Төрийн бус байгууллагууд яамны зарим ажлыг хийнэ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга
2015.11.19

Төрийн бус байгууллагууд яамны зарим ажлыг хийнэ

Монголын хүнсчдийн холбооны II бага хурал өчигдөр “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Тус хуралд нийслэлийн зөвлөлийн 45 гишүүн, орон нутаг дахь салбар зөвлөлийн 12 гишүүн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Хүнс хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллүүд оролцсон. Хурлын үеэр Монголын хүнсчдийн холбоо, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Шинэ хороолол ХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ талаар Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавгаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт ямар асуудлыг тусгасан бэ. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хүнсний аж үйлдвэрийн салбарт дэвшилтэд технологийг хэрэгжүүлж байгаа олон үйлдвэрүүд байдаг. Мөн энэ салбар эрчимтэй хөгжиж байна. Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр эх орноо хангах, түүнчлэн эх орныхоо нэрийн бүтээгдэхүүнийг экспорт­од гаргах бүрэн боломжтой салбар юм. Хүнсний аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүний төрлөөсөө хамааран олон ажил байдаг. Тэр болгонд төрийн албан тушаалтнууд нэг бүрчлэн хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс төрийн бус байгууллагын санаа бодлыг сонсч, тэдний тусламжтайгаар салбар болгонд хүрч ажиллахын тулд энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан.

-Хамтран ажиллах санамж бичигт дөрвөн газар гарын үсэг зурсан. Энэ санамж бичигт талууд ямар оролцоотой байгаа вэ?

-Энэ санамж бичигт Монголын хүнсчдийн холбоо, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн мөн Шинэ хороолол компани хамтран ажиллахаар гарын үсэг зурсан. Манай хүнсчдийн холбоо төрийн хүнсний бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх хүрээнд эрх зүй, стратегийн бичиг баримт боловсруулах үүрэгтэй байгаа. Мөн тэргүүлэх үүргийг гүйцэтгэн  ажиллах  болно.  Харин хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй.

Түүнч­лэн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалах зэрэг хүнс­ний үйлдвэрлэгчдийг төрийн зүгээс дэмжсэн ажлуудыг хариуцахаар заасан юм. Нөгөө хоёр байгууллага маань сургалт, судалгаа, хүнсний талаарх баталгаат мэдээ мэдээллийг иргэдэд түгээх ажлыг хариуцахаар болсон.

-Хүнсчдийн холбоонд хэдэн гишүүн байдаг юм бэ? Өөр ямар ажлыг хийж байна вэ? 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга

-Хүнсчдийн холбоонд нийт 400 гаруй байгууллага гишүүнээр бүртгүүлсэн байдаг. Бид жилд холбооныхоо гишүүн байгууллагыг таван хувиар нэмэгдүүлэх бодлого барьж ажилладаг юм. Манайх нэр зүүсэн төдий байгууллага биш. Хүнсчдийн холбоогоороо дамжуулан олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, орон нутагт сургалт явуулдаг. Орон нутагт сургалт явуулах нь их ач холбогдолтой байдаг. Бид хэд хэдэн аж ахуй нэгжид технологийн анхны дамжлагаас эхлэн эцсийн дамжлага хүртэлх арга, ХАСАБ системийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх сургалтыг явуулсан. ХАСАБ системийг амжилттай хэрэгжүүлснээр өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах боломжтой болно.

Мөн хүнсчдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд энэ оны дөрөв, тавдугаар сард бүх чиглэлийн үйлдвэрүүдэд очиж, тухайн үйлдвэрт тулгамдаж буй асуудлыг сонссон. Тухайлбал, шинэ хүнсийг хэрэглэгчдэд түгээх нь маш том асуудал болсон байна. Машины дугаарын хязгаарлалтаас болж нэг машинд хэтэрхий их бүтээгдэхүүн шахаж ачдаг. Мөн нэг өдрийн дараа бүтээгдэхүүнээ хүргэж өгөх шаардлага гардаг. Үүнээс болж хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдэд шинээрээ хүрч чадахгүй байх тохиолдол байгаа. Энэ асуудлыг би УИХ дээр ярьсан.

