Хэнтийд их бүтээн байгуулалт чухал байна
2011.09.26

Хэнтийд их бүтээн байгуулалт чухал байна

Тэрлэг нэвт жиндүүлсэн  намар цагийн жихүүн үүрээр буюу энэ сарын 16-ны 05.00 цагт миний бие МАН-ын төв байранд бэлэн байх үүрэгтэй. Энэ өглөө Хэнтий аймгийг зорих "Ард түмнээ сонсъё" аяныхан эртлэн хөдлөх ёстой. Хоцорчихгүйг хичээн сандарсаар ирвэл Нийгмийн ардчилал -МЗХ-ны ажилтан залуу бид хоёроос өөр хүн байсангүй. Хэсэг хугацааны дараа МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Д.Амарбаясгалан, нийгмийн ардчилал- МЗХ- ны ерөнхийлөгч Л .Оюун-Эрдэнэ, тус холбооны гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын ,гишүүн Н.Ганбямба нар болон хэвлэл мэдээллийнхэн, бусад албаны хүмүүс хүрэлцэн ирснээр бидний аялал шуудрав. Хэнтий аймаг хүртэл хар замтай болохоор хоёр гуравхан цаг давхиад бид зорьсон газраа ирлээ.

 

Гэхдээ Өндөрхаан хотоос нааш хэсэг зам тун ч тааруу ажээ. Хэсэг яваад онгорхой цоорхой нүх тааралдаж аргагүй хурд сааруулахад хүргэнэ. Энэ хэсэг замыг Ардчилсан намаас тус аймагт байсхийгээд нэр дэвшдэг Н.Гарамгайбаатар захиралтай "Монроуд" компани хоёр гуравхан жилийн өмнө тавьжээ. Төрөлх нутагтаа муу зам тавьж чанаргүй хөрөнгө оруулалт хийсэн түүнд нутгийн зон олон ам муутай байна билээ. Харин Жаргалтхаанаас нааш тавьсан зам эвдрэл гэмтэл гайгүй ч тун нарийхан юм. Энэ замыг "Насны зам" компанийн хятадуудаар тавиулсан гэх. Хэнтий аймгийн төвд буунгуутаа МАН-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалангаас УИХ- ын гишүүн  Б.Бат-Эрдэнийн ахалсан багийг олж хамт ажиллах даалгавар авав. Энэ баг хаана байгааг Хэнтий аймгийн намын нөхдөөс асуувал баруун, баруун хойт чиглэлийн сумдаар тойрохоор Дэлгэрхаан сумыг зорьсон гэв. Аз болж аваргын араас "Хан-Хэнтий" чуулгын уран бүтээлчид хөдлөх гэж байгаатай тааралдаж тэдний фургон машинд чихэж аваад Дэлгэрхааныг зорилоо. Бидний хөлөглөсөн Хан-Хэнтий чуулгын гэх данстай машин их хуучирчээ.

Бүхээгтээ шатахуун тоймгүй үнэртэх юм. Хөөрхий, чуулгын бүсгүйчүүд шатахууны үнэрт тэвчихгүй байн байн бөөлжөөд... Ингээд Дэлгэрхаан суманд ирж шатахуун үнэртсэн чуулгын фургоноос бууж журмын нөхөдтэйгээ нийлэв. Манай багт МАН-ын "Ард түмнээ сонсъё" аяны багийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнээс гадна МАН-ын хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Цацрал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Ц.Лхагвасүрэн ХХААХҮЯ- ны Жижиг дунд үйлдвэрийн газрын тамгын газрын дарга Д.Алтангэрэл,Нийгмийн ардчилал МОХ-ны нарийн бичгийн дарга Д.Гантулга нар багтсан. Ийнхүү дагаж явсных энэ сарын 18-нд Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутаг Хар зүрхний Хөх нуурыг тахив. Их эзэн Чингис анх хаан ор суусан хэмээн түүх шастирт тэмдэглэсэн байдаг Хар зүрхний Хөх нуурыг төр засгийн болон орон нутгийн удирдлагууд жил бүр тахидаг уламжлалтай. Энэ жил уг тахилгад Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц шавь нарын хамт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ- ын гишүүн Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, НИТХ-ын дарга Т.Билэгт, НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан, болон албаны хүмүүс хүрэлцэн очсон байна.

