Хүнсчдийн Холбоо ХХААЯ-тай санамж бичиг байгууллаа
Монголын Хүнсчдийн Холбоо
2015.11.18

Хүнсчдийн Холбоо ХХААЯ-тай санамж бичиг байгууллаа

Хүнсчдийн Холбооны VI их хурал хуралдаж эдийн засгийн хямралтай үед хүнсний үйлдвэрийн тогтвортой хөгжлийг хангаж , импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ахиц дэвшил гарган  ажиллахыг дотоодын үйлдвэрлэгчидээ уриалсан байна.

Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр ХХААЯ,Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах, хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг УИХ-ын гишүүн, Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч, Д.Тэрбишдагва, ХХААЯ-ны сайд Д. Бурмаа нар гарын үсэг зурж баталгаажуулав. Энэ үеэр МХХ-ны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва,  “ Хойд урд хоёр их гүрний хүн ам өсөхийн хэрээр экологийн цэвэр бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх   хэрэгцээ шаардлага бий болсоор байгаа энэ үед Монгол улс нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх эрэлт нэмэгдэнэ.

Тиймээс дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд манай хүнс үйлдвэрлэгчид гол үүрэгтэй” гэв. ХХААЯ-ны сайд Д.Бурмаа “ Хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, үндэсний хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хүчин чармайлт, санал санаачлагыг дэмжиж, төрийн бодлого шийдвэрт тусгаж ажиллах үүднээс энэхүү санамж бичгийн байгууллаа” гэлээ.

Түүнчлэн Монголын Хүнсчдийн Холбоо, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн,  “Шинэ хороолол” компанитай санамж бичиг байгууллаа. Тус санамж бичигт  иргэдэд эрүүл зөв хооллолт болон  хүнсний зөв хэрэглээний мэдээллийг  цахим сүлжээгээр  хүргэх тухай  байв.  Мөн энэ өдөр  Хүнсчдийн холбооны бага хурал Чингис зочид буудалд болж  хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  500 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл болох  50 орчим төлөөлөгчид оролцож байна.