Хүүхдийн номын өргөөний нээлт боллоо
Чингэлтэй Дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ
2015.11.27

Хүүхдийн номын өргөөний нээлт боллоо

Энэ сайхан өв уламжлал үеэс үед өвлөгдөн ирсний илэрхийлэл болж  Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн номын өргөө үүд хаалга нээж байна. Энэхүү Хүүхдийн номын өргөө нь тус дүүргийн 3 дугаар хорооны цогцолборын 3, 4, 5 дугаар давхарт 3 танхимаас бүрдсэн Монголын өв уламжлалыг хадгалсан хэв загвар орчин үеийн шийдлээр тохижуулан Бүгд найрамдах Улсаа тунхагласан билэгт сайн өдөр нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Хүүхдийн Номын Өргөө байгуулсанаар техник, технологийн хөгжлийн эрин үе, даяаршиж буй ертөнцөд өсч хүмүүжиж буй хүүхэд багачууд маань Монгол өв уламжлал, Номын их хүмүүн Бямбын Ренчиний хэлсэнчлэн “Чихний чимэг болсон аялгуут сайхан Монгол хэлээ” унаган төрхөөр нь хадгалж үлдэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна. Тус Хүүхдийн Номын Өргөө нь Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тоноглогдсон анхны номын өргөө болж байна.

/МҮОНТВ/

Хүүхдийн номын өргөөний нээлтийн ёслолд Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бааст, Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, Шинжлэх Ухааны доктор, профессор С.Дулам тэргүүтэй Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт, Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй болон олон олон зохиолч яруу найрагчид хүрэлцэн ирлээ.

Дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын Албаны дарга Ц.Алтанцацрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хэлтэс албадын дарга нар, хамтын ажиллагаатай ТИКА Олон Улсын байгууллагын монгол дахь суурин төлөлөгч, дүүргийн иргэдийн нийтийн хурлын дарга нар, хорооны Засаг дарга нар, хорооны нийгмийн ажилтангууд, иргэний танхимын ажилчид, сургуулийн захирал нар, цэцэрлэгийн эрхлэгч нар, хүүхэд багачууд нийт 450 гаруй хүмүүс оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг номыг дүрсэлсэн бялуу хөндөн олон түмэнд  номын хишиг болгон нээлтэнд оролцсон бүх хүмүүст хүртээсэн нь хүүхэд багачуудын дуртай амтаар номын амтыг төлөөлүүлсэн төдийгүй хүрэлцэн ирсэн зочдын хувьд шинэлэг нээлт боллоо. Номын ордоны нээлтэнд ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид энэхүү өргөө нээгдсэн нь нийгэмд болон хүүхдийн хүмүүжил, оюун ухаанд юугаар ч үнэлэгдэшгүй том хөрөнгө оруулалт болжээ хэмээн өгүүлж байв.