Агаарын бохирдолтой хийх тэмцэл алхам ухарлаа
2015.11.26

Агаарын бохирдолтой хийх тэмцэл алхам ухарлаа

Хотын агаарын бохирдлыг бууруулахад 230 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ

Өглөө, оройд гадаа гарахаар цээж хорсоод хэцүү байна уу. Аргагүй ээ, утааны улирал ирчихээд байна. Өвлийн улирал эхлэхээр нийслэл хот “хөшгөө” татаж, хөх тэнгэр маань сааралтаж харагддаг болоод олон жилийг үджээ. Бид ч сүүлдээ энэ байдалдаа дасах шинжтэй болж ирэв.

Уг нь хотоосоо эхлээд холбогдох яамны удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах ажлыг шат дараатай хийж, их ч мөнгө зарцуулсан.

Сайжруулсан зуух, утаа гаргадаггүй түлш... өөр юу ч билээ зөндөө л юм хийсэн санагдана. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийт 230 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний үр дүнд утаа гээч өтгөн “хөшиг” тодорхой хэмжээгээр шингэрсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагуудын судалгаа харуулж байна. Гэхдээ зарцуулсан дүнтэйгээ харьцуулахад дэндүү чамлалттай санагдана.

Нийслэл хотод 180 мянган өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Эдгээр айлын яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог. Тиймээс гэр хорооллын айлуудад сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр тараах ажлыг эхлүүлсэн. Гэхдээ гэр хорооллын айл өрхийн 55 хувь нь л төслийн зуухтай болжээ.

Хамгийн их агаарын бохирдолтой хамгийн их хотуудын 41-д Улаанбаатар бичигджээ

Санаагаар болдог бол энэ тоог 100 хувьд хүргэчихвэл хотын утаатай хийх тэмцэлд том ахиц гарах болно.

Харамсалтай нь нэг хэсэг овоо ахицтай байсан дээрх ажил ирэх жил удаашралтай байх дүр зураг харагдаад эхэллээ. Учир нь БОАЖНХЯ-ны 2016 оны төсөвт агаарын бохирдолтой тэмцэхэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь 2015 оны төсвөөс гурав дахин буурсан дүн юм. Мөн нийслэл хот агаарын бохирдолтой тэмцэхэд ямар нэг мөнгө төсөвлөөгүйгээс үзэхэд Улаанбаатарын утаа ирэх онд багасах биш, улам нэмэгдэх бололтой.

Нийслэлийн агаарын чанарын алба хотын утаа ямар түвшинд байгааг хамгийн үнэн зөв тодорхойлдог газар. Хаа очиж тус газраас гаргасан судалгаанд хэд хэдэн гэгээтэй тоо харагдана. Тодруулбал, 2015 оны аравдугаар сард агаар дахь агаар бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг 2014 оны мөн үетэй харьцуулахад том ширхэгт тоосонцор 32 хувь, нарийн ширхэгт тоосонцор есөн хувь, азотын давхар исэл 11 хувиар тус тус буурчээ. Гэхдээ дээрх тоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-6 дахин их байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын бохирдол хамгийн ихтэй 100 хотыг гурван жилд нэг удаа тодруулдаг. 2011 онд Улаанбаатар хот азаар энэ жагсаалтын гадна үлдэж байв. Тэгвэл 2014 оны жагсаалтад улсын маань нийслэл урагш нэлээд давхиж, хамгийн их агаарын бохирдолтой хотуудын 41-д бичигджээ. ТОП 100-д Энэтхэгийн 37 хот бичигдэж, хамгийн бохир агаартай улс гэдгээ дахин нотолсон юм.

230 тэрбум төгрөг гэдэг мэдээж бага мөнгө биш. Гэвч ийм их мөнгө зарцуулчихаад нарийн ширхэгт тоосонцор есөн хувиар буурсан гэх мэдээнд баярлаад суумааргүй байна. Нүдэнд харагдах үр дүн л бидэнд хэрэгтэй. Ядаж амьсгал авахдаа эрх чөлөөгөө мэдэрмээр байна.