Хар зүрх уулыг тахисан оройгоо бид Цэнхэрмандал суманд ирсэн юм. Б.Бат-Эрдэнэ гишүүн "ангийн анд" Ц.Батбаярыг хань татан Цэнхэрмандалын иргэдтэй уулзах уулзалтад ,хамт орсон. Ц.Батбаяр гишүүн Цэнхэрмандалын нэг иргэнийг 2-3 сар Энэтхэг Улсад англи хэл, компьютерийн сургалтад хамруулахаа амласан юм. Мөн Цэнхэрмандалынхан бүрэн хэмжээний хадлангийн салаатай болох, ЗДТГ-ын барилга МХГ-ын дүгнэлтээр ашиглах боломжгүй гэсэн тул шинэ байртай болох, 2010- 2011 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Соёлын төвийн барилгыг шинээр барьж өгөх зэрэг асуудлыг тавьсан. Б.Бат-Эрдэнэ гишүүн хариуд нь боломж байгааг дурдаад бага оврын сүүний үйлдвэр ч шинээр барьж өгөхөө амаллаа. УИХ-ын гишүүд хиймэл нуур байгуулж өгсөн. Энэ зун усны шувууд ирж хиймэл нууранд ганганаж гунганаад сайхан байгаа хэмээн иргэд талархлаа илэрхийлэв. Мөн олон малтай хүмүүс малчдаар малаа маллуулаад цалин хөлс ч олигтой өгөхгүй явуулчихдаг. Малчдад яаж тусалсан гэдгээр нь шалгаруулж авч үзсэн ч юмгүй улсаас сая төгрөгийн дэмжлэг аваад суугаад байдаг хэмээн хүний мал хариулдаг иргэд эздийнхээ талаар гомдоллосон юм. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрлэл явуулахад орон нутагт байрны хүрэлцээ муу ажээ. Эх орны хишгийн үлдсэн сая төгрөгөө аваад зээлээ төлнө гэж тооцоолоод тэтгэврийн хүмүүс олон сарын тэтгэврийн зээл авсан. Ажилтай хүмүүс ч олон сараар цалингийн зээл авсан. Иймээс Эх орны хишгийн сая төгрөгөө хурдан авмаар байна гэсэн хүмүүс олон.

Жаргалтхаан суманд Ардын намын үүрийн байр барих газрын асуудал маргаантай байгаа. Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга нь үйлчилгээний зориулалттай газар гэж шалтаглаад сонгосон газар дээр нь захирамж гаргахгүй байгаа ажээ. Мөн энэ суманд хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд. Олон арван жил болсон хуучин дүнзэн байшинг жаахан сунгаж өргөтгөөд цэцэрлэгийн хүүхдүүд хүмүүжиж байна. Жаргалтхаан сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн 11 нь Ардчилсан нам, 10 нь МАН-ынх. Иймээс Ардчилсан намаас Засаг дарга сонгогдож намчирхан элдэв зээл тусламж, төрийн үйлчилгээг Ардчилсан намынхандаа хүргээд МАН-ынхныг хаядаг болсон гэх.


Өмнөдэлгэр сум харин ч хаа очиж өнгөтэй өөдтэй байна. Энэ сум хоёр жил дараалан улсын тэргүүний сумаар шалгарчээ. Тэр бүр суманд байдаггүй нэг зүйл байсан нь "Өмнөдэлгэр" богино долгионы радио. Шууд нэвтрүүлэгт нь орж утсаар сумын иргэдийн санал бодлыг шууд сонсож байлаа. Харин Хурх тосгоныхны хувьд амьдрал тийм ч сайнгүй байна. 1981 онд Хурхын САА нэрээр байгуулагдсан энэ тосгон 2000 гаруй хүн амтай байсан ч одоо 1000 гаруй хүн үлдэж. Энэ САА-г тухайн үеийн Зөвлөлтийн буцалтгүй тусламжаар байгуулсан. Байшин барилгууд нь бахим, нүсэр. Гэвч хоосорч эзэнгүйдэхийн зовлонг бас л амсаад  эхэлжээ.Төвлөрсөн халаалтын шугамтай Сургууль, эмнэлэг, цэцэрлэг, захиргаа, соёлын төв гээд тавхан байгууллагыг халаадаг ганц уурын зуух нь жилд 100 сая төгрөгийг өлхөн залгидаг гэж байгаа. Гэвч халаалт доголдолтойн улмаас зарим байгууллага өөрсдөө нэмэлт зуух тавиад эхэлжээ.

Энэ суурингийн иргэд тариалан эрхлэх газар хүсэх. Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Н.Жав гэгч нөхөр өмнөөс нь цааргалах. Иймэрхүү байдалтай хүний "хомсдолд" орсон Хурх хэмээх тосгон хэзээ хүмүүс тал бүрээс хуран цуглаж, хөгжил цэцэглэлт ундрах бол хэмээн уйтгартайяа дүнсийж байна. Энэ сарын 22-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод "Ард түмнээ сонсъё аян"-ы хаалт боллоо. Хаалтын арга хэмжээнд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс гадна МАН-ын нарын бичгийн дарга Ц.Сүхбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Су. Батболд, ЭБЭХ-ний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригт болон зарим яамдын дэд сайд, агентлагийн дарга нар, аймгийн удирдлагууд оролцсон юм. Намын амьдралтай холбоотой нэгэн тулгамдсан асуудал байн байн яригдаж байсан нь намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтнуудын цалин урамшуулал. Мөн тус аймгийн зургаан сум намын байргүй олон сум сургууль цэцэрлэг, эмнэлгийн болон Тамгын газрын байргүй, аймгийн төвд л гэхэд Хүнс, хөдөө аж ахуйн газрын байргүй гэнэ. Бас ойн гүнд алт олборлодог нэг даварсан компанийн тухай ч дуулдав. Хэрлэн голын сав газрыг хамгаалах талаар ч иргэд байн байн ярьж байлаа. Түүнчлэн "Хэнтий аймгийн Чандганы нүүрсний уурхайг хувьчилснаар аймаг гал алдахад хүрээд байна. Хувь-чилж авсан хүмүүс нүүрсийг нь Хятадад гаргана гээд байна" гэсэн гомдол гарч байсан. Ийнхүү "Ард түмнээ сонсъё" аян өндөрлөж орой нь Хан Хэнтийчүүдэд "Чингис хаан" хамтлаг ая дууныхаа дээжийг өргөсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.