ Дэвшилт холбоог Д.Бат­сүх, Монголын Оюутны Холбоог Д.Баясгалан, Ардчилсан Со­циалист Хөдөлгөөнийг Р.Гон­чиг­дорж, А.Хатанбаатар нар тө­лөөлж нэг эгнээнд орж алхана. 
•••Лоозонгууд: “Сүхбаата­рын талбай эрх чөлөөний индэр” “Дэлхийн ард түмнүүдтэй эв найрамдлаа зузаатгая” “Томилолтын депутатууд хууль батлах эрхгүй”, ”Цуглаанаас дөрвөн хүчний хамтарсан мэдэгдлийг сүрт жагсаалаар Сүхбаатарын талбайд очиж Ардын Их Хуралд өргөн бариад 1990 оны 3-р сарын 7-ны 12:00 цагт багтааж улс төрийн нийцтэй хариу өгөхийг улс орны дээд удирдлагаас шаардав.

1990 оны 3-р сарын 8.     15 цагт.
•••Монголын Оюутны Холбооноос хичээл хаялт зарлаж 7000 оюутан Сүхбаатарын талбайд жагсч орж ирэв.

1990 оны 7-р сарын 19
МоАН, МСДН, МҮДН-аас “Ардчилсан хувьсгалын үйл явцад Монголын оюутнууд, тэдгээрийн байгууллагын гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэн, Ардчилсан Хүчний эвсэлд нэгдсэн манай намууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Улсын Бага Хуралд авсан суудлаасаа нэгийг нь Монголын Оюутны Холбоонд олгох болно ” гэсэн мэдэгдэл хийв.

1990 оны 9-р сарын 9
Ардын Их Хурал намуудын удирдлагуудын 8-р сарын 1-ний өдөр гаргасан шийдвэрийн дагуу Улсын Бага Хурлын бүрэлдэхүүний асуудлыг санал хураалтаар шийдвэрлэжээ. Санал хураалтад нийт депутатуудын 99,5% нь оролцож Улсын Бага Хурлын гишүүдэд нэр дэвшсэн 50 хүнийг сонгосон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоолыг батлав.
•••Хоёр. Монголын Ардчилсан Намаас БНМАУ-ын Бага хурлын гишүүний мандатад
4.Л.Болд: Монголын Оюутны холбооны Ерөнхий нарийн  бичгийн дарга.  
“Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” С.Амарсанаа. 2011 он

Монголын оюутны холбооны үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх зорилтын тухай
МОХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Л.БОЛДЫН илтгэлээс /МОХ-ны онц IV бага хурал 1990 он/

...Оюутнууд өнөөдөр нийгмийн амьдралын бүх салбарыг иж цогцоор нь эрс шийдвэртэй шинэчлэх, хүнлэг ардчилсан нийгмийг байгуулахын төлөө хүчнийх¬ний талд баттай зогсч байна.
Амар биш энэ мөчид хэн болгон өөрийн байр сууриа тодорхойлох, улс нийгмээ шинэчлэх үйл хэрэгт бодитой оролцох нь яаж ч тойрч хөндийрөх аргагүй нийгмийн зайлшгүй шаардлага мөн гэж Монголын Оюутны Холбоо үзэж байна.

Энэхүү үүрэг зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бид юуны өмнө манай үндэсний оюутны байгууллага чухам ямар байх ёстой вэ гэдгийг цоо шинээр харах шаардлагатай тулгарч байна.
Монголын Оюутны Хол¬боо нь хүнлэг, шударга ёст,  ардчилсан нийгмийг байгуулах улс үндэстнийхээ эв нэгдлийг бэхжүүлэх зорилго, чиглэлийг бримталж, удирдлага зохион байгуулалт, санхүүгийн хувьд бие даасан, ардчилсан зарчмаар бүрэлдсэн оюутан залуучуудын олон нийт, улс төрийн байгууллага байх болно гэж үзэж байна. 
Монголын Оюутны Хо묬¬бооны бүтэц зохион бай¬гуу¬¬ла묬¬тын үндсэн зар¬чим нь холбооны зарчим (феде¬рализм) байх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэснээр төвлөрөн удирдах зарчмаас татгалзах юм. 

...Юуны өмнө улс төрийн хүрээнд Монголын оюутнууд БНМАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөн байгуулалт, ардчил¬лын өнөөгийн шаардлагын дагуу шинээр боловсруулж, цаашдаа улс төр, олон нийтийн аль ч байгууллагад онцгой эрх дарх эдлүүлэхгүй байх, олон намын системийг хөгжүүлж, засаг төрийн дээд эрхийг барих байнгын ажиллагаа бүхий Ардын Их Хурлыг байгуулж, улсын Ерөнхийлөгчийг тэгш эрх, өргөн ардчиллын үндсэн дээр чөлөөтэй шууд сонгон эрх зүйт төрийг байгуулах, олон улсын харилцаанд эвсэлд үл нэгдэх, төвийг сахисан бодлого баримтлах, олон улсын хууль зүйн баримт бичгүүдэд тунхагласан соёл иргэншилт, ардчилсан орнуудад мөрдөж буй хүний эрхийн талаарх бүх баримт бичгийн хэм хэмжээг чанд мөрдөх зэрэг шаардлагыг үндэслэж байна. 

...Эдийн засгийн дотоод бодлогын хувьд аж ахуйг хөтлөх механизмыг шинэчлэн өөрчлөхийн тулд захиргаадах аргыг бүрмөсөн халж, үүний тулд өмчийн олон хэлбэрийг зевшөөрч бүрэн аж ахуйн тооцоог нэвтрүүлэх, өөрийгөө санхүүжүүлэх аргад шилжих, олон давхарласан захиргааны системийг устгах замаар орон тоо, зардлыг хямдруулах, ингэснээр улсын төсвийн алдагдлыг арилгаж, хөрөнгө оруулалтын чиглэлийг үр ашгийг нь дээшлүүлэх, гадаад худалдааны алдагдал, өрийн үндэслэлийг дахин хянан үзэж, ойрын үед арилгах, улмаар үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгон өөрчлөх зорилтыг зарчмын ач холбогдолтой асуудал гэж тодорхойлж байна.

...Дээд, тусгай дунд сургуульд сургалтын агуулга, чиглэл оюутны элсэлт төгсөл¬тийн төлөвлөгөө, элсэлтийн шалгалт авах журам зэргийг өөрсдөө зохиох, тогтоох эрхтэй болохын сацуу бүрэн дунд боловсролтой Монголын иргэн бүр хүссэн сургуульдаа элсэлтийн шалгалт өгөх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах ёстой гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна оюутнууд хичээл сургалтын хэлбэр, багшаа өөрсдөө сонгох, чөлөөтэй ца¬гийн хуваарьтай байх эрхтэй болж, харин энэ дагуу оюутны мэдлэ¬гийг хянах системийг тухайн сургуулийн зөвлөл оюут¬¬ны оролцоотойгоор шинэч¬лэн тогтоож хэрэгжүүл¬бэл зохино...

Анхны анхны гэсэн болгон бидэнтэй холбогддог

Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Дашдоржийн Рэнцэнтавхай 

/1993-1997/
...Монголын Оюутны Холбооныхон үргэлж шинийг санаачлагчид ямагт тэргүүн эгнээнд явдаг нийгмийн шинэчлэгчид байсан. Бид эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчид явсан. Анхны анхны гэсэн болгон бидэнтэй холбогддог. “МАХН-ын Улс төрийн товчоо, БНМАУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор“ гэсэн Ховдын Багшийн Дээд Сургуулийн оюутны улс төрийн анхны цуглаан, анхны ардчилсан хүчнүүд нэгдэх тухай уриалга, анхны чөлөөт хэвлэл, анхны оюутны шоу тоглолт, анхны монгол туургатан оюутан залуучуудын наадам, анхны гадаад гүрний Элчин сайдын яамны үүдэн дээр хийсэн улс төрийн суулт...
Анхны хувийн банк, анхны хувийн хэвшлийн гурилын үйлдвэр, анхны хувийн сургууль, анхны уламжлалт хувийн эмнэлэг бас л Монголын Оюутны Холбооныхонтой холбоотой.
Бид нийгмийн анхдагчид. Өнөөдөр бас маргааш хэзээ ч юм Монголын тусгаар тогтнол ардчилалд анхдагчуудын шаардлага гарвал бид анхдагч гэсэн нэрээ дахин дархлахад хэзээд бэлэн байх болно”...

ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

ӨЧИГДӨР:
Намч төрийн хатуу хяналт иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хааж боож байсан юм. Зохиолчид заавал МАХН-ыг магтан дуулсан сэдэвтэй зохиол бичиж номоо хэвлүүлэх зөвшөөрөл авдаг, ганц телевиз, радио нэвтрүүлгээ орон даяар цацдаг, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” гэх цөөн тооны сонин, сэтгүүлүүд хэвлэгддэг байв.

Оюутнуудын хувь нэмэр
УБДС-ийн оюутан Д.Сүхбаатар нарын хэсэг залуучууд 1989 онд “Цагийн толь” сонин нууцаар гаргаж эхэлсэн бол үүний дараахан Монголын Оюутны Холбооноос албан ёсоор “Мэдээлэл”, “Бамбар” сонин гаргаж эхэлсэн билээ. Энэ нь Монголын чөлөөт хэвлэлийн анхны эх сурвалжуудын нэг яахын аргагүй мөн юм.
“Бамбар” сонин олон тоогоор хэвлэгдэж, сонин содон орчуулгын материал тавигдахын зэрэгцээ нийтлэлийн бодлогын хувьд МОХ-ноос хараат бус байж чадсан юм. Тус сонины анхны дугааруудыг сөхөн үзвээс өнөөгийн чөлөөт хэвлэлийн бүх төрх ажиглагддаг.

ӨНӨӨДӨР:
Өнөөдрийн байдлаар өдөр тутмын 18, долоон хоног тутмын 30 гаруй нийт 130 орчим сонин, 90 гаруй сэтгүүл хэвлэгдэн гарч 70 гаруй ФМ, радио, телевиз нэвтрүүлгээ бэлтгэн нийтэд хүргэж байна. Зохиолч, яруу найрагчид бүтээл туурвилаа хэний ч хараа хяналтгүйгээр хэвлэх эрх нь хангагдлаа.

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ СЭРГЭСЭН

ӨЧИГДӨР 
1986 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны XIX их хурлын тайлан илтгэлд “Хоёр системийн хурц ширүүн тэмцлийн нөхцөлд .... түүх завхруулах, үндсэрхэх үзэл дэвэргэх, социалист хамтын нөхөрлөлийн эв нэгдлийг сулруулан задлахын эсрэг шийдвэртэй тэмцэхийг манай нам зүй ёсоор анхаарч байна” гэжээ. Чингис хааныг магтах, зохиол бүтээлд сайнаар дүрслэх, 1921 оны Ардын хувьсгалаас өмнөх Монгол оронд дэвшилтэт зүйл байсан тухай ярих нь “Үндсэрхэх үзэл”-ийн илрэл, улс төрийн гэмт хэрэг болдог байлаа. 

Оюутнуудын хувь нэмэр
• 1989 оны арванхоёрдугаар сард Ховдын оюутнууд Чингис хааны хөргийг зурж, “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” алдарт үгийг нь бичиж жагсав.
• 1991 оны зун Улаанбаатарт Дэлхийн Монгол туургатан оюутан залуучуудын наадам зохион байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг монгол гаралтай залуус чуулав. Уг наадам уламжлан цааш зохиогдож дэлхийн монгол залуучуудын соёл спорт, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах үзэл санаа хэрэгжиж эхлэв.
• “Хунтайж Дэмчигдонров” оюутны нийгэмлэг Хятад, ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө Өвөрмонгол, буриадын хүний эрхийн зүтгэлтнүүдийг суллахыг шаардсан олон суулт хийв.    

