Цэц нь бохирдчихоор тунгалаг төрийн талаар ярих аргагүй
2015.12.03

Цэц нь бохирдчихоор тунгалаг төрийн талаар ярих аргагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ хуулийн гол зорилго нь айл өрхүүдийг орон сууцтай болгох гэж ойлгож байна. Олон улсын жишгээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан. Нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр тэргүүлдэг орны хувьд газар, үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг яагаад ойлгодоггүй юм бол” гэлээ.

 УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хүний амьжиргааны эх үүсвэртэй холбоотой асуудал яригдаж байна. Газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой, гэр хороололд амьдарч буй иргэд хашаа байшингаа барьцаалан зээл авч санхүүгийн асуудлаа шийдвэрлэдэг. Монгол улс даяараа  өрөөс өрийн хооронд л байна. Энэ асуудлыг нэг талаар хаачихвал хэн тэр хүмүүст зээл олгох юм бэ?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Цэц асуудалтай байгаа учраас оруулж ирж буй асуудалд нь гишүүдийн итгэл алдрахаас өөр аргагүй. Үндсэн хуулийн цэцийн гаргаж буй хуулийг нь УИХ шийдэн явбал Монголын төрд буян болно. Цэц нь бохирдчихоор цаашдаа тунгалаг төрийн талаар ярих аргагүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Сүүлийн 23 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцээр 140 удаагийн шийдвэр гарсан гэдэг тоо бий. Энэ шийдвэрүүдийн 40 нь сүүлийн гурван жилд гарсан. ҮХ-ийн цэц хийх ажилгүйдээ хүмүүсийн өгсөн өргөдөл гомдлыг ярьдаггүй байх. Цэцэд өргөдөл гаргасан хоёр хүнд маш их талархаж байна” гэлээ.

Харин үүний дараагаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх  асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан юм. Одоо УИХ-ын чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэлэлцэж байна.