Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.11.18

Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож үлдсэн 20 хувьд нь Хөгжлийн банкнаас баталгаа гарган санхүүжүүлэх шийдвэр гараад дөрвөн cap боллоо. Өнөөдөр хэрэгжсэн зүйл байхгүй, хий хүлээлт л үүсгэжээ.

Эдийн засаг хямарч, угаасаа борлуулалтгүй байсан барилгын зах зээл 10 хувийн урьдчилгааны сургаар зогсолт хийх хэмжээнд хүрээд байна. Иргэд байрны урьдчилгаа 10 хувь болохыг хүлээж, зах зээлд эрэлтгүй болов. Гэтэл нөгөө талд 48 мянган орон сууц борлогдохгүй, барилгын салбар хүнд байгаа бололтой.

Удахгүй “Буянт-Ухаа 2" хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууц ашиглалтад орно. Захиалгын явц 50 орчим хувьтай байгаа бөгөөд 800 гаруй иргэн эхний ээлжид 10 хувийн урьдчилгаа төлбөрөө өгч бүртгүүлээд байгаа юм байна. Байр ашиглалтад ороход үлдсэн 20 хувийг барагдуулахгүй бол захиалга автоматаар цуцлагдах юм байна. "Буянт-Ухаа 2" хорооллын хувьд зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцнаас хямд үнэтэй, бага дунд орлоготой иргэдэд зориулсан гэдгээрээ ялгаатай. “Буянт-Ухаа Г хороололтой харьцуулахад захиалга хангалтгүй байгаа нь байрны урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн шийдвэртэй холбоотой гэнэ.

2016 оны төсөв батлахад Засгийн газрын баталгаанд Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгт баталгаа суулгаж, эрсдэлийг нь Засгийн газар даахаар тусгажээ. Гэтэл нөгөө талд Хөгжлийн банкны эх үүсвэрийг зөвхөн хөгжлийн төсөлд оруулж, нийгмийн халамжийг санхүүжүүлэхгүй байх хуультай. Сөрөг хүчин болоод Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан Хөгжлийн банкны эх үүсвэрээр орон сууцны урьдчилгаанд зарцуулах ийм санал оруулж ирвэл дэмжихгүй шууд унагана гэж хэлж байсан удаатай.

Засгийн газрын байрны урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр хэрэгжихэд олон хүндрэл байгаа нь харагдана. Ямартай ч Засгийн газар байрны урьдчилгааг 10 хувь болгох шийдвэрээ хэрэгжүүлэх, эсэхээ ойрын хугацаанд мэдээлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Одоо чухам арван хувийн урьдчилгаатай зээл хаана хүрээд гацаад байгаа талаар зарим хүний байр суурийг хүргэж байна.

Арван хувийн урьдчилгаа нэг талаараа иргэдэд эрсдэлтэй

-Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ: 

Арван хувийн урьдчилгаатай байрны зээл хаана гацав

Барилга хот байгуулалтын яам орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогоор 10 болгох асуудлынэдийн засгийн тооцоо судалгааг арилжааны банкуудтай, Хөгжлийн банктай, Сангийн яамтай ярилцаж байна. Нэлээд хэдэн уулзалт хийж, санал солилцсон. Өнөөдрийг хүртэл нэгдмэл байр суурь хараахан гараагүй байна. Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум төгрөгийг гаргаж өгнө гэж байгаа. Гэхдээ энэхүү баталгааг банкууд мөнгөн хэлбэрээр баримтжуулах шаардлагыг тавьж байгаа.

Улс орны эдийн засаг хүнд байгаа үед Засгийн газар шууд банкуудад 200 тэрбумын баталгаагаа мөнгөн хэлбэрээр байршуулах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байгаа юм. Дээр нь, 10 хувийн урьдчилгаа нь иргэдэд нэг талаараа эрсдэлтэй байгаа. Байрны зээлд хамрагдахдаа 10 хувийн урьдчилгаа төлж байгаа тухайн иргэн 30 жилийн хугацаанд 90 хувийг буцаан төлөх учраас эргээд ипотекийн найдваргүй зээл болж хувирах вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Засгийн газар банкны эрсдэлийг тооцож л 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа болохоос биш иргэдийн өмнөөс 20 хувийг төлөх асуудал огт биш шүү дээ. Тэгэхээр 10 хувь болгох асуудлыг амьдрал дээр хэрэгжүүлэхээс өмнө энэ бүх эрсдэлийг тооцож, иргэдэд хүндрэл бэрхшээл учруулахгүйгээр шийдэхээр ярилцаж байна.