Хятадаас нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар
2015.11.30

Хятадаас нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах  нэг тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

20 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй, эхний долоон жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх уг зээлийг УИХ-ын гишүүд дэмжиж байна. Харин энэ зээлийн санхүүжилтийг юунд зарцуулах талаар УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ санхүүжилтийг юунд зарцуулах вэ? Монгол Улсын өрийн хязгаарт багтаж байна уу?

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Зээлийн 70 хувийг Эгийн голын усан цахилгаан станц барихад зарцуулна. 30 хувийг Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах дэд станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж авах,мах боловсруулах үйлдвэр барих, Гачуурт Чойрын чиглэлийн зам барихад зарцуулна.

315 МегаВаттын хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц барихад 703.5 сая доллар зарцуулна. Энэ нь нийт зээлийн санхүүжилтийн 85 хувийг эзэлнэ. Үлдсэн 15 хувийг Монголын тал гаргана. Станцын дэд бүтцийн ажлууд эхлээд байна. Станцыг зургаан жилд барьж ашиглалтад оруулах бөгөөд станц 11 жилд өртгөө бүрэн нөхнө.

Эрчим хүчний чиглэлийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын өрд тооцдоггүй. 2015 онд өрийн босго 58.3 хувь байгаа. Энэ зээлийг авахад өрийн босго хэтрэхгүй гэв.

Эгийн голын усан цахилгаан станц барих тухай 2006 оноос хойш УИХ-аар гурван удаа, Засгийн газрын түвшинд мөн гурван удаа хэлэлцэгдэж байгаа төсөл. 2006 онд анх ТЭЗҮ-ийг хийсэн бол 2014 онд бүрэн шинэчилжээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Усан цахилгаан станцыг барина гэхэд Оросууд хэл ам гаргадаг. Энэ асуудлаар хойд хөрштэйгээ хэл амаа ололцсон эсэхийг тодруулав.

Сэлэнгэ мөрөн, Шүрэнгийн гол Байгаль нуурт цутгадаг учир усан цахилгаан станц барих асуудлыг ОХУ эсэргүүцэж ЮНЕСКО-д хандсан. Иймд олон улсын үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд Эгийн голд станц байгуулах нь Байгаль нуурын цутгаланд 0.023 хувь нь буюу үл мэдрэгдэх нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан. Оросууд Эгээс илүү Шүрэнгийн голд станц барихыг эсэргүүцдэг хэмээн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариулав.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Эгийн голын усан цахилгаан барих төслийн санхүүжилт анх 275 сая ам.доллараас эхэлсэн санагдаж байна. Гэтэл одоо 703 сая доллар болж, хэлэлцэх бүрт үнэ нь өсөөд байна.

Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр пропорциороо үнэ өсөх нь ойлгомжтой. Гэхдээ үнийн өсөлт илүү өндөр байгаа. Би мэргэжлийн хүн биш. Мэргэжлийн хүмүүстэй ярихад үнэ нь өндөр байна гэж хэлдэг. Тиймээс хөндлөнгийн аудит хийлгэх хэрэгтэй гэлээ.

С.Баярцогт: Анх 2006 онд 350.9 сая долларын өртөгтэй байсан бол өнөөдөр 827.6 доллар болж нэмэгдсэн. Анх 220 мегаваттын хүчин чадалтай төсөл байсан бол одоо 315 МегаВаттын хүчин чадалтай болсон.

Үнийн зөрүү 400 гаруй сая доллар болж байна. Энэ хооронд дэлхийн зах зээлд тоног төхөөрөмжийн үнэ 3.1 дахин өссөн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Нэг сая доллар гэдэг маш их хөрөнгө. Энэ хөрөнгө оруулалтын санхүүжилтэд гишүүд маш анхааралтай хандах ёстой. Зээлийн санхүүжилтийг шууд Эгийн голын станцад өгөх хэрэггүй.

Манайд өнөөдөр эрчим ийм хүчний хэрэгцээ шаардлага байхгүй. Түүний оронд Монгол Улсын эдийн засагт ашигтай аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй.

Эрчим хүчний сайд Д.Зоригт: Энэ станцыг барих болсон гурван гол шалтгаан байна. Нэгдүгээрт, манай улс оргил ачааллын үед 250 МегаВаттаар ОХУ-аас эрчим хүчээ авч, хэрэгцээгээ хангаж байгаа. Хоёрдугаарт, Эгийн голын станц 11 жил ажиллаад эхний хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа эрчим хүчний үнийн тохируулгыг Монгол Улсдаа хийх боломж бүрдэнэ.

Гуравдугаарт, Манай их хэмжээний усан сан бий болно. Энэ станц өөрийн орлогоор 20 жилийн хугацаанд зээлээ төлөх бүрэн боломжтой. Станцад шаардлагатай дэд бүтцийн ажлууд Концессийн гэрээгээр хийгдэж эхлээд байна гэв.

Н.Алтанхуяг: Энэ станц зургаан жилийн дараа ашиглалтад орно, 11 жилд өртгөө нөхнө гэдэг бүгд худлаа. Нэг тэрбум доллар гэдэг их мөнгө. Нэг тэрбум төгрөг биш шүү, гишүүд ээ. Зээлийн санхүүжилтийг аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд зарцуулах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Зээлийн хөрөнгөөр мах боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, хуучин үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын стандарт шаардлага хангуулах чиглэлийн ажилд зарцуулах юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд, Энэ бол Хятадаас 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэг. Нэг тэрбум долларыг юунд зарцуулах нь дараагийн асуудал хэмээн гишүүдэд анхааруулав.

Асуулт хариултын дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан энэ хуулийг баталснаар өндөрлөв. Чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 14.00 цагт үргэлжилнэ.