Гантөмөр.Л 2015.12.03 | Телевиз: UBS

78 төсөлд 3.5 ТЭРБУМ төгрөгийн ТЭТГЭЛЭГ гардууллаа

78 төсөлд 3.5 ТЭРБУМ төгрөгийн ТЭТГЭЛЭГ гардууллаа

Дээд боловсролыг дэмжих 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг гардуулах ёслол өнөөдөр Бэст Вэстэрн зочид буудалд боллоо.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болоход оршино.

Уг төслийн хүрээнд анх удаа 2015 оны есдүгээр сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарлажээ. Тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн байна. Сонгон шалгаруулалтын дүнгээр есөн их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч 1,797,000,000 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авч байна. 

Харин байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн аж. Ингээд сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл шалгарсан байна. Байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч 1,661,880,300 төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг авлаа.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр “Тэтгэлэгт хамрагдсан сургууль, багш, судлаач, эрдэмтийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн чухал” болохыг онцоллоо.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр:

  • МУИС-17,
  • ШУТИС-24,
  • ХААИС-12,
  • АУШУИС-9,
  • МУБИС-4,
  • СУИС-2,
  • Отгонтэнгэр ИС-1,
  • МГТИС-2,
  • Улаанбаатар ИС-1,
  • Идэр ДС-1,
  • Хүмүүнлэгийн ухааны ИС-1,
  • Шинэ Монгол ДС-2,
  • МҮИС-1,
  • Ховд ИС-1 гэсэн нийт 14 сургууль эдгээр 78 төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажээ.