Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар нээлттэй сонсгол зохион байгуулав
Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар нээлттэй сонсгол зохион байгуулав
2015.12.04

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар нээлттэй сонсгол зохион байгуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт хоёр дахь удаагийн нээлттэй сонсголыг өнөөдөр /2015.12.04/ үдээс өмнө төрийн захиргаанны байгууллагууд, манай улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрууд болон олон улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулан Төрийн ордонд зохион байгуулав.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээлттэй сонсголын эхэнд хэлсэн үгэндээ, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын эхний үе шат 2015 онд дуусч, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 оны 9 дүгээр сард Тогтвортой хөгжлийн зорилтыг шинэчлэн баталсан. Манай улсын цаашдын хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч байгаа тул эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Иймээс Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн гишүүд, бие даагч гишүүд хамтдаа улс орны язгуур эрх ашгийн төлөө улс төрийн зөвшилцөлд хүрч, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын 2014 оны 60 дугаар захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулан Иргэний зориг ногоон нам, бие даагчдын төлөөллийг оролцуулан байгуулаад ажиллаж байна.

Уг ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг бүх яамдын төлөөлөл, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг гаргаснаар эхний шатны ажил дуусгавар болсон бөгөөд Улсын Их Хурлын даргын 2015 оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж ажиллаад “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ төслийг боловсрууллаа. Бодлогын баримт бичгийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан саналуудыг тусган сайтар нягталж боловсруулах үүднээс тус байнгын хороо, ажлын хэсгээс өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол зохион байгуулсан гэдгийг дурдав.

Энэ удаагийн нээлтттэй сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар нээж үг хэлэв. Тэрбээр Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг, түүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн идэвхтэй оролцоотойгоор нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж байж Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Улсын Их Хурлаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг саяхан хэлэлцэн баталж, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулсан харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн нь энэхүү бодлогын баримт бичгийн эрх зүйн орчинг бүрүүлж өгч байгаа юм. Өмнө нь Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын оролцоотой ажлын дэд хэсэг гарч бодлогын баримт бичгийн шинжлэх ухааны үндэслэлд түлхүү анхаарсан эхний хувилбарыг боловсруулсан. Улмаар шинэчлэн байгуулсан ажлын дэд хэсэг өмнөх хувилбар дээр үндэслэн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг улс орныхоо онцлог нөхцөл байдалд тулгуурлан боловсруулсны үндсэн дээр удаа дараагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү бодлогын баримт бичиг нь улс орныхоо хөгжлийн алс ирээдүйг харсан, дэлхий дахины хөгжлийн бодлого чиглэлтэй уялдсан, хэрэгжих бодит боломжтой, үнэлж дүгнэх тооцоо үндэслэлтэй баримт бичиг байх ёстой гэж ажлын хэсэг үзэж байгаа. Иймээс бодлогын баримт бичгийн төслийн талаар эрдэмтэн судлаачид, салбарын байгууллагууд, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагууд, түүнчлэн олон улсын байгууллагуудын төлөөллүүдийн байр суурь, санал бодлыг сонсож тусгах замаар улам чамбайруулах нь чухал гэж үзэж байгааг онцлов.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга, үзэл баримтлалын талаар танилцуулсан юм.

Манай улсын тухайд сонгуулийн дүнгээс хамаарч төрийн бодлого залгамж чанараа алддаг, үр дүнгүй бичиг цаас болж үлддэг явдлыг цэгцлэх, өмнө нь баталж хэрэгжүүлсэн Үндэсний хөгжлийн цогц бодлогод үнэлгээ дүгнэлт өгч, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тодорхойлж дэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Түүнчлэн өнгөрсөн намар НҮБ-аас 2030 он хүртэлх хугацааны Тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Энэ бүхэнтэй уялдуулж улс орны ирээдүйг харсан урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах үүднээс Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар 2015-2030 он хүртэлх Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурал баталснаар дээрх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой боловсруулсан нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж бүрт хүрсэн, үндэсний хэмжээнд тууштай, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Монгол Улс 2030 онд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, даяаршсан зах зээлд тогтвортой өсч байгаа олон салбартай, нээлттэй эдийн засагтай, нийгмийн хүрээнд орлогын тэгш бус байдлыг арилгаж, ядуурлаас бүрэн ангид, чинээлэг дундаж давхарга даваймгалсан, улс орноо алсын хараатай бодлогоор хөгжүүлдэг хариуцлагатай ардчилсан засаглалтай, боломжийг иргэн бүрт ижил олгож, бүтээлч үйл ажиллагааг дэмждэг, шударга өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн тунгалаг орчинтой,