ӨНӨӨДӨР 
Монгол хүн хаана ч явсан “Би монгол хүн, Чингисийн монгол” хэмээн ам бардам хэлэн үндэснийхээ дээл хувцсаар гоён Монголын үе үеийн хаад ноёд, эрдэмтэн мэргэд, хутагт хувилгаадаараа бахархан тэднийхээ намтар түүхийг судлан сурталчилж, хөшөө дурсгалыг нь босгон нэрийг нь мөнхөлдөг боллоо. 
1990-ээд оноос эхлэн Монгол Улс уламжлалт соёл, зан заншлаа сэргээх талаар багагүй ажил хийж байна. 

БОЛОВСРОЛЫН ТАЛААР

ӨЧИГДӨР: 
Социалист нийгмийн үед иргэд хувиараа хөдөлмөр эрхлэхийг хориглож байсан болохоор хувийн хэвшлийн боловсролын байгууллага байсангүй. Их дээд сургууль, техникум, ТМС гэх мэт бүх шатны сургуульд зөвхөн дээрээс батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу хичээллэж, ЗХУ-ын коммунист намын түүх, МАХН-ын түүх зэрэг хичээлийг түлхүү заадаг байв. Гадаадын их дээд сургуулиудын салбар Монгол Улсад байсангүй.

Оюутнуудын хувь нэмэр
• МОХ-ны 4-р бага хурлаар “Оюутны эрхийн түгээмэл тунхаг” ээлжит бус 3-р чуулганаар “Боловсролын тухай тунхаглал”-ыг баталсан нь дээд боловсролын тогтолцоо, агуулгыг өөрчлөх, оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлд эргэлт хийжээ.
• УБХ-ын гишүүн Л.Болд “Дээд боловсролын тухай Монгол Улсын хууль”-ийг санаачлан бат­луулжээ. Холбогдох яамны зөвлөл, сургуулиу­дын захирлын зөвлөл дэх оюутны төлөөллийг баталгаажуулав. Хувийн их, дээд сургуулиуд үүсэх явдлыг бодлогоор дэмжив. 

ӨНӨӨДӨР: 
Өнөөдөр боловсролын салбарт өмчийн олон хэлбэр бодит зүйл болон хөгжиж, хувийн хэвшлийн 80 сургууль, төрийн өмчит их дээд сургууль, коллеж 16, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын их дээд сургуулиудын салбар тав байна. Дипломын, бакалаврын, магистрын, докторын шаталсан сургалт төлөвшив. Оюутан сурагчид сургалтын хөтөлбөрөө өөрс­дөө сонгон суралцах боломжоор хангагдсан, кредит үнэлгээгээр мэдлэгээ тооцуулж заншлаа. Сургуулиуд үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлд орж үйл ажиллагаа явуулах эрх нь нээгддэг, өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрын тэтгэлгээр дарга нарын хүүхдүүд бус хэн чадвартай нь сонгон шалгаруулалтаар суралцдаг болов. 

ҮЗЭЛ БОДОЛ, СОНИРХЛООРОО ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХТЭЙ БОЛСОН

ӨЧИГДӨР
БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын иргэд хүмүүнлэг, ардчилсан социалист нийгэм байгуулах зорилт, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан ч үйлдвэрчний эвлэл, залуучуудын эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллага, мэргэжлийн цөөн байгууллагыг эс тооцвол МАХН-ын зөвшөөрөлгүйгээр хүмүүс үзэл бодол, сонирхлоороо нэгдэн ямар нэгэн эвсэл холбоо байгуулахыг хориглодог байлаа. 

Оюутнуудын хувь нэмэр
МОХолбоо  1990 онд онц 4-р бага хурал, ээлжит бус 3-р чуулганаа хийснээр зорилго, бүтцийн хувьд нийгэмд үлгэр дууриал болж чадсан юм. Мэргэжлийн холбоодын үндэс суурийг анх оюутнууд тавьсан нь түүхэн үнэн.Ардчилсан зарчимд тулгуурлан оюутнууд удирдлагаа өөрсдөө сонгодог, “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал ”-ын хүрээнд үйл ажиллагаа явуулах болсон  нь одоо ч уламжлагджээ.

ӨНӨӨДӨР
1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн 10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж заажээ.  Улсын хэмжээнд 6.0 мянга давсан төрийн бус байгууллага бүртгэгдээд байна.