Ганбат.Д 2015.12.09 | Сонин: Ардын эрх

Шоронжсон хуулийг халж, энэрэнгүй Эрүүгийн хуультай боллоо

Шоронжсон хуулийг халж, энэрэнгүй Эрүүгийн хуультай боллоо
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат

Эрүүгийн болон Зөрчлийн хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-1986, 1993, 2002 онуудад Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, сайжруулсаар ирсэн. 13 жилийн дараа ийнхүү батлагдсан Эрүүгийн хууль өмнөх хуулиас хэрхэн сайжирч, яаж өөрчлөгдсөн бэ?

-Эрүүгийн хуульд 2002 оноос хойш нийт 10 удаа энэ хуульд өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ одоогийнх шиг зарчмын шинжтэй өөрчлөлт хийж байгаагүй. 2002 оны хууль нь тухайн үеийн социалист нийгмийн хэв шинжийг тодорхой хэмжээнд агуулж байсан. Үүнийг одоогийн хууль өөрчилж чадсанаас гадна олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нийцүүлж, гэмт хэргийн загвар хуульд заасан нэр томъёо, хууль зүйн техникийг ашигласан хууль болсон. Өөрөөр хэлбэл, шоронжсон гэж яригдаад байгаа 2002 оны хуулийг халж, өнөө үеийн дэлхий нийтийн чиг хандлага, стандартад нийцсэн Эрүүгийн хуулийг баталж чадлаа.

-2002 онд баталсан Эрүүгийн хуулийг тухайн үед хуульчид болон судлаачид өмнөх хуулиас илүү боловсронгуй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан хууль боллоо хэмээн сайшааж байсан. Гэтэл одоо нөгөө магтаад байсан хуулиа бүр “шоронжсон” гэж нэрлээд байх юм. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?

-Шоронжсон гэж яриад байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ гэхээр, ял эдэлж байгаа хүний тоог нийт хүн амтай нь харьцуулахад харьцангуй өндөр гарч байгаа учраас тэр. Мөн Монголын төр энэ оныхтой ниилээд зургаан удаа Өршөөлийн тухай хууль гаргаад байна. Ардчилсан тогтолцоонд шилжээд 20 орчим жил болж байна. 3-4 жилд нэг удаа өршөөдөг гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Ер нь Өршөөлийн хууль гаргана гэдэг чинь тийм ч сайн зүйл биш шүү дээ.

-Дахиад 3-4 жилийн дараа Өршөөлийн хууль гарч магадгүй гэсэн үг үү?

-Одоо бид маш сайн Эрүүгийн хууль баталчихлаа. Түрүүн хэлсэн шүү дээ шоронжсон гэдгийг нь халж чадсан. Тэгэхээр дахиж Өршөөлийн хууль тийм ч амархан гаргаад байхгүй байх.

-Шууд хорих ял тулгахаас татгалзана гэж ойлгож болох уу?

-Өмнөх хуулиар юун түрүүнд хорих тухай авч үздэг байсан. Харин энэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнд таван төрлийн ял оноохоор болоод байгаа. Үүнд, торгох, нийтэд тустай ажил, хөдөлмөр хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, гэрийн хорио болон эрх хасах гэсэн зүйлүүд багтана.

-Гэрийн хорио гэх нэр томъёо шинээр орсон байна?

-Тийм. Гэрийн хориотой холбогдуулаад хэлэхэд таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Тодруулбал, аль чиглэлийн унаагаар, хаагуур явж, хэнтэй уулзах эрхгүй зэргийг нь зааж өгнө. Техник, технологийн хөгжилд суурилан, тухайн хүнийг GPS ашиглан хянах, цахим гав зүүх зэрэг боломж бий. Ингэснээр тухайн ял эдэлж байгаа хүн ажил хөдөлмөр хийж хохирлоо барагдуулах боломжтойгоос гадна, хамгийн гол нь үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байх юм. Хэрвээ ялтан зааж өгснөөс өөр чиглэлд явах, хориглосон хүнтэй уулзах зэргээр зөрчил гаргавал гэрийн хорио нь хорих ял болон хувирна. Ийм төрлийн ял эдлүүлэх арга дэлхийн ихэнх улсад байдаг. Одоо Монголд бий боллоо.

-Цахим гав хэрэглэх тухай Эрүүгийн хуульд заачихсан байгаа юу?

-Эрүүгийн хуулийг дагаад хэрэгжүүлэх процессын хуулиуд батлах шаардлагатай. УИХ тэр хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс хэлэлцүүлгийн   шатанд тодорхой заагаад, тусгагдаад явна.

-Эрүүгийн   хуулийн шинэчилсэн найруулгыг заалт тус бүрээр нь ярих юм бол нэлээд их хугацаа шаардагдана. Тиймээс олны анхаарлыг татсан цөөн хэдэн зүйлийг тусгайлан асууя гэж бодож байна. Хамгийн эхэнд асуух зүйл бол ялыи бодлого. Энэ хэрхэн өөрчлөгдсөн бэ, энэрэнгүй гэж хэлэлцүүлгийн үеэр нэрлээд байсан?

-Яг одоо мөрдөгдөж байгаа хуулиар ял оноох дөрвөн ангилалтай байгаа. Хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж. Үүнийг нь Засгийн газраас өргөн барьсан төсөлд ердийн болон хүнд гэж өөрчилж оруулж ирсэн ч ажлын хэсэг, УИХ- ын чуулган болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ярьж байгаад ямар ч ангилал байх шаардлагагүй гэж үзсэн. Үүнээс гадна цаазаар авах ялыг хасч баталлаа. Ингэснээр Монгол Улс цаазын ялгүй 103 дахь орон болж бүртгэгдсэн. Өмнө нь цаазаар авахаас татгалзах гэрээ, конвенцод нэгдсэн ч албан ёсоор Эрүүгийн хуулиасаа хасч чадаагүй байсан юм.

Гэхдээ бүх насаар нь хорих ял мэдээж байгаа. Ингэж хорихдоо мөн хамгийн наад хугацаа нь 25 жилийн дараа ялыг нь дахин авч үзэх боломжтой болгож өгсөн. Нэмж хэлэхэд хорих ялын хугацаа нь гэмт хэргийн төрлөөсөө хамаараад долоо хоногоос 20 жил хүртэл байх юм.

-Хорих ялтай холбогдуулаад асуухад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн этгээд хохирлоо барагдуулсан тохиолдолд заавал хорьж, биеэр нь ял эдлүүлэхгүй гэж хуульд заажээ. Мөн давтан хэрэг үйлдсэн бол ялыг нь хүндрүүлэхгүй гэсэн үү?

-Давтан гэмт хэрэг үйлдвэл ялыг нь хүндүүлж авч үздэг байсан тогтолцоо өөрчлөгдөж байгаа. Тухайн хийсэн гэмт хэрэгтээ л ял эдлэх ёстой. Түүнээс өмнө нь ийм гэмт хэрэг үйлдэж байсан гээд нэмж ял авах нь буруу шүү дээ. Харин гэмт хэрэг үйлдсэн ч, хохирлоо барагдуулсан бол тухайн ялын хэмжээг нь хоёрны нэгээс, дөрөвний нэг хүртэл хувиар хасах тухай заасан байгаа. Мөн таван жилээс дээш хугацаагаар хоригдох ял авсан бол тэнсэнгээр суллагдах боломжгүй.

-Давтан гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл, заалт нь хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх нэг нөхцөл болдог гэж үздэг. Гэвч үүнийг нь хасчихаар “давтангаар ял шийтгэл нэмэгдэхгүй юм чинь” гэсэн ойлголт бий болох эрсдэлтэй юм биш үү?

-Удаа дараа ч гэх юм уу, түүнийгээ амьжиргааны гол хэрэгсэл болгосон бол хүндрүүлэх заалтууд хуульд бий. Түүнээс давтан гэмт хэрэг хийсэн гээд хүидрүүлж яллах нь буруу.

-Хохирлоо барагдуулсан бол заавал хорих шаардлагагүй гэх заалт нь гэмт хэргийн бүх төрөлд үйлчлэх үү, онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн бол яах вэ. Тодорхой хязгаар байгаа юу?

-Хохирлоо барагдуулсан гэдэг нь эдийн засгийн талаасаа. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн бол мэдээж хэрэг зохих хэмжээний ял эдэлнэ. Одоо хэрэгжиж байгаа хуулиар хохирлоо барагдуулсан ч, барагдуулаагүй ч ял эдэлдэг учраас хохирол барагдуулахгүй байх тохиолдол нэлээд гарч байсан. Үүнийг өөрчилсөн. Мөн дагаад Хохирлын сангийн тухай хууль яригдах ёстой. Энэ хуулиар Хохирлын сан гэж тусад нь байгуулна. Тус сангаас хохирогчдын хохирлыг аль болох хурдан барагдуулаад, буцаад гэм буруутай этгээдээс тухайн мөнгийг нөхөж авах юм. Энэ хууль процессын хуулиудтай хамт батлагдах ёстой.

-Иргэнд хүлээлгэх хариуцлага ийм байгаа бол хуулийн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх зохицуулалт тусгагдсан бэ?

-Эрүүгийн хуулинд хуулийн этгээд гэж заасан байгаа. Өмнө нь байгаагүй. Хуулийн этгээдэд ямар ял оноох гэдэг дээр хэд хэдэн зүйл бий. Торгох, эрх хасах, татан буулгах гэх мэт. Татан буулгах нь хоёр үйлдэл дээр бий. Алан хядах ажиллагаа үйлдэх, түүнд бэлдэх гэж. Торгохдоо 800 сая хүртэл төгрөгөөр торгоно.

-Байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн буюу экологийн сүйрэл үзүүлсэн компанийг татан буулгах заалт Засгийн газраас орж ирсэн. Тэр байгаа юу?

-Засгийн газраас орж ирсэн ч ажлын хэсэг болон УИХ-ын чуулганы хуралдаанаар ярилцаад хассан. Яагаад гэвэл энэ зүйл, заалтад хамааруулан аж ахуйн нэгжийг маш олноор татан буулгах тохиолдол гарч магадгүй гэдэг үүднээс сэргийлсэн.

-Насанд хүрээгүй хүүхдийн ялын бодлого өөрчлөгдсөн байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насныханд дараахь ялыг онооно. Нэгдүгээрт, нийтэд тустай ажил хийлгэх, хоёрдугаарт, зорчих эрхийг хязгаарлах гуравдугаарт, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорино. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар насанд хүрсэн хүмүүс болон хүүхдийг адилхан хорих ялаар шийтгэдэг бол энэ хуулиар зааглаж, ялгаж өгсөн. Хүүхдийг аль болох хорихгүйгээр хүмүүжүүлэх, сургалт хичээлд явуулах зэрэг бодлого явна.

-Одоо манайд хүүхдийн хорих анги гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хуулиар хүүхдийг хорихгүй гэж заасан учраас хүүхдийн хорих анги байхгүй болно гэсэн үг үү?

-Хүүдийн хорих анги гэж байхгүй болно. Харин хүүхэд хүмүүжүүлэх тусгай байгууллага бий болох юм. Шорон гэх ойлголтоос арай өөр ч, мэдээж тодорхой хэмжээнд тусгаарлана. Насанд  хүрэгчдийг\ хорьдог шиг байдлаар хүүхдэд хандахгүй гэсэн үг.

-Эрүүгийн хууль батлагдсаны маргааш Зөрчлийн хуулийг УИХ хэлэлцэн баталсан.       Энэ хоёр хуулийг нэг шугамд барих нь ямар ач холбогдолтой юм бэ. Мөн яаж холбогдож байгаа вэ?

-Зөрчлийн хуулийг бага эрүүгийн хууль гэж нэрлэж болно. Зөрчлийн хууль нь хуучнаар   Захиргааны хариуцлагын тухай хууль шүү дээ., Энэ хуулиар одоо бол салбар салбарын хуулиудад зөрчил гаргасан этгээдийг шийтгэхдээ 210 гаруй хуулийг хамааруулдаг байсан. Үүнийг базаж, тухайн 210 гаруй хуулийг нэгтгэн Зөрчлийн хууль болгож байгаа.

-Гэмт хэргийн хуулиас гэмт хэрэг биш зөрчил гэж үзэхээр зүйл заалтууд Зөрчлийн хуульд орсон уу?

-Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор эрүүгийн хэрэг түүнд хүлээлгэх, ял албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагааг зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл хүлээлгэх асуудлыг Зөрчлийн тухай хуулиар торгох, эрх хасах гэсэн ангилал мөн орж ирсэн. Эндээс эрх бүхий албан тушаалтнаас оногдуулах мөнгөн хэлбэрийг торгох шийтгэл гэж тодорхойлоод, нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцүү байхаар тусгасан. Мөн торгох шийтгэлийг зөрчлийн шинж, хохирлын хэмжээг харгалзан, иргэнд 10-10,000 нэгжтэй, хуулийн этгээдэд 100-50,000 нэгжтэй тэнцэх төгрөг гэж тодорхойлсон юм.

Гэмт хэргээс зөрчил рүү оруулсан заалтад хүн гүтгэх тухай асуудал багтсан гэж Хууль зүйн сайд хэлсэн?

-Энгийн гүтгэлэг нь Зөрчлийн  хуульд хамаарна. Энд ялангуяа сэтгүүлчдийн бичсэн мэдээ, нийтлэл нотлогдоогүй бол Зөрчлийн хуулиар  шийтгэнэ. Харин Эрүүгийн хуульд  гурван зүйл  заалт орсон. Үүнд, сонгуулийн үеэр зориуд гүтгэвэл Эрүүгийн хуульд хамааруулан ял шийтгэл онооно. Түүнчлэн шүүх, прокурорын байгууллага буруу шийдвэр гаргасан тохиолдолд болон мөрдөн байцаалтын үеэр хуурамч бичиг баримт, бусад зүйлээр гүтгэвэл мөн Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ.

-Эрүүгийн хуулийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа оруулж ирсэн. Гэвч дараагийн саид нь уг хуулиин төслийг эргүүлэн татчихаад, буцаан өргөн барьсан. Ямар шалтгаантай юм бол, хуульд өөрчлөгдсөн зүйл байгаа юм уу?

-АН-ын мөрийн хөтөлбөрт хууль, эрхзүйн орчныг сайжруулна гэсэн байгаа. Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайд байхдаа Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн хуулийг өргөн барьсан. Харин дараагийн сайд нь Эрүүгийн хууль гэж нэрийг нь өөрчлөн оруулж ирсэн. Ингэж өргөн барихдаа процессын хуулийг хамтад нь байсныг тус тусад нь болгохоор болж, татаж аваад, дахин өргөн барьсан. Зарчмын хувьд нэг чиглэлтэй.

-Таны хэлснээр бараг ялгаагүй, зарчмын хувьд нэг чиглэлтэй хуулийг заавал татаад, буцаж оруулж ирэх шаардлага байсан юм уу, ганцхан процессын хуулиудтай холбоотой гэж харахад хэцүү юм?

-Түрүүн хэлсэнчлэн гүтгэх гэмт хэргийг эрүүгээр шийдэх үү, зөрчилд хамааруулах уу гэх мэт зүйл заалтыг өөрчилсөн. Мөн Зөрчлийн хуулийг ярьж байхад, жишээ нь, биеэ үнэлэгчийн асуудал дээр биеэ үнэлэгчийг шийтгэх үү, түүний төлөө мөнгө төлж байгаа хүнийг шийтгэх ёстой юу гэх мэт асуудлыг ярих ёстой байсан. Дэлхийн жишигт бол биеэ үнэлэгч бус түүний төлөө мөнгө төлж байгаа хүнийг шийтгэдэг юм билээ. Гэх мэт зүйл, заалтууд ажлын хэсэг дээр орж ирж байсан.

-Түрүүнд процессын хуулиуд гэж ярьсан. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол механизм нь процессын хуулиуд гэж хэлж болно. Хэрвээ батлагдахгүй бол дээрх хоёр хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүйд хүрнэ. Тэгвэл хууль ирэх оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээс өмнө одоогийн парламент тэр процессын бусад хуулиудыг баталж амжих болов уу. Чадахгүй бол дараагийн парламент өмнөхийнхөө бодлогыг үргэлжлүүлдэггүй муу практик бидэнд бий шүү дээ?

-УИХ-ын үндсэн ажил бол хууль тогтоох. Тиймээс ажлаа хийх ёстой. Ямартай ч Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсан нь маш том алхам боллоо. Ингэж баталснаар УИХ ч дээрх хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа гэдгийг харуулж байна. Нийгэм ч шаардаж байна. Тэгэхээр дагасан бусад процессын хуулийг батлах бүрэн боломж байгаа гэж хэлж болно. Бидний гаргах шийдвэр ард түмний амгалан тайван, аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг энд бас онцолъё.