унаган байгаль, экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон хөгжлийг эрхэмлэсэн улс болгох алсын харааг Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлж өгсөн гээд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, үзэл баримтлал нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 13 гол чиглэлээр 38 зорилтыг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцохоор тусгаж, хүрэх үр дүнг тодорхойлсон талаар танилцуулав.

Мөн Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, ажлын хэсгээс энэхүү бодлогын баримт бичгийн төслийн талаар эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн байгууллагууд, бизнесийн болон төрийн бус байгууллагууд, түүнчлэн олон улсын байгуллагуудын төлөөллүүд, иргэдийн саналыг авч төсөлд тусгах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээрээс гарсан саналыг судалж нэгтгээд бодлогын баримт бичгийн төслийг ирэх сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Энэ удаагийн нээлттэй сонсголд оролцож байгаа олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг төлөөлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман үг хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ, тус байгууллага нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах ажилд хамтран ажиллаж техникийн туслалцаа үзүүлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү бодлогын баримт бичгийн төслийн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж буйд талархаж буйгаа хэлэв. Мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төсөл нь энэ оны 9 дүгээр сард НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт суурилж байгаа нь сайшаалтай юм.

Түүнчлэн Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан нь энэ бодлогын баримт бичиг хэрэгжих үндэс суурь болж буйгаараа ач холбогдолтой гэж үзэж байгаагаа хэлээд хөгжлийн бодлогын гурван гол салбар болох нийгэм, эдийн засаг, байгаль орчны зорилтууд нь нягт уялдаатай байж, иргэдийн тэгш хүртээмжтэй байдлыг хангахад үр өгөөжөө өгөх тул эдгээрийг тэнцвэртэй авч үзэж, хэрхэн хэрэгжүүүлэхэд анхаарах чухал. Түүнчлэн НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, энэ том зорилтыг улс орон дангаараа хэрэгжүүлэх нь хүндрэлтэй тул бусад оронтой хамтран ажиллахад анхаарах нь зөв юм гэдгийг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө чиглэлтэй болоход цаашид хамтран ажиллах болно гэдгээ хатагтай Биате Транкман илэрхийлсэн юм.

Дараа нь ажлын дэд хэсгийн гишүүн, судлаач Ч.Хашчулуун “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/”-ын талаар танилцуулав. Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогоос Тогтвортой хөгжлийн бодлого руу шилжиж, хөгжлийн шинэ үзэл баримтлал боловсруулж дэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэхдээ хуулийн дагуу, хөгжлийн дунд болон богино хугацааны бодлоготойгоо уялдуулж урт хугацааны цоо шинэ бодлогыг хуулийн хүрээнд анх удаа батлах гэж байгаа нь түүхэн онцлогтой юм гэдгийг хэлэв.

Тэрбээр Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг эдийн засгийн дундаж өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, ядуурлын түвшин, улс орны өрсөлдөх чадвар зэрэг 25 үндсэн үзүүлэлтээр тодорхойлохоор авч үзсэн.

Урт хугацааны бодлого нь олон нийтэд нээлттэй, ахиц дэвшил, үр дүн нь хэмжигдэхүйц байх юм гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах үндэслэл, эрх зүйн орчин, сорилт, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хамрах хүрээ, төлөвлөлтийн зарчим, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын шалгуур үзүүлэлтүүд, хүрэх дүн, түүний хэрэгжилтийн зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар нээлттэй сонсголд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж.

Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана. Түүнчлэн засаглалын хүрээнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, төрийн алба нь цэвэр тунгалаг, хариуцлагатай, ардчилсан иргэний нийгмийн засаглал төлөвшинө гэсэн судалгааны тооцоо хийсэн байна.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан нээлттэй сонсголд оролцсон төрийн захиргааны байгууллагууд болон олон улсын зарим байгууллагын төлөөлөл санал бодлоо хэлж, байр сууриа хуваалцлаа.