Үүнд УИХ-ын дарга чиглэл өгч ажилласан. Улаанбаатар хотын удирдлагууд хүнсний бүтээгдэхүүн түгээдэг машины дугаарын хязгаарлалтыг тодорхой хэмжээгээр багасгасан. Бид үйлдвэр аж ахуйн газруудаас гаргасан санал санаачлагыг УИХ, Засгийн газарт гэх мэтчилэн танилцуулдаг. Өнөөдөр хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажилласнаар хүнсний үйлдвэрлэгчдийн хөгжилд олон дэвшил гарах юм.

-Хүнсчдийн холбоонд байгаа аж ахуй нэгжүүд дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг хангаж байна вэ. Ер нь экспортыг нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийж байна?

-Ер нь манай хүнсчдийн холбооноос хөдөө аж ахуйн талаар баримталж байгаа олон бодлогууд бий. Түүний үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүнээр хангах боломж илүү тавигдсан. Намайг Хүнс  хөдөө  аж  ахуйн  дэд сайд байхад малын тоо 20 гаруй сая, газар тариалан уналтад орж тариалангийн үйлдвэр 17 хувьтай болсон байсан. Харин одоо газар тариалан, махны үйлдвэрлэл өслөө. Бид дотоодынхоо зах зээлийг хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой болсон. Ялангуяа эсгэлтийн үйлдвэр­лэл­ийн салбар, мах махан бүтээгдэхүүний салбарт дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжийг бүрдүүлсэн.

Эдгээр үйлдвэрүүдийг улам цааш нь хөгжүүлэх дэмжихийн тулд дотоодынхоо зах зээлийг хамгаалах нь чухал. Хүнс, ногооны үйлдвэрлэл тодорхой хэмжээнд сайжирсан. Мөн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бидний хүссэн хэмжээнд хүрч чадахгүй байгаа ч гэсэн хөгжсөөр л байна. Гэхдээ сүүний үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэхийн тулд орон нутагт сүүний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Мөн гурил будаагаар дотоодын хэрэглэгчдээ хангах боломжтой болсон ч энэ жил цаг уур, бодлого, зохион байгуулалтын шалтгаанаас болж улаанбуудайгаар хангаж чадахгүй болсон. Экспортыг нэмэгдүүлэхэд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай. 

-Төрийн зарим ажлыг төрийн бус байгууллага гүйцэтгэнэ гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Судалгааны ажил хийнэ. Яаманд ажиллаж байгаа цөөхөн хүмүүс чинь судалгаа хийж чадахгүй. Тиймээс салбар салбарын үйлдвэрлэгчид маань судалгааны ажил хийхэд нь туслах ётсой. Судалгааны ажлыг сайн хийж байж цаашид юу хийх ёстойгоо сайн мэднэ шүү дээ. Мөн төрийн зүгээс маш том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Төрийн байгууллагын ажилчид бүх төслүүдийг үйлдвэр болгонд хэрэгжүүлнэ гэвэл хэцүү л дээ.

Харин тэр төслийг төрийн бус байгууллагуудаар өөрсдөөр нь хэрэгжүүлүүлвэл илүү үр дүнтэй. Мөн эрдэм шинжилгээний ажлыг төрийн бус байгууллагууд хийнэ. Нөгөө талаас яам, тамгын газрууд олон зөвшөөрлийг өгдөг. Нэг зөвшөөрөл авахад маш их бэрхшээл, хүнд суртал гардаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн бус байгууллагууд тодорхой зөвшөөрлийг өгөх юм.

-Өнөөдөр санамж бичиг байгууллаа. Цаашид ямар ажил хийх вэ. Үр дүнг нь хэрхэн харж байна?

-Цаашид бид санамж бичгийн дагуу төлөвлөгөө боловсруулна. Цаг хугацаатай, эзэнтэй байна гэдэг их чухал. Дараа нь хариуцах эзэнтэй байна гэсэн үг. Ирэх жилийн өдийд санамж бичгээс гарсан төлөвлөгөө, төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